Гишүүдийн тавьсан Тавантолгойг тойрсон асуултуудад хариуллаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нарын Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг “Энержи ресурс” ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуултад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хариулт өгсөн байна.

Д.Зоригтын мэдээлж буйгаар Засгийн газраас 2007 оны арванхоёрдугаар сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон ажиллуулж, тус ажлын хэсэг “Энержи ресурс” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлыг дөрвөн сарын турш олон хувилбараар хэлэлцжээ. Ингээд “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан зургаан лицензээс таван лицензийг төр өөртөө шилжүүлэн авч Тавантолгойн нүүрсний ордоос тусдаа орд болох Ухаахудаг ордод ашигт малтмалын ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэж Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал н.Лхагвадорж нар 2008 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан байна. Ухаахудагийн ордын тусгай зөвшөөрлийн талбайд ногдох нөөц нь Тавантолгойн нийт нөөцийн дөрвөн хувьтай тэнцэж байжээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордод төрийн эзэмшил 50 хүртэл хувьтай байж болно гэж зааснаас илүү хувийг төр өөртөө авч үлдсэн нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн асуудал болсон гэжээ. Тавантолгой ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор баталжээ. Тогтоолд төрийн өмчит аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагаа явуулж “Эрдэнэс-Тавантолгой” компанийг “Эрдэнэс МГЛ” компанийн охин компанийн хэлбэрээр байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг зааж өгчээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн дүрэмд уг компани 15 тэрбум ширхэг хувьцаатай байхаар заасан байна.

Монгол Улсын иргэдэд эхний ээлжинд хувцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн, татвар төлж буй аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр борлуулах, хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж ордыг ашиглахад хэрэгцээтэй хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлыг тогтоолд заажээ.

Стратегийн ач холбогдол бүхий ураны Дорнод, Мардай, Гурванбулагийн ордуудыг ашиглах асуудлыг Цөмийн энергийн хуулиар хэрэгжүүлэх юм байна. Уг хуулийг батлахаас өмнө ураны орд эзэмшүүлснийг шилжүүлэн шинэчлэн бүртгэж байгаа аж. Асгатын мөнгө, Цагаансуваргын ордуудын асуудлыг Ашигт малтмалын хуулийн дагуу зохицуулж байгаа юм байна.


URL:

Нэр: Augustus Robateau Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.