Оросын компани “ЖАСТ ОЙЛ” компани болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ

3b62a2e750866874bigНэгэнт чимээгүй болоод байсан “Жаст Ойл”-той холбоотой өрийн асуудал ахиад сөхөгдөх нь бололтой.

Оросын “Petrovector Energy”  ХХК-ийг үүсгэн байгуулагч Антон Васильевич Самохвалов гэгч эрхэм нь Монголын Цагдаагийн Ерөнхий газарт хандан “Жаст Ойл” компанийн захирал асан Ш.Батхүү ба Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилтнууд болох зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргажээ. Энэ тухайгаа манай редакцын цахим шуудангаар явуулжээ. Захидалд дурдсан мэдээллийг дараагийн дугаарт холбогдох албаны хүмүүсээс тодруулан хүргэх болно.
Нэлээд бухимдсан өнгө аястай энэхүү гомдлын товч агуулгыг хүргэе.

““Petrovector Energy” ХХК нь 2013 оны гуравдугаар сарын 4-нд “Жаст Ойл” ХХК-тай 2 635 838, 00 ам.долларын дизель түлш нийлүүлэх тухай гэрээг байгуулж, гэрээ ёсоор түлшээ нийлүүлсэн ч “Жаст Ойл” ХХК нь төлөх ёстой мөнгөний өчүүхэн хэсгийг өгөөд  2 315 838, 00 ам.долларыг өгөлгүй манайхны ярьдгаар “муриад” алга болсон. Иймд Оросын компани нь Монголын хуулийн дагуу авах ёстой мөнгөө авч чадахгүйд хүрэхдээ Лондоны олон улсын арбитрын шүүхэд хандсан аж. Лондоны олон улсын арбитрын шүүх нь 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Монголын “Жаст Ойл” ХХК-ийг Оросын “Petrovector Energy”  ХХК –д үндсэн өр болох 2 315 838,00 ам.доллар, шүүхийн зардлын 14 846, 94 фунт стерлинг, төлөөлөгчдийн зардал гэж 20 000,00 фунт төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргажээ.

Олон улсын шүүхийн шийдвэр нь эцсийнх бөгөөд давж заалдах боломжгүй байсан төдийгүй “Жаст Ойл” ХХК-ийнхэн анхнаасаа өрийн хэмжээг хүлээн зөвшөөрөөд шүүхийн шийдвэрийг өөр ямар нэг олон улсын шүүхэд хандан давж заалдаг оролдлого хийгээгүй тухай “Petrovector Energy”  ХХК-ийг үүсгэн байгуулагч Антон Васильевич Самохваловч дурдаад ийн бичсэн байна.
“2014 оны долдугаар сард Лондоны олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэхийг хууль ёсоор зөвшөөрсөн бөгөөд өр барагдуулах ажлыг эхлүүлсэн.

2014-2015 онд Монгол улсын Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх ерөнхий газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар өр төлөх компанийн өмч хөрөнгө, түүний дотор янз бүрийн банкуудын дансан дахь мөнгө зэргийг илрүүлэн тогтоох, нэхэмжлэх арга хэмжээг авч явуулсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар нь шүүхийн шийдвэрийн дагуу өрийг барагдуулах ямар нэг бодит арга хэмжээг цаашид авч явуулаагүй. Одоо “Жаст Ойл” компанитай холбоотой ажлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дэд хурандаа Даваадорж хариуцаж байгаа.

Өр барагдуулах ажлын хавтаст хэрэгт хөрөнгө мөнгийг эрэн сурвалжлахтай холбоотой албан ёсны асуулгууд байгаа ч хийгдсэн арга хэмжээ, хурааж авсан мөнгөний дүнгийн талаар мэдээлэл үгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой атал өрийг барагдуулахтай холбоотой арга хэмжээ авалгүй ил цагаан юу ч хийхгүй байгаа нь нэр дурдагдсан албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шалтгаан болох ёстой гэж тус компанийн зүгээс үзэж байна.

“Жаст Ойл” ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал Д.Энхцэцэг /утас: (976)93….1/ нь өрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад болж байна. Арилжааны компанийн албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд саад тотгор учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах заалт хуулинд байдаг. Д.Энхцэцэг нь 2016 оны есдүгээр сарын 12-нд утсаар ярих үед Оросоос нийлүүлсэн дизель түлшийг хүлээн авах ажилд өөрөө оролцоогүй тул өр барагдуулахтай холбоотой бүх асуудлыг тус компанийн захирал асан Ш.Батхүү шийдэх ёстой гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэр барагдуулах газар өгсөн гэж мэдэгдсэн. Улмаар 2 315 838,00 ам.долларын өрийн асуудал “Жаст Ойл” ХХК-д ямар ч холбогдолгүй гэж тайлбарласан. Шүүхээс гаргасан шийдвэрийг бүх иргэд, түүний дотор арилжааны компаниудын удирдлага ч заавал дагаж хэрэгжүүлэх ёстой байдаг.

“Жаст Ойл” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нь импортоор оруулж ирсэн дизель түлшийг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр дээр буулгасан болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар тогтоосон. Үүний дараа тэд Оросын нийлүүлэгчтэй бүх төлбөр тооцоогоо дуусгах ёстой байсан атал мөнгийг хувийн зорилгодоо ашигласан байна.

“Жаст Ойл” ХХК нь “Магнай Трейд” ХХК, “МТ Петролиум” ХХК,  банкууд болон бусад байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг. Мөн Монголын зарим банк ба зээлийн байгууллагууд өртэй “Жаст Ойл” ХХК-ийн мөнгийг хураах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын хууль ёсны шийдвэрийг гүйцэтгээгүй.
Иймд Оросын Холбооны Улс ба Монгол улсын хооронд 1999 оны дөрөвдүгээр сарын 20-нд байгуулсан “Эрүүгийн ба иргэний хэргийн дагуу эрх зүйл тусламж үзүүлэх, эрх зүйн харилцааны тухай хэлэлцээр”-ийг ба Монголын улс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хуулиудын дагуу энд нэр дурдагдсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Оросын компанид өгөх ёстой мөнгийг төлүүлэхэд туслахыг хүсч байна” гэж имэйлд дурджээ.

Асуудлын үнэн бодит байдлыг хангах үүднээс хатагтай Д.Энхцэцэгийн утас руу залгасан ч утсан дээрээ байхгүй, тайлбар өгөх боломжгүй гэснийг хэлье.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих