ҮЗХ өнөөдөр хуралдаж чадах уу, хэрэв хуралдаж чадвал ҮЗХ дээр олонхыг цуглуулаад буй МоАН-ыг яаж аргалах вэ

45fad159-fc76-430c-9dc2-26d2f758062eАН-ын ҮЗХ өнөөдөр хуралдахаар төлөвлөсөн. Тодруулбал, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан хурлыг эс тооцвол сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ҮЗХ хуралдаж чадсангүй. АН-ын даргын төлөөх тэмцэл туйлдаа хүрч намын нөхөд нь арга ядсандаа хурлаа хийж чадахгүй элдэв шалтаг тоочиж хуралдуулахгүй суусаар байна.

Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын шинэчлэл болон намын даргын асуудлыг элдэв улстөржилтгүйгээр ярина хэмээн АН-ын эрх бүхий лидерүүд ам булаалдан ярилцаж байна. Гэвч өнөөдрийг хүртэл тэдний туулж ирсэн зам АН-ыг улстөржилт, фракц бүлэглэлийн хуваагдалгүйгээр хурлаа хийнэ гэдэг бол үлгэр гэдгийг хангалттай нотлон харуулсан билээ. Улстөржилт нь ч шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн эхэлсэн. Л.Болд тэргүүтэй МоАН-ынхан өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахад гар бие оролцсон 15 гишүүнтэй хариуцлага тооцох нь зүйтэй. “Би АН-ын бэлтгэгдсэн улстөрч” гэх зэргээр өөрийгөө өргөмжилж намын дарга болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдгээ нээлттэй зарлаж байна.

Нөгөө талд Л.Гантөмөр ч гэсэн намын даргад өөрийгөө зүтгүүлэхээ илэрхийлж байгаа. Үүн дээр нэмэгдээд Ерөнхийлөгчийн зүгээс П.Цагааныг хүчтэй зүтгүүлж магадгүй гэсэн таамаг явж байна. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн даваа гарагт Н.Алтанхуяг мэдэгдэл хийж Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлэв. Хувь хүний шийдвэрээр хэзээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахгүй. Ялангуяа АН-ынхан. Тиймээс энэ үйл явдлын цаана өнөөдрийн ҮЗХ дээр Н.Алтанхуяг буцаад намын даргаа авахаар тохироо хийсэн байх магадлал өндөр юм. Үүнээс гадна намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, одоо намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Д.Эрдэнэбат нар санаатай байгаа. Гэхдээ арай л хүчин мөхөсдөх байх. Хамгийн сүүлийн хүчтэй хүн бол яалтчгүй Э.Бат-Үүл баатар. Харин түүнийг намын даргад нэр дэвшүүлэхгүй байх процесс сүүлийн хоёр сард өрнөсөн. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй яллагдагчаар татсан нь намын даргад тэмүүлэх хүслийг нь мохоож буй бололтой. Сүүлийн хэд хоногт элдэв амбиц хийсэнгүй.

Өнөөдөр хэрвээ АН-ын ҮЗХ товлосон цагтаа, товлосон газраа болж чадаж гэмээн эдгээр хүмүүсийн хооронд “дайн” болно. Гэхдээ намдаа болон фракцдаа гомдогсдыг цуглуулсан Л.Болд, Г.Батхүү тэргүүтэй МоАН нэгдлийнхэн ҮЗХ дээр арай олонхыг “базах” хандлага бий гэдгийг эх сурвалжууд онцолж буйг мартаж болохгүй.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Лу.Болдын тэргүүлсэн “МоАН санаачлага” дээр “Нэг  Ардчилал” нэмэгдээд нийтдээ ҮЗХ-ны гишүүдийн 130 орчмыг “базаж” чаджээ. Харин нөгөө талд “Алтангадас” болон “Шонхор”-ынхон хоорондоо учраа ололцохгүй тус тусдаа байгаагаас үүдэж ҮЗХ-г хуралдуулж чадахгүй байгаа юм. Хэрэв энэ байдлаараа ҮЗХ-г хуралдуулбал “МоАН санаачлага” хүч түрээд Лу.Болдыг намын даргаар томилох магадлалтай учраас ийнхүү асуудлыг хойшлуулж, сунжруулж буй нь тодорхой боллоо гэх яриа АН дотор гарах болов. МоАН-ынхан ҮЗХ-ны гишүүдийн 130 гаруйг өөртөө нэгтгэж чадаагүй байлаа ч гэсэн 50+1 саналын эрхтэй гэдэг нь баттай юм.

Энэ мэтээр АН-ын ҮЗХ дотор шинэ уур амьсгалыг машид хүсэж байгаа нь илт байна. Гэвч З.Энхболд намын дарга байхдаа “бүтээн байгуулсан” Гүйцэтгэх зөвлөлийг “Шонхор” фракцынхан базаж байгаа болохоор хаашаа ч хөдөлж чадахгүй байсаар байна.

Тийм ч учраас бусад фракцынхан ҮЗХ-г өнгөрсөн зунаас хойш намын даргын асуудлаар хуралдуулахгүй элдэв шалтаг гаргаж хойшлуулсаар ирсэн билээ. Тиймээс өнөөдрийн ҮЗХ хуралдах уу, гишүүдийнх нь ирц хүрэх үү асуулт зайлшгүй гарч ирээд байна. Ер нь АН-ын даргын төлөөх тэмцлийн гол гурван “тоглогч” нь “Шонхор”, “МоАН санаачлага”, “Алтангадас” фракцууд болон тунав. Харин Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракцынхан гол тоглогчоор бус туслагчийн байр сууринаас оролцож буй гэнэ. “МоАХ”-ынхан “Шонхор”-той нэлээд ойрхон байгаа бөгөөд бараг л нэгдмэл болсон ч гэх яриа байна.

ҮЗХ-ыг хуралдуулахгүй хойшлуулсанаар ҮЗХ-ноос сонгогдсон намын даргыг их хурлааасаа баталгаажуулдаг байсан хуучин дүрмийг өөрчилж ҮЗХ-г татан буулгаж намын даргын сунгаа явуулж бүгдийг их хурлаасаа шийддэг болохоор зэхэж буй юм. Өчигдөр намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат MN25 телевизийн ярилцлагад орохдоо ч гэсэн энэ санааг удаа дараа илэрхийлж байлаа. Ийм байдлаар намын даргаа авахгүй бол ҮЗХ дээр яалчгүй МоАН илүүрхэх хандалга ажиглагдаад байна.

Б.Анир


URL:

Tags: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.