Хуучны “танил” ДОТООД СУНГАА

an namАрдчилсан намын ҮЗХ-ны хурал уламжлал ёсоор “найр тараасан” хурал болно гэсэн хүлээлт талаар өнгөрлөө.

Анх УИХ, орон нутгийн сонгуульд бүрэн хэмжээний ялагдал хүлээснийхээ дараа буюу дөрвөн сарын өмнө хуралдсан ҮЗХ “Маргааш эргэж цуглаад үргэлжлүүлье” гээд түр хугацаагаар завсарласан билээ. Нэг өдрийн дараах “болзоо”-ндоо тэд нэгэн улирлыг дуусгаад ирцгээсэн нь өнгөрсөн лхагва гарагт Төрийн ордонд болсон ҮЗХ-ны хуралдаан.

Дунд нь таван удаа тов тогтоосон ч, тодорхойгүй, эсвэл цаг үеийн нөхцөл байдал тохиромжгүй гэх шалтгаанаар хойшилсоор өдий хүрсэн нь энэ. Угаас дахиад хойшлуулах хугацаа тэдэнд үлдээгүй. “Ухрах эрхгүй, ард Москва байна” гэдэг шиг Ардчилсан намын Их хурал болох хугацаа юу юугүй тулаад ирлээ.

Харин 20 хүрэхгүй хоногийн дараа болох Их хурлаас өмнө намын даргыг хэрхэн сонгох, үндсэн дүрмийг яаж шинэчлэх асуудлаа шийдэх ёстой. Гэвч намын гишүүд болон олон нийтийн зүгээс харж буй дээрх хүлээлтэд ҮЗХ-ны хуралдаан хариулт өгч чадсангүй. Үндсэндээ Ардчилсан намын дүрмийн төслийг боловсруулах, Их хуралд бэлдэх хоёр Ажлын хэсгийг байгуулаад л тарав. Тохиролцооны дагуу гэдгийг тодотгох ёстой.

Юм л бол намын даргаараа оролддог ҮЗХ-ны алдарт хурлуудыи сценари өөрчлөгдсөн. Дараагийн хүн тодортол хуучныгаа хэвээр үлдээх шийдвэр гаргасан нь дээр өгүүлсэн тохиролцооны далд хувилбар. З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Х.Баттулга гээд нам доторх фракцын дарга нар ч ирээгүй нь үүнийг батална. Гэхдээ намын Их хурлаар мөн л даргаа сонгохгүй нь тодорхой болов. Харин нэгэн шинэ зүйл сонсогдсон нь намын даргыг сунгаагаар тодруулах. Шинэ гэхээсээ илүү өмнө нь байсан уламжлал л даа.

Ардчилсан нам Н.Алтанхуягийг даргаар сонгохдоо дүрэмдээ өөрчлөлт оруулж байсан. Тэр нь 2008 он. Ингэснээр намын даргыг Их хурлаас сонгодог байсныг болиулж, уг эрх шилжиж байв. Энэ талаар тухайн үед “Намын Их хурлыг зарлаж хуралдуулна гэдэг нэгдүгээрт хугацаа алдана, хоёрдугаарт өрсөлдөгч ихэснэ” гэж нөхдүүд тайлбарлаж байлаа. Ингэснээр ҮЗХ Ардчилсан намын шийдвэр гаргах дээд байгууллага болтлоо томорсон нь энэ. Гэхдээ энд бас нэг зөрчил бий.

“Намын дарга өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд, эсвэл, өвчний учир, шүүхээр хэрэг хийсэн нь тогтоогдвол гэсэн гурван тохиолдолд Их хурлыг зарлахгүйгээр ҮЗХ-ноос намын даргыг сонгоно” гэсэн заалт өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр. З.Энхболд сонгуульд намаа ялуулаагүй гэсэн шалтгаанаар өөрөө өргөдлөө өгсөн. Найман жилийн өмнө баталсан намын дээрх дүрмээр огцруулах болон дараагийн даргыг сонгох эрх үлдэх ёстой. Гэвч лхагва гарагт болсон ҮЗХ-ны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэлгүй, өөрөө тамгаа өгөөд явчихсан хүнд үүрэг хүлээлгэсээр байна.

» Ардчилсан нам Н.Алтанхуягийг даргаар сонгохдоо дүрэмдээ өөрчлөлт оруулж байсан.

» Шат шатны сонгуульд навс ялагдсан Ардчилсан нам дахин нэг сонгуулийг дотооддоо зохион байгуулах нь тодорхой боллоо.

» Хэн намын дарга болно, тэр хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг.

