ТАГТАН ДЭЭР ГАР
Харвардын их сургуулийн оюутан байхдаа Роналд Хайфитс багшийн “Зохицон манлайлах нь” хэмээх хичээл үзэж байснаа санаж байна. Энэ хичээл дээр яригддаг нэгэн сонирхолтой сэдэв бол “тагтан дээр гар” (get on the balcony) гэдэг ойлголт юм. Монголчилбол ууландаа гарч орчноо ажиглаж мал сүргээ дурандахтай л ижил ойлголт юм уу даа гэж ойлгосон.
Сүүлийн үед энэ тухай нэлээд бодох боллоо. Минийн хувьд Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр 2007 оноос хойш тасралтгүй ажиллаж намдаа жилийн 1 сая төгрөгийн татвараа тушааж хаяа нэг босч үг хэлэхээс өөрөөр сүрхий фракци энэ тэр удирдаж томоохон албан тушаал авч байгаагүй жирийн нэг ҮЗХ-ны гишүүн. Энэ хугацаанд улс төр гэдгийг “фракци дагавал ам тосдоно” гэдэг бичигдээгүй дүрмээр удирдаж намаа олон хэсэг хагалж бутаргаж байгаа хүмүүсийг харахаар чимээгүй сууж чадахгүйд хүрч байна.
Албан тушаалд л очих хэнээтэй хэдэн нөхдүүд болон тэдний тэр хэрэгцээг хангадаг фракцийн толгойлогчид олон болсон хэнд ч нууц биш. Албан тушаалын авилга гэдэг аливаа хүнийг дуугүй болгож (silencing), улмаар тэр байгууллага алдаа оноогоо хэлэлцэж цаашид хөгжих боломжоо алдахад хүргэдэг. Ардчилсан намыг сүүлийн 25 жил удирдсан одоо ч фракци нэрийн дор самарч байгаа хүмүүс 2016 оны ялагдлынхаа дараа ч гэсэн тагтан дээр гарч яг юу болоод өнгөрөв, ард түмэн яагаад бидэнд итгэл хүлээлгэсэнгүй вэ гэдгийг бодох хэлэлцэх сөхөөгүй явна.
Тагтан дээр гар гэдэг нь бүжгийн талбайд завгүй бүжиглэхээ зогсоож одоо болж байгаа үйл явцыг ажиглаж өөр өнцгөөс байнга харж дадах чадварыг хэлдэг. 25 жилийн турш ҮЗХ гэдэг бүжгийн талбайд фракци гэдэг бүжгээр бүжиглэсээр ирсэн хүмүүст тагтан дээр гарч яагаад АН ялагдсан юун дээр алдсанаа ухаарах цаг болсон.
Сингапурын үндэслэгч Ли Куан Юү тагтан дээр гарсныхаа үр дүнд улсаа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болгож чадсан байдаг. Ядуурал, арьс өнгөний үзлээрээ тэрсэлдсэн жижиг арлыг дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар бүхий хот болгон хөгжүүлэхдээ Сингапур гэдэг хайрцагнаас хэсэг хугацаанд хөндийрч дэлхийтэй танилцсны үр байсан гэдэг. Хэт их үндэсний үзэлдээ туйлширч капитализм, барууны орнуудын хөгжлийг үзэн ядах (demonizing) үзэл нь Энэтхэг зэрэг улсад ядуурал хоцрогдлыг бий болгож байгааг харсан. Тиймээс бодит байдлыг илүү үндэслэлтэй дүгнэж 1965-2000 оны хооронд Сингапурыг экспортод суурилсан чөлөөт зах зээлтэй өрсөлдөх чадвар бүхий улс болгоход түүний тагтан дээр гарах чадвар нөлөөлсөн байдаг.
Ардчилсан нам өнөөдөр ард түмнээсээ уучлалт гуйж алдаагаа засах боломж байна. Бодит байдалд ойрхон үнэлэлт дүгнэлт өгч энгийн ард түмнийхээ эсрэг саналаа өгсөн шалтгааныг судалж мэдэх тэдний үгийг (listen to the song beneath the words) сонсох цаг иржээ. Олон нөхдүүд дарга болж бодит байдлаас тасарч төрийн алба гэдэг ард түмний зарц гэдгээ умартсан нь бидний алдааны эхлэл байсан гэж боддог.
