Долоон ТЭРБУМЫН Оргил буюу үнэгүйдүүлэх ШАЛТГААН

1480556359_147050-23092014-1411467136-105754329-orgil_erunhii70 хувийн алдагдалтай ажилладаг хэмээн улсаас төрийн өмчит хэд хэдэн компанийг хувьчлахаар болсон.

Тухайлбал, Хөрөнгийн биржийг 20 тэрбум, Оргил рашаан сувиллыг 7 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчлахаар Засгийн газрын төсвийн төсөлд оруулж өгсөн юм.

Энэ шийдвэрийг гаргаж ажил хэрэг болгосноор улсын төсөвт 75 тэрбумын ашиг авчирна гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн.

Улсын хэмээн үнэгүйдсэн, “үнэгүйдүүлсэн”, алдагдалтай хэмээн ад үзэгдсэн эдгээр өмчийг хувьд гаргах нь хэр оновчтой шийдвэр вэ.

Нүдээ олбол зөв шийдвэр гэх нь бий ч, хэр шударга “худалдаа” болохыг хэн ч таашгүй юм.  Өөрөөр хэлбэл ямар замаар зарж, хэний халаасанд орох нь одоогоор тодорхойгүй.

Жилийн орлого, үндсэн хөрөнгө гээд бүхий л үнэт зүйлсийг тооцоолж үнэлсэн гэгдэх дээрх үнэ зах зээлд хэр бодитой тоо вэ? “Оргил” рашаан сувиллыг жишээ болгон авъя.

ОРГИЛ ЯАГААД ҮНЭГҮЙДСЭН БЭ?
1972 онд анх байгуулагдсан, сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа гэгдэх уг сувилал тэгтлээ үнэгүйдсэн үү?

Сангийн яамнаас авсан мэдээгээр,

  • 2012 онд “Оргил” рашаан сувиллын өр төлбөр 7.0 сая төгрөг, авлага 0.2 сая төгрөг, цэвэр ашиг 646.2 сая төгрөг байсан бол
  • 2015 онд 5.8 сая төгрөгийн өртэй, -236.6 сая төгрөг алдагдалтай ажиллажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэд үйлчилгээ, тав тух, орчинд ихээхэн ач холбогдол өгдгөөс сүүлийн жилүүдэд амрагчдын тоо эрс багассан байна.

Үйлчлүүлэгчид нь хэмхрэх шахсан ор, хуучны тавилга, хөгцөндөө баригдсан өрөөнөөс шалтгаалж даатгалаараа хэвтэх эмээ, өвөөгөөр хязгаарлагдах болсон гэнэ.

Тэдэнд урсгал засвараас өөр капитал засвар хийх хөрөнгө байдаггүй учир үйлчилгээг нь илүү сайжруулж, орчныг нь орчин үеийн стандартад нийцүүлж чадаж байвал нүдээ олсон хувьчлал хийхийг буруушаахгүй байгаа юм.

Өмнө нь жилийн орлого 500-600 сая байсан бол сүүлийн жилүүдэд хэвтэх иргэдийн тоо харьцангуй цөөрснөөс 300-400 сая, түүнээс ч бага ашигтай болсон учир зарим үед ажилчдадаа цалингүй чөлөө өгч амраах, хүн хэвтүүлэх квот өгч тоогоо гүйцээсэнд нь цалинг нь бүтэн олгох болсныг ч эх сурвалж өгүүлэв.

ОРГИЛ РАШААН+СУВИЛАЛ+ГАЗАР=?

Оргил рашаан сувиллыг хувьчлах доод үнэ нь 7 тэрбум.

Өвөө эмээ нараас өөр зорих хүнгүй болсон гэгдэх Оргил сувилал долоохон тэрбумын үнэд хүрэх нь үнэнд хэр нийцэх вэ?
Сангийн яамны мэдээлснээр 100 хувийн өмчит рашаан сувиллын нийт хөрөнгө 5.2 тэрбум төгрөг гэжээ. Энэ нь зөвхөн сувиллын барилга, тоног төхөөрөмж гээд нүдэнд харагдах материаллаг хөрөнгө.

Үүнд нөхөн сэргээх 29 төрлийн эмчилгээ бүхий 280 ор бүхий сувилал, сэргээн засах эмчилгээ багтаж байна.

За тэр ч яахав. Олон жил капитал засвар гэгчийг мартсан байгууламжийн хувьд бодитой үнэлгээ байхыг үгүйсгэхгүй.

Харин үүнээс цаана мөнгөөр ч үнэлээд баршгүй баялаг нуугдана.

Баячуудын гэгдэх хотын А зэрэглэлийн бүсэд Оргил оршино. Өмнө нь 10 гаруй га газартай байсан бол “хумсалсаар хумсалсаар” өнөөдөр 7 хүрэхгүй га газартай болжээ.
Шуудхан хэлбэл, сувиллын газарт нүд улаан хүмүүсийн нүдний хор ороод удаж буй.

Тэд яагаад алга дарам газрын төлөө хууль дүрэм, ёс суртахуун, хүн чанар, амь амьдралаа дэнчин тавин үхэлддэг вэ. Монголын бэлтэй хүмүүсийн хошуурдаг Зайсангийн бүсэд 7 га газар ямар үнэтэй байдаг бол?

“Зайсангийн А зэрэглэлийн бүсэд төвийн шугамтай холбогдсон газар зарна” гэсэн зарын дагуу утас цохилоо.

  • Сайн байна уу, Зайсанд газар сонирхож байна.
  • Ямар газар вэ хө, зориулалт нь ямар юм. Албан газрын уу, эсвэл амины орон сууцных уу?
  • Аль алиныг нь л сонирхож байна. Үнэ ханш нь ямар байгаа вэ. Эхлээд жаахан судалъя гэж бодлоо.
  • Надад яг хотын төвдөө ойрхон Зайсанд оффисын зориулалтаар барилга барих боломжтой газар байна.  Нэг га нь нэг сая доллар. Харин амины орон сууц барих газар дунджаар нэг га нь 400-500 сая төгрөг. Яг алийг нь сонирхох вэ. Бэлх, Хийморийн овоонд сайхан газрууд бий шүү гэв.

Ийм яриа өрнүүлж дахин залгахаар тохиролцон утсаа тасаллаа.

1 га газар 1 сая доллартай тэнцэнэ. Өнөөдөр долларын ханш 2463 төгрөг байна. Үүнийг сая долларт үржүүлбэл 2.4 тэрбум төгрөг буюу газрын үнэ гараад ирнэ.

Тэгэхээр рашааны ундаргатай, төвийн шугамд холбогдсон, хотын төвтэй хаяа дэрлэх Оргил рашааны 7 га газрын үнэ 20-ид тэрбум болж талийж өгөх нь.

Эндээс Оргилын хамгийн үнэтэй баялаг болох газар, рашааны үнэ цэнийг шингээлгүй зөвхөн барилга төдийхнөөр нь үнэлсэн тодорхой.

Сувиллын чанар муудсан, барилга эдэлгээгүй болсон, алдагдалтай ажиллаж байгаа нь Оргилыг үнэгүйдүүлэх нэг бодлого гэлтэй…

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

ЭХ СУРВАЛЖ: http://news.gogo.mn/r/197245


URL:

Сэтгэгдэл бичих