Хөх тэнгэрийн доорх Хууль, Гууль хоёр

Амралтаа сунгаж байгаад анхдугаар Үндсэн хуулийнхаа ойг тэмдэглэж, тусгаар улс болсон түүхээ эргэн нэг харцгаалаа. Хамжлагат ёсыг халж, нийгэм журамт Бүгд найрамдах улсыг байгуулах үзэл санааг тээсэн энэ хууль дэлхийгээс гээгдсэн байсан Монголын минь түүхэн шилжилтийг авч гарсан байдаг.

6dor7vk5uv3gsmgetmku83he6u

Зөвлөлт Оросоос гадна АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулийг орчуулж, судалж парламентын тогтолцоог шохоорхож байсан 1922 оны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэн тун том ачааны буулганд орж ирснээ зүгээр нэг намын даалгавар гэж харж байсан ч магадгүй.  Хөрөнгөтөн капиталист гэдэг ангийн дайсан бус нийгмийн нэг тогтолцоо юм байна гэж харж байхдаа амь насаа бууны аман дээр тавьж байснаа ажлын хэсгийн даргаар ажиллаж байсан Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавтан ухаж ойлгож байсан эсэх нь одоо маргах сэдэв бус. Ардчилсан төр нийгмийг тунхагласан 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэх тухай асуудал олон парламент дамжин асуултын тэмдэгтэй хэвээр байгааг энд товч хөндсүү.

1924 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 17 минутанд төрсөн Анхны үндсэн хууль 1940, 1960 онуудад шинэчлэгдэн батлагдаж үзэл санаагаа хадгалсаар 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдсан, шинэ Үндсэн хуулиар социализмтэй хамт түүхээс буулаа.

Өдгөө цаг дор 90-д он, цагаан Морин жилээр өнгөлсөн Ардчиллын 25 жилийн явц маань 1992 оны Үндсэн хуулийг эргэн харах эргэлзээнд зарим судлаачдыг оруулж байна. Чөлөөт ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн үндсийг тавьж парламентийн засаглалтай болсон 25 жилийн хоймор цөөн хэсэг хүмүүст налгар уудам боловч нийт олонхид давчуу бачуу, баялгийн тэгш бус хуваарилалт ноёлсон байдалтай болж ирлээ. 90-д оны Ардчилагчид тухайн үеийн улс төрийн товчооныхныг тусгай хангамжтай гэж шүүмжилдэг байсан бол өдгөө өөрсдөө цөөнхийн дархлааг хангасан, намын сүлжээний дарангуйллыг сонгуулиар халхавчлан бэхжүүлчихсэн. Тусгай хангамжийг ч төрийн байгууллагын сүлжээгээр буцаагаад өөрсдөдөө бий болгочихоод байгаа. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн зааг ялгаа арилж, анд нөхдийн барилдлагатай болох тун ойрхон болоод байна.

Энэ бүхэн засаглалын хямрал нүүрлэсний хурц тэмдэг болно. Парламентад суудалтай намууд их зөрчлөө дарахаар 2000 онд ард түмнээсээ асуулгүй том толгойлон хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтүүд байдаг. Дордуулсан 7 заалт гэдэг тодотголтой.

1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүний гуравны хоёр нь буюу 51 гишүүнээс дээш хүн хуралдаа суухгүй юм бол хууль батлах эрхгүй байсан. Харин 2000 оны өөрчлөлтөөр ирцийн босгыг намсгаж 39 гишүүн ирснээр УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх, цаашлаад хууль батлахад 39 түшээгийн 20 нь цугласан бол хууль баталж болох тухай оруулсан байдаг. Ингээд зогсоогүй санал өгөөгүй хүнийг эсрэг санал өгснөөр тооцно гэсэн өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг гурван удаа санал тавьснаас хойш Ерөнхийлөгч өөрөө эрхгүй болох байдлаар Ерөнхийлөгчийн эрхийг мөн хязгаарласан.

УИХ-ын гишүүнийг намын бүлгүүд нэр дэвшүүлнэ гэж хийсэн байдаг. Үүн дээр дөрөөлөн дараа нь сонгуулийн хуулийн холимог системийг оруулж ирэн жагсаалтын гишүүдийг бий болгосноор Үндсэн хуулийн заалт гууль болон зөрчигдсөн. Үүнийг хараагүй мэт өнгөрөх ҮХЦ-тэй, түүнийгээ улс төрийн зорилгоор ашиглахаар шахах Хөх тэнгэрийн дээр гарсан намтай, Ардчилсан улсад өөр хаана ч байхгүй  ардчиллыг гутаасан жишиг тогтсон.

Хоёр нам үгсэн хийсэн 2000 оны Үндсэн хуулийн өөөрчлөлтөөр давхар дээлтэй байх заалтыг Үндсэн хуульд шургуулсан байдаг.  Энэ нь ямар асуудал дагуулсан нь саяхны дурсамж тул энд нуршилгүй алгасья.

Өдгөө парламент бүр дэргэдээ Үндсэн хуулийг өөрчлөх талаар судлах ажлын хэсэг байгуулдаг болсон. 2015 оны 12 дугаар сард,  шинэ он гарахын өмнөхөн АН-ын даргын дэргэдээ байгуулсан ээлжит ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийг өөрчлөх талаар үг саналаа нэгтгэснээ зарлаж, парламентийн гишүүдийн тоог нэмэх талаар төсөл бэлэн болсныг дуулгаж, олныг цочроож байлаа. Гэхдээ энэ ажлын хэсгийнхний оруулсан төсөлд авах юм байсныг одоогийн Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан ээлжит ажлын хэсгийнхэн анхааралдаа оруулах магад хэмээн нуршин дурдах байна.

Ардчилсан намын ажлын хэсгийнхэн  давхар дээлийг тайлж, гүйцэтгэх засаглалын бие даасан байдлыг хангахад анхаарсан байв. Бэлэглэлийн яам байгуулдагт хязгаар тогтоож Засгийн бүтцийг хатуу хуульчлахаар тусгасан. Энэ нь ялсан нам хандивлагчдын захиалгаар яамдуудыг нэмж байгуулаад, сайд төрүүлээд байдгийг болиулах өөрчлөлтийг хадгалсан. Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж шүүхийн томилгоог нэг субьектийн хамаарлаас салгах төсөл боловсруулсан байсан. Орон нутгийн төлөөллийг улс төрөөс холдуулж, сум, хотын Засаг даргын сонгуульд иргэн өөрийн нэрийг дэвшүүлнэ гэсэн заалтыг оруулахаар тусгасан гээд нүдээ олсон өөрчлөлтүүд байсан.

Хоёр танхимтай парламенттай болох төсөл нь “99” гэсэн “бөөгийн тоо”-ноос болж зөвхөн улстөрчдийн ашиг сонирхлыг хадгалсан байх хардлагад өртөж ширүүн шүүмжлэлд хэрчүүлсэн. Үүндээ төсөл санаачлагчид үндэслэлтэй тайлбар хийхгүй “зугтсаар” үлдсэн нь туйлын харамсалтай. Уул нь зөв хэрэглэвэл дээд, доод танхимтай парламент нь эдийн засгийн асуудал, аж ахуйн ажлын сонирхлоос хууль тогтоох байгууллагыг холдуулах талтай байсан.

Харин энэ удаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар тогтжээ. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, судлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулах талаар мэдээж дурдсан. Харин хэрхэн яаж өөрчлөх талаар нээлттэй  өргөн олны хэлэлцүүлэг хэзээ эхлэх вэ гэсэн нийгмийн хүлээлт хэвээр хадгалагдаж байна.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /


URL:

Сэтгэгдэл бичих