Өнөөдөр Ардчилсан намын дарга хэн болох вэ гэдэг асуудал хүн болгоны сонирхлыг татаж байгаа нь ойлгомжтой. Зарим нөхдүүд ил далд зарлаж хөдөө орон нутгуудаар уулзалт хийж гүйж явна. Өнөөдөр АН-д нүүрлээд байгаа байгууллагын хямрал, ялагдал нэг даргыг нөгөөгөөр солиход шийдэгдэх асуудал бишээ. Бид дүрмээ өөрчилж даргаа сольсноороо шинэ АН бий болох мэт гэнэн төсөөллөөсөө хэзээ салах вэ? Даргаа эсвэл дүрмээ солих нь техникийн асуудал (technical challenge), харин өрсөлдөх чадвар бүхий, бодлогын нам болох нь манлайлал шаардагдах асуудал (adaptive leadership challenge) болоод байна.
Би намын дарга болно гэж бодит байдлаас хөндий зүйл энд хэлэхгүй ээ, гэхдээ хэн ч намын дарга болсон дараахь шинэчлэлүүдийг хийгээсээ гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Шинэ АН төлөвшин бий болохын тулд:
1. Ард түмэнтэйгээ ойр байх (Find out where people are at): Намын дээр ард түмэн байдаг гэдгийг ухаарч энгийн сонгогч иргэдийнхээ санаа бодлыг сонсох аян өрнүүлж иргэдийнхээ төлөө, иргэдтэйгээ хамт байдаг улс төрийн нам болж төлөвших хэрэгтэй байна. АНУ-ерөнхийлөгчид Доналд Трамп ялсан нь тохиолдлын хэрэг биш харин ч ард түмнийхээ дуу хоолой болж чадсан явдал байв.
2. Бодлогын нам болон төлөвших: Хэдэн фракцийн дарга нар цуглаж шийдвэр гаргадаг бус, судалгаа шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаанч бодлого, шийдвэр гаргадаг нам болох хэрэгтэй байна. Дундаж давхаргыг тэлэх, богино хугацааны шийдлээр ард түмнээ хуурах бус харин урт хугацаанд Монгол улсаа хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Уул уурхайд суурилсан эдийн засгаас мэдлэгт суурилсан, экспортыг дэмжсэн эдийн засагтай болох бодлого боловсруулах хэрэгжүүлэх шаардлагатай байна.
3. Мэрит тогтолцоог бий болгох: Дарга дагаж далдганасан нь бус ажил хийсэн нь намын өмнөөс хариуцлагатай албан тушаалд томилогддог, хариуцлагаа үүрдэг байх хэрэгтэй байна. Намын шинэчлэлийг хүн шинэчлэхтэй андууралгүй хамгийн чадварлаг боловсон хүчнийг бэлдэх манлайллын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
4. Фракцийн намаас хамтын нам болж төлөвших: Хүмүүс үзэл бодол, үнэт зүйлсээрээ нэгдэх нь нээлттэй ч фракцийг албан ёсоор хориглож аливаа томилгоо, нэр дэвшилтийг мэрит зарчмаар явуулдаг, бүх шатандаа хамтарч ажилладаг нэг нам болж төлөвших хэрэгтэй байна. Шинэ намын дарга нь өөрийн фракци, бүлэглэлээсээ татгалзаж бүх гишүүдийн болон Монгол улсын хөгжил, эрх ашгийг нэгдүгээрт тавьж чаддаг хүн байх ёстой гэж итгэж байна.
5. Хариуцлага тооцдог нам болон төлөвших: Өөрийн засгаа унагаасан, хамаатан саднаа ажилд авах (nepotism) зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцлага алдсан гишүүддээ хариуцлага тооцож чаддаг нам болох хэрэгтэй байна. Өнөөдрийг хүртэл сонгуулийн ялагдалд хүргэсэн шат шатны дарга нар хариуцлага хүлээгээгүй л явж байна. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө эхлүүлж алдаагаа засах боломж нээлттэй байсаар байна.
Өөрчлөгдөн хувьсаж байгаа өнөөдрийн нийгэмд байнга тагтан дээрээ гарч бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаж сурах нь удирлагч хүнд байх чухал чадваруудын нэг юм. Манлайлал гэдэг хэн нэгэн хүний тухай ойлголт биш, харин хамтын хүчээр аливаа өөрчлөлтийг авчрах тухай ойлголт юм.
Хүндэтгэсэн:
Б.Отгонбат
URL: