УИХ-ын дарга М.Энхболдын илгээлт

14800423235837a753b29c7

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН 

ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ИЛГЭЭЛТ

(Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд)

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр                                                                Улаанбаатар хот

Эрдэмтэн судлаачид аа.

Эрхэм хүндэт зочид оо.

Тэртээ 92 жилийн өмнө Монгол оронд минь нэгэн түүхэн үйл явдал болсон билээ. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиосон энэ үйл явдлыг тухайн үед гаргасан ухуулах бичигт “Монгол язгууртанд хэдэн зуун оноос нааш үзэгдсэнгүй гайхамшигт хэрэг явдал болов” хэмээн дүгнэж, их зохиолч Д.Нацагдорж “үзэгдээгүй сонин гайхамшигт явдал болж, олон ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Энэ бол Улсын анхдугаар Их хурал хуралдаж, үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд туурга тусгаар улсаа сэргээн байгуулсан монгол түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, улс орны ирээдүй хойчийн зам мөрийг тодорхойлох анхны Үндсэн хуулиа хэлэлцэн баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан явдал байв.

Шинэ Үндсэн хууль нь Монгол төрийн түүхнээ анх удаа хаант засаг, хамжлагат ёсыг халж, Бүгд Найрамдах засаглалыг сонгосон, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмуудыг тунхаглаж, төрийн байгуулалтын хувьд түүхэн дэвшил болсон улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан, туурга тусгаар төр улсаа дэлхий дахинд зарласан түүхэн ач холбогдолтой баримт бичиг байв.

Түүнчлэн Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, Азид анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, өрнө дорно дахинаас анх түрүүн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдрал, нийгмийг ардчилах үйлсэд цоо шинэ үзэгдэл болсон юм.

Анхны Үндсэн хуулийг баталсан энэ өдрийн түүхийг мартагнуулах, түүхээс орхигдуулах асуудал өнөө бидний хувьд хэрхэвч байж болохгүй асуудал юм. Бид өнгөрсөн түүхийн, тэр дундаа тусгаар тогтнолын асуудлаар ямар нэгэн улс төрийн өнгө аястай шийдвэр хэрхэвч гаргаж болохгүйг анхаарч, түүхт энэ өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байсан урьдын уламжлалыг сэргээх шийдвэрийг УИХ-аас саяхан гаргалаа.

Энэ өдрийг зөвхөн баярлан цэнгэх утгаар биш, үндэсний бахархлаа дээдлэн, түүхэн ололт, үнэн үйл хэргийг үр хойчдоо өвлүүлэх, туулсан зам, өнгөрсөн түүхээс туршлага сургамж авч, хөгжил дэвшлийн гэгээн гэрэлт ирээдүй өөд урагшлан тэмүүлэхийн утга учрыг ухааран ойлгох агуулгаар тэмдэглэх нь чухал юм.

Эрдэмтэн, судлаач та бүхэн энэхүү үйл явдал, анхны Үндсэн хуулийн үзэл санааг түүх, эрх зүй, гүн ухаан зэрэг олон салбар шинжлэх ухааны онол арга зүйгээр шинжлэн судалж, агуулга, зүй тогтол, түүхэн ач холбогдлыг нэгтгэн дүгнэх чиглэлээр их зүйл хийнэ гэдэгт миний бие гүнээ итгэж байна.

Номын цагаан буян улам дэлгэрэн түгэх болтугай.

Монгол төрийн өлмий бат, мэлмий тунгалаг оршиг.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.