ҮЗХ-ны хуралдааны үйл явцыг ажиглахад шат шатны сонгуульд навс ялагдсан Ардчилсан нам дахин нэг сонгуулийг дотооддоо зохион байгуулах нь тодорхой боллоо. ҮЗХ-ны хуралдааны талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, хурлыг ахалж ажилласан Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар пүрэв гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ энэ талаар баталсан юм. Б.Гарамгайбаатар “Бид нэгдүгээрт, намын дүрэмд байгаа боловч хэрэгжихгүй байсан заалтыг хэрэгжүүлдэг болох. Өнгөрсөн хугацаанд
байсан ротаци /сунгаа/ -г буцаан сэргээх. Гуравдугаарт өнөөдрийн цаг үетэйгээ тохирсон нэмэлт өөрчлөлтийг дүрэмдээ оруулах чиглэлээр ажилласан. Одоо энэ дүрмээ базах, нэгтгэх Ажлын хэсгийг байгуулсан гэж ойлгож болно. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд дүрмээ баталчихвал өнөөдрийн байгаа ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл болоод намын хариуцлагатай албан тушаалтнууд бүгд өөрчлөлтөд орох ёстой. Хуучин томилогдсон хүмүүс ажлаа өгөх шаардлагатай болно” гэсэн юм.

Эндээс харахад нам дотроо бужигнаантай, даргын асуудлаар санал зөрөлдөөнтэй байх ахуйд Ардчилсан нам дотоод сонгуулиа явуулахаар шийджээ.

Энэ удаа бүрдэх ҮЗХ намын бодлого зорилтыг шинээр тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийн ирээдүйг атгаж чадах боломжтой. Хэн намын дарга болно, тэр хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн үг. Тэр ч утгаараа улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ нийт гишүүдийн дундаас тодрох намын шинэ даргын сунгаа 2017 оны нэгдүгээр сарын 20-ноос наашгүй гэх

Сэтгэлд нийцсэн дарга, санаанд таарах удирдлагыг “төрүүлэх” бодит боломж хэмээн хараад буй сунгаа дотооддоо хийж байх хооронд улс төрийн бас нэгэн том сонгуулийн цикл тулаад ирэх нь. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль.

Эрх баригч хүчин болох МАН ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин нэг ялалт байгуулах зорилт тавиад буй. Намын даргын хувиар М.Энхболд Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлсэн. Үүний баталгаа нь Засгийн газрын тэргүүний суудлаас татгалзсан явдал. Ерөнхий сайд гэдэг үргэлж баалуулж байдаг, өөдөө нэг магтаал сонсдоггүй хүчир алба. Тиймээс л УИХ-ын дарга гэдэг нэр цэвэр, олон нийтээс ирэх шүүмжлэл багатай ч, зангарагтай харагдах суудал дээр суучихаад байна.

Харин Ардчилсан нам дотоод сонгууль хийх нь өрсөлдөгчийнхөө өмнө очих тэнхэлгүй болтлоо, өөр хоорондоо “үзэлцэн” байдаг тамираа, хамаг хугацаатайгаа хамт барах магадлалтай болчихлоо.

Сунгаа хийж байсан тэр жилүүдэд дотроо хагараагүй намын байгууллага АН-д үлдээгүй.

Дотоод сонгууль Ардчилсан намыг “амьд”, “ардчилалтай”, “эрүүл” нам гэсэн имижийг гадна талдаа бүрдүүлдэг. Гэвч дотооддоо их хагарлын эхлэл бблдгийг энд дурдах хэрэгтэй. Сунгаа хийж байсан тэр жилүүдэд дотроо хагараагүй намын байгууллага аймаг, дүүргүүдзд үгүй болж, хоёр дарга, хоёр тамгатай болтлоо талцаж байв.

Тамга ч яахав захиалга өгөөд тусдаа хийлгэчихэж болно. Гэтэл аймаг, дүүргийн намын байрны хаалга цонх хагарч хэмхэрдэг үзэгдэл хүртэл гардаг. Мөн нэр төртэй яваа нэгнээ сониноор захиалга өгөн гүтгүүлж, идсэн ууснаа дуудалцан шүүх цагдаагийн үүд сахидаг гашуун туршлага тэдэнд бий. ҮЗХ-ны гишүүдийг сонгодог дотоод сунгаа ийм болдог бол намын даргынх бүр ч ноцтой.

Хамгийн анх Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар Ардчилсан намын даргын төлөө орон даяар марафон хийж, санал хураан өнөөдрийн Ерөнхийлөгч намын дарга болж байсан. Хэн хэн нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг эрхэмлэдгийн хувьд намаа дотроо хагалаагүй. Гэхдээ тэднийг дэмжигчдийн дунд эвлэршгүй ан цав үүссэн гэж ойрын эх сурвалжууд өдгөө ч ярьдаг юм билээ.

Харин дараагийн сунгаа Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрын хооронд болж байлаа. Энэ хоёрын өрсөлдөөнөөс үүдэлтэй намын гишүүдийн “тангараг нь тонгорог” болсон хэмээх хэлц үг хүртэл бий болж байв. Уг нь сунгаа гэдэг намынхаа удирдах байгууллагыг сонгож, цус сэлбэх зорилготой. Гэвч нэгэнт эвдрэлцээд АН-ын фракцуудад эвлэрэх боломж олгох уу гэдэг хариултгүй үлдэж байна.

 

Б.Энхжаргал

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих