Монголын зээлжих зэрэглэлийг дахин буурууллаа

527-1479784743-1x-1_0НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Ирэх хоёр жилийн хугацаанд Монголын Засгийн газар зээлийн төлбөрөө хэрхэн төлөх нь тодорхойгүй байгаа болон цаашид өрийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаатай холбогдуулан олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин бууруулжээ.

Тус агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “В3”-аас “Саа1” /эрсдэл өндөртэй/ болгон бууруулснаар тус улсын зээлжих зэрэглэл Барбадос болон Беларусьтай нэгэн түвшинд очлоо.
Монголын шинэ Засгийн газар эдийн засгийн өсөлт буурсан, төгрөгийн ханш унасан, төсвийн алдагдал нэмэгдсэн зэрэг олон асуудалтай тулгараад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Засгийн газар хэмнэлтийн арга хэмжээ авахаа мэдэгдэж, эдийн засгийг тогтворжуулах төлөвлөгөөг гаргасан байна. Мөн өнгөрсөн сард Олон улсын валютын сангаас тусламж авах тухай хэлэлцсэн билээ.
Монголын Засгийн газрын санхүүгийн чадавх, эдийн засгийн гадаад байр суурь эрчимтэй доройтсон гэж “Moody’s” мэдэгдэлдээ дурдав. Мөн тус улсын Засгийн газар олон талын болон хоёр талын эх үүсвэрийг хавсарган гадаад санхүүжилт авах ажилд хэт анхаарал хандуулж байгаа бөгөөд эдгээрийн аль нь ч одоогийн байдлаар тодорхойгүй байна гэж мэдэгдэлд дурджээ.
“Moody’s” агентлагийн мэдэгдэлд Монголын Сангийн яам хариу мэдэгдэл хийхдээ, “манай Засгийн газар зохистой, тогтвортой арга замаар богино хугацааны төлбөрийг төлж, нөхцөл байдлыг даван гарахаар ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн идэвхтэй зохицуулалт болон санаачилсан арга хэмжээ Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны зүгээс зөвлөсөн бодлоготой нийцэж байгаа” гэсэн байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих