МӨНГӨНИЙ АМЛАЛТ ЯДУУРЛЫГ ДАГУУЛАХ АЯН БОЛОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ.

Нэг үеэ бодвол улс орон маань уул уурхaйн баялаг дээрээ дөрөөлөн “баян” болж байна.  Харамсалтай нь уул уурхайн баялагаас орж буй хөрөнгө мөнгийг  шийдвэр  гаргагчид   маань улс орноо хөгжүүлэх, эдийн засгаа сэргээх, ядуурлыг бууруулах үйл хэрэгт биш,  харин ч эсрэгээр нь  нэгэнт амласан сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх буюу  “ядуурлыг дагуулах”   үйлсэд эргэлт буцалтгүй   “зарлагадахаар”  шийдвэрлэж байх юм.

Сайхан тэд “сонгодог”  шийдвэрт хүрснээ зарлаатхав. 2012 он гарахад 3 сар дутуу байхад, шинэ он гарангуут төрийн албан хаагчдын цалинг  53%-иар нэмнэ гэдгээ олон нийтэд сүр дуулиантайхан мэдээлээтхэв. Салбарын сайдынх нь яриаг сонсоод байхнаа  төрийн албан хаагчдын цалинг  он гарангуут 53% нэмснээр түүнийг дагалдан  хувийн байгууллагуудын цалин хөлс ч нэмэгдэх юм гэнэ. Төрийн зүгээс хувийн хэвшлийнхэнд “ажилчдынхаа цалинг нэмэгдүүлээч” гэсэн агуулгатай уриа, хүсэлтийг хүргүүлнэ гэнэ. Ингэхдээ тэд импляци өсөхгүй байх бүх талын арга хэмжээг авна,  улмаар иргэдийн  амьжиргаа дээшилнэ л гэнэ.

Хөх инээд хүрчлээ. Их сургуульд байхдаа эдийн засгийн онол гэдэг хичээл заалгасан захын хүн “иргэдийн гар дээрх мөнгийг хиймлээр хөөрөгдөн нэмэгдүүлэхийн хирээр, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, улмаар мөнгөний  бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар буурснаар импляци өсдөг” гэдгийг мэднэ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой дараах байдлууд үүснэ гэмээн мөхөс би бодож байна. Гэхдээ би “тааж мэддэг таван хаан биш, далдыг хардаг далай лам”  биш болохоор яаж мэдэх вэ, миний бодол буруу ч байж ч мэднэ.

Сард 300.0 мянган төгрөг авдаг  ажилтан /гагцхүү төрийн албан хаагч л үүнд  хамаатай/ 2012 оны 1 сараас эхлэн сард 600.0 мянган төгрөг авах болно.  Авдаг цалин  чинь 2 дахин үржигдээд,  илбийн юм шиг сайхан, сонсголонтой  сонсогдож байгаа  биз. Гэтэл таны цалин  ийнхүү  нэмэгдэнэ гэдгийг 3 сарын өмнө төрийн зүгээс олон нийтэд зарласнаар  бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлжээ. Сарын өмнөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 50-2000 орчим төгрөгөөр нэмэгдснийг  та анзаарсан уу?

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байхад манай байгууллага, компани  ч гэсэн цалингаа нэмэх байлгүй дээ гэсэн байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид удирдлагадаа хандана. Мэдээж хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд  ажилчдынхаа цалинг нэмэхийг хүсэж байгаа ч гэсэн тэдэнд ТӨР шиг бэлэн олгох мөнгө байхгүй, тэд олж байгаа  ашиг орлогоосоо  ажилчидаа цалинжуулдаг.

Ийм нөхцөлд компанийн удирдлагын өмнө хоёр гарц байна. Нэг бол ажилчдынхаа талыг  ажлаас нь халаад тэдний цалинг үлдсэнд нь  олгож цалинг нь нэмэгдүүлэх, нөгөө бол үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн, үзүүлж буй ажил үйлчилгээнийхээ үнийг өсгөх, улмаар  орлого ашгаа өсгөж, ажилчидаа халалгүйгээр цалинг нь нэмэгдүүлэх.

Бас гурав дахь арга байж болох юм. Энэ нь төрийн зүгээс хувийн  хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудад ТАТААС олгох. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхнийг бараа үйлчилгээнийхээ үнийг битгий нэмэгдүүл, тэгэхдээ ажилчдынхаа цалинг нэм,  ажилчдын чинь  цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай мөнгөний  зөрүүг төрөөс олгох арга. Мэдээж энэ бараг л бүтэхгүй.  Дашрамд хэлэхэд үүнээс бусад тохиолдлоор төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөс оролцох эрх хуулиар байхгүй. Хувийн хэвшлийнхэн ч гэсэн төрийн байгууллагаас ирсэн хүсэлт, гуйлтын дагуу ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүй. Тэнд нэг л  “хууль” үйлчилдэг, орлого нэмэгдэхийн хирээр цалин нэмэгдэх боломж.

Нэг гэр бүлийн хоёрын, нөхөр төрийн байгууллагад, эхнэр нь нь хувийн хэвшилд ажилладаг гэж бодъё. 2012 он гарангуут нөхрийн цалин нэмэгдэж, эхнэр нь ажилгүй болох “ирээдүй” харагдаж байна. Харамсалтай нь нөхрийн нэмэгдсэн цалингийн худалдан авах чадвар өмнөхөөсөө эрс багассан байдалтай.

Ингээд эцэстээ төрийн албан хаагчдын цалин  53%-иар нэмэгдснээр:

  • Бараа бүтээгдэхүүний үнэ өснө
  • Мөнгөний худалдан авах чадвар буурна
  • Хувийн хэвшлийн удирдлага, ажилчдын хооронд үл ойлголцол үүснэ
  • Ажилгүйдлийн тоо нэмэгдэнэ
  • Ядуурал газар авна.
  • Төрийн  албан хаагч болох сонирхол  хүмүүст улам бүр төрнө.
  • Дарга нарын эрх мэдэл өснө
  • Эрх мэдэлтнүүд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлсэнд тооцогдоно.

Эцэст нь  хэн хожив. Иргэд үү, эрх мэдэлтнүүд үү?

Цэрэндорж Мөнхбаатар


URL:

Нэр: Melaine Stoff Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.