Эмнэлэгийг эрүүлжүүлэх болгосон шийдвэрээ хэзээ буцаах вэ дарга нар аа

Өвчнөөсөө салахаар эмнэлэгт ирсэн иргэдийн дунд согтуу хөлчүү хүмүүс хурга ишиг нийлсээр хоёр шахуу жилийг ардаа үдлээ.

fa78c5cdb82a26838dd7e6a04466bf07

Ялангуяа өвлийн цагт ханиад томуу гээд өвчтөнүүдийн ачаалал ихэссэнтэй зэрэгцээд эрүүлжүүлэгдэх гээд ирсэн согтуу  иргэдийн тоо ч нэмэгддэг нь дарин дээр давс нэмсэнтэй адил зүйл.

2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Цагдаагийн албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарсан. Ингэснээр эрүүлжүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Үүний дагуу салбар буюу Эрүүл мэндийн яамны зүгээс өөрийн эрх мэдлийн хүрээнд аймаг, дүүргийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэгт архины хордлого тайлах ор ажиллуулах албан тоотыг хүргүүлж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.  Ингээд архины хордлогын мэдээг долоо хоногт хоёр удаа авч мэдээллэх, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх гэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг.

Энэ нь эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын нүдээ олоогүй шийдвэр байсан гэдэг нь нийгэмд харагдсаар байгаа ч үүнийг ямар нэг байдлаар зөв шийдэлд хүрэлгүй өдийг хүрлээ.

Ханиад томуугийн дэгдэлт нэмэгдсэн энэ үед хүүхэд багачууд эмнэлэгт хэвтэхээр очер дараалал үүсч зарим нь эмнэлэгийн коридорт ч өдөр хоногийг өнгөрүүлэх энүүхэнд. Гэтэл тэдний хажууд согтуу иргэдийг авчирах нь эрүүл ахуйн хувьд ч маш хүндрэлтэй зүйлийг нэг болжээ. Учир нь согтуу иргэд эмнэлэгийг амгалан тайван байдлыг эвдэн хашгирч чарлахаас гадна өөрийн биеэ хянах чадвараа алдсан зарим нэг нь тус газар бөөлжих, өтгөн шингэнээ гаргах гэх мэтээр асуудлыг улам хүндрүүлсээр. Энэ нь яваандаа бусдыг эрүүл ахуйд ч сөргөөр нөлөөлж, элдэв үнэр гарах гэх мэтээр эмнэлэгийн ажилтнуудад ч хүндрэлтэй байгааг эмч нар ярьдаг юм.

Ингэж согтуу хүмүүст үйлчилснээр үүргээ гүйцэтгэж буй эмч, сувилагч, асрагч нарыг доромжлох, гүжирдэх, ёс бус үйлдэл гарах зэрэг нь энгийн үзэгдэл болсон. Өдөрт 5-15 согтуу хүн ирдэг. Тэд чинь янз бүрийн ааш, авиртай, агсам согтуу тавина. Гэтэл эмнэлгийн байгууллагад ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг. Тэднийг дээрэлхэнэ. Сувилагчийг зодсон тохиолдол ч бий гэнэ. Хэрэг хүлээх чадваргүй гэсэн учраас сувилагч ажлаа хийж байхдаа бусдад зодуулаад хохироод үлдэж байх жишээтэй. Согтуу нь агсам тавьж уурлаж байхад, өвчтөнүүд тэднийг эмнэлэгт авч ирлээ гэж бухимдан уурладаг. Ер нь л их хүнд байдалтай байгаа.

Үүнээс гадна согтуу хүмүүстэй хамт “астма”-тай хүн байна. Энэ төрлийн өвчтэй иргэд аппаратад орох зайлшгүй шаардлагатай учраас ингээд нэг өрөөнд байдаг. Ер нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай өвчтөнүүдийн хувьд бэрхшээлтэй байдаг аж.

Эмнэлгийн байгууллага эрүүл аюулгүй орчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ёстой байтал архины эхүүн үнэртэй, эрүүл ахуйн энгийн шаардлага хангахааргүй газар эмчлүүлэхээс аргагүй болчихоод байна. Үйл ажиллагаа явуулахад төвөг учруулах нь энүүхэнд. Асрагч сувилагч нарыг зодно, хэл үгээр доромжилно, архи, тамхи, хоол, унд нэхнэ. Өвчтөнүүдийг сэтгэл санааны хүнд байдалд оруулахаас гадна эд зүйлсийг нь ч хулгайлаад явчихна. Өрөө, тасалгаанд бааж, шээхээс эхлээд бохирдуулна хэмээн эмнэлэгийн ажилтнууд ярьж байв.

Цагдан сэргийлэгч, цагдаагийн байгууллага, эрүүлжүүлэх байр гэсэн үгнээс тэдний үүрэг хариуцлага нь илт харагдана. Тэдний ажлыг анагаагч үүрэгтэй, цагаан халаадтан яагаад гүйцэтгэх болов? Энэ хооронд эрүүлжүүлэх байр юунд ашиглагдаж, тэнд хэн, юу хийж байгаа бол гэдэг сонин. Цагдаагийн алба хаагчийн хэлснээр цагдаа бол зөвхөн хэв журмыг сахиулах, хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах л үүрэг хүлээдэг болсон. Бид согтуу иргэдтэй харьцаж, тэднийг эрүүлжүүлж, торгодог тийм систем үгүй болсон гэжээ.

Өвчин гэдэг хэлж бус хийсч ирдэг. Харин мансуурал бол сайн дурын зугаа гэдгийг ялгаж салгаж, хэмжээгээ мэдэхгүй сархад хүртэгсдийг хурдан сэргээгч шидтэй хүйтэн, зэврүүн хуучин өрөөнд нь буцааж залсан нь дээр гэдэгт маргах энгийн ард магад үгүй буй за.

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР СОГТУУ ИРГЭДИЙГ БАЙЛГАСААР БАЙХ УУ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.