Д.Отгонбямба: “Морьт харваа”-ны Монгол тамирчдаас Солонгосчууд айж байгаа

15135497_558725180999240_79811004_nЭнэ сарын 19-ний өдөр Казакстан улсын Шымкент хотод анх удаагаа зохион байгуулагдсан Олон улсын Морьт харвааны тэмцээнд Монгол Улсын тамирчин Дүншигийн Отгонбямба амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна. Бид түүнтэй тэмцээнийх нь дараахан онлайнаар холбогдож, ярилцсан юм. 

-Танд баяр хүргэе. Хичнээн орны тамирчидтай өрсөлдөв?

-Монгол, Казакстан, Киргизстан, Хятад зэрэг 10 гаруй орны шилдэг 40 гаруй тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Миний хувьд алтын дайтай хүрэл юм. Тэмцээний эхний байруудыг Казахстаны хоёр тамирчин хүртсэн.

-Зөвхөн морьт харвааны төрлөөр өрсөлдсөн үү. Эсвэл өөр төрлүүд бас зохион байгуулагдах уу?

-Зөвхөн морьт харвааны аваргуудыг шалгаруулдаг олон улсын хэмжээний тэмцээн боллоо. Олон улсын тэмцээн уралдаан гэхэд зохион байгуулалт сайтай, улс орон нь ч тамирчидаа маш сайн бэлтгэдэг юм байна. Манайд бол морьт харвааны тамирчдадаа ядахнаа сэтгэлийн дэмжлэг ч үзүүлдэггүй. Гэтэл энд бүр багаас нь морьт харвааг зааж байна. Бүр Морин спортын сургалтын төвийг хүртэл байгуулчихсан байх жишээний…

-Улс орон дэмждэггүй гэснээс Монголд “Тэнгэрийн чоно” ТББ-ын залуус л тэмцээн уралдаан зохион байгуулаад байх шиг санагддаг. Гэтэл “Монголын морин харвааны холбоо” гэж байгууллага байдаг шүү дээ…?

-Тиймээ. Морин спортын хөгжилд хувь нэмрээ оруулдаггүй, нэг тийм унатаа байгууллага байх нь байгаа. Бид өдийг хүртэл өөрсдийн бор зүрхээрээ Морьт харвааны тэмцээн уралдаан зохион байгуулж, өөрсдийн зардлаараа гадаад дотоодын тэмцээнд оролцож, Монголынхоо нэрийг гаргаж явна. Өмнө нь миний хувьд Турк улсад зохион байгуулагдсан тэмцээнд аваргалж байсан, мөн манай Б.Болдбаатар гээд залуу Япон улсад зохион байгуулагдсан Дэлхийн аваргад аварга болж байсан юм.

-Энэ удаагийн тэмцээнд ч гэсэн өөрийн зардлаараа явсан уу?

-Тэгсэн. Онгоцоор нисэхээр санхүүгийн хувьд үнэтэй тусах учраас газраар буюу 6000 км-ийг автомашинаар туулж ирсэн. Цаг хугацаа нэлээд орсон учраас тэмцээндээ бэлтгэлгүй орсон.

-Та алтын энтэй “хүрэл” гэсэн. Тэмцээний шүүлтэд ямар нэгэн асуудал гарсан юм уу?

-Үгүй ээ. Морьтойгоо нэг ч удаа бэлтгэл хийгээгүй учраас би өөрөө жаахан алдаа гаргачихсан юм. Уг нь алт авах боломж надад байсан. Түрүүлсэн тамирчид тийм ч сайн байгаагүй.

-Ер нь Монголын тамирчид “Морин спорт”-ын төрөлд их сайн өрсөлдөгч байдаг. Гэтэл сүүлийн хоёр жил Дэлхийн аваргад оролцож чадсангүй. Юунаас болоод вэ?

-Сүүлийн хоёр жил виз гаргахгүй, гарсангүй гэх шалтгаанаар “Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож чадсангүй. Дэлхийн аваргыг БНСУ зохион байгуулдаг л даа. Гэтэл өнгөрсөн жилийнх хүлээлгэж, хүлээлгэж “Виз чинь гарсангүй” гэх шалтгаанаар биднийг явуулаагүй бол энэ жилийнх “Тэмцээнд оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтад та нар байхгүй байна” гээд явуулсангүй. Тэр жагсаалт дээр нь огт танихгүй, бараг харваж чаддаг эсэх нь эргэлзээтэй хоёр хүний нэр байсан. Манай “Тэнгэрийн чоно”-ын залуус дунд л гэхэд дэлхийн хэмжээний тэмцээнд өрсөлдөх чадвартай, чансаатай 10 гаруй тамирчид бий. Тэгсэн ч биднийг энэ жил мөн л Дэлхийн аваргаас хасчихсан.

-Солонгосчууд ер нь та нараас айгаад байгаа юм биш үү?

-Айж байгаа. Бид өмнө нь Солонгосын урдаа бариад байдаг, аварга гэж нэрлээд байдаг хүмүүсийг нь Монголдоо авчирж байгаад “Морьт харваа” гэдэг ийм зүйл байдаг юм, Та нар хаана ч биднийг барахгүй гэдгийг нь харуулчихсан юм. Мөн Япон, Туркт болсон тэмцээнүүд дээрээс ч биднийг харсан л байх. Тэгээд л биднийг оролцуулчихвал хамаг алдар хүндээ алдчихна гэж айж байгаа.

-Морьт харвааны тамирчдын хувьд морь их чухал. Уг нь унаж, дадсан морьтойгоо явбал амар байх даа…?

-Уг нь уралдаан тэмцээнд оролцоод сурчихсан, Монгол морьтойгоо явбал сайхан л даа. Даанч тийм бололцоо нь алга. Өөрсдөө арай гэж ирж байгаа хүмүүс хэцүү л дээ. Энэ удаагийн тэмцээнд оролцохоор ирсэн зарим нэг тамирчин морьтойгоо ирсэн байсан. Болохгүй гэх газар байхгүй ч, боломж хүрэхгүй гэх асуудал байгаа. Европ морьд их өндөр. Ойрд өндөр морь унаагүй байсан болохоор түүндээ дадахгүй байж байгаад алдаа гаргасан тал бий. Ер нь бол морьтойгоо хоёр өдөр бэлтгэл хийчихэд л дасчихдаг юм л даа. Энэ жил бол Монголоос ирээд л маргааш өглөө нь морио унаад тэмцээндээ оролцсон. Гэхдээ эхний морио бас сольсон. Их дэвхэцдэг, тогтворгүй хөдөлгөөнтэй морь байсан…

-Морь гэснээс нум сум ч маш чухал байх. Хилээр гарахад хүйтэн зэвсэг болохоор хүндрэл үүсдэг байх?

-Уг нь тусгай урилга заллагатай тэмцээнд оролцох гэж байгаа бол асуудалгүй л дээ. Гэтэл бид өөрсдийнхөө зардлаар, өөрсдөө явдаг учраас хил дээр нум сумаа хураалгах асуудал нэг бус удаа гарч байсан. Тэгээд л “Тэмцээнд оролцох гэж байгаа юм аа” гээд л гуйж, ярилцаж байж авч гарна даа.

-Ер нь тэмцээн уралдаанд хэн дуртай нь очиж оролцдог юм уу. Эсвэл тодорхой хэмжээний шалгуур, шалгалтыг давсан тамирчин өрсөлддөг юм уу?

-Улсын чанартай уралдаан тэмцээнд түрүүлсэн, дээгүүр амжилт үзүүлсэн хүмүүс оролцох боломжтой. Монголчууд “Морьт харваа”-ндаа ёстой мундаг шүү дээ.

-Та “Марко Поло” киноны хоёрдугаар ангид оролцож байсан. Киногоо үзсэн үү. Монголын түүхийг гуйвуулсан гээд хүмүүс яриад байх юм билээ?

-Кино зохиолын хувьд Монголын түүхээс гажуудсан, өөрчлөгдсөн зүйлс харагдаж байна лээ. Гэхдээ бидний хувьд Холливудын хэмжээний түүхэн кинонд тоглосон гэдэг маань нэр төрийн болоод бахархалтай хэрэг л дээ. Манай “Тэнгэрийн чоно” холбооны 10 жүжигчин, гурван сар гаруйн хугацаанд Унгар улсад зураг авалтад оролцсон. Орлон тоглогчоор…

-Цаашид ямар тэмцээнд оролцох гэж байна. Төлөвлөгөөгөө цухас дурдаач?

-Энэ жил биш юм аа гэхэд дараа жил заавал “Морьт харваа”-ны Дэлхийн аваргад оролцоно. Тэгээд Солонгосчуудын тэгж их хайрлаж хамгаалаад байгаа аваргын шагналыг нь авмаар байна. Тэдэнд Монгол морьтонууд хамгийн шилдэг нь шүү гэдгийг ойлгуулмаар байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

О.Шинэтуяа

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 December 2016

хөл нь чийрэг сэтгэл нь хаттай бидний монгол эрчүүд хамгийн мундаг нь шүү

Нэр: Зочин Огноо: 26 December 2016

Хүрэл авсан л бол хүрэл гэсэн үг. Алтын энтэй хүрэл гэж байдаггүй. Дандаа нэг алт авах байсан тэгчихлээ, ингэчихлээ гэх юм. Чадаагүй л бол чадаагүй шүү дээ. Одоо ингэж хий онгирдогоо болимоор юмаа.

Сэтгэгдэл бичих