Эрх зүйн орчингүй эрүүлжүүлэх

197579-05122016-1480932764-1735421339-Zgm

Эрүүл мэнд болон Хууль зүй, дотоод хэргийн яамны хооронд согтуучуудыг яах вэ гэсэн маргаан байсхийгээд л дэгддэг боллоо. Архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрт аваачиж эрүүл болгодог байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэнээс энэ маргаан дэгдсэн юм. Эрүүл мэндийн яамныхан цагдаагийн мэдэлд буцааж шилжүүлэх талаар хөндөж буй ч Хууль зүй, дотоод хэргийн яамныхан ийм зохицуулалт хийхээс эрс цааргалж байна.

Уг нь архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эмнэлгийн мэдэлд шилжүүлсэн явдал нь орос ах нарын туршлагаас улбаатай. Анх эрүүлжүүлэх гэдэг нэр томъёо ч хойд хөршид үүссэн юм билээ.

Бүр 1902 онд Тула хотод нэгэн эмч хүмүүнлэгийн журмаар эрүүлжүүлэх байр байгуулснаар согтуу иргэдийг түр саатуулдаг газар үүссэн түүхтэй аж.

Үүнээс хойш 1931 онд Петербургт эрүүлжүүлэх байр барьж, цагдаагийн байгууллагын мэдэлд байлгадаг болжээ.

Эмнэлэг согтуу иргэдийн хоног төөрүүлэх газар болсон

Ийн хөрш ах нарын нөлөө Монгол руу давалгаалж, Улаанбаатар төдийгүй аймгууд эрүүлжүүлэх байртай болж, согтуучууд гудамжинд хөлдөх эрсдэлээс хамгаалагдсан нь энэ. Гэвч оросууд эрүүлжүүлэх байрыг 2011 онд хааж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр хуульчлан зохицуулжээ. Ингэхдээ ОХУ гурван зүйлийг нарийн заасан байна. Тухайлбал, архи хэтрүүлэн хэрэглэж ухаангүй болсон, зүрх нь хаагдах эрсдэлтэй хүмүүсийг түргэн тусламжийн байгууллагад хүргэх, хөнгөн согтолттой бол цагдаа гэрт нь аваачиж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөр хуульд заажээ.

Мөн согтсон үедээ бусдыг хэл амаар доромжилсон, амгалан тайван байдалд саад учруулах үйлдэл гаргасан бол цагдаагийн байгууллага хянаж, эрүү үүсгэх зохицуулалт хийсэн байна. Хойд хөршийн энэ шийдвэрийг манай улс аанай л дагав. Тодруулбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2014 оны аравдугаар сараас эхлэн эрүүл мэндийн салбарт уг хуулийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг өгсөн. Ингэснээр эрүүлжүүлэх байрууд эмнэлгийн харъяанд шилжив.

Хойд хөршийн мөрдлөг болгодог зарчмыг манайхан үлгэрлэн дуурайж, ягштал хэрэгжүүлж чадсангүй. Эрүүлжүүлэх байранд саатууллаа ч төлбөр төлөх боломжгүй, орон гэргүй гудамжны архичдыг эмнэлэгт аваачаад өгчихдөг нь асуудал болоод байна.

Учир нь мөнөөх гудамжны архичид өдөржин гадуур тэнэчихээд орой болмогц эмнэлэгт өөрсдөө очиж хоног төөрүүлдэг болжээ. Харин маргааш нь эрүүлжээд явахдаа эмнэлгийн багаж хэрэгслийг хулгайлаад явчихдаг аж. Тэгээд ч хүнд өвчтэй хүмүүст ихээхэн дарамт болдог байна. Өнгөрсөн хугацаанд согтуу иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр очсон эмч нарт агсам тавих, зодох, цохих зэргээр зүй бус авирлаж, эмч, эмнэлгийн ажилчдын биед гэмтэл учруулсан тохиолдол цөөнгүй гарчээ.

Түүнчлэн согтуу иргэдэд архины хордлого тайлах эмчилгээ хийх явцад эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлыг эвдэх, танхайрах, тухайн орчноо бохирдуулах, эмч, ажилчдыг доромжлох, заналхийлэх тохиолдол ч гарсан байна. Согтуу иргэдийг эмнэлгийн мэдэлд шилжүүлснээр эрүүлжүүлэх үйлчилгээ сайжраагүй хэмээн эмч нар дүгнэдэг.

Иймээс Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиа эргэн харах цаг болсныг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эрүүл мэндийн яамнаас уг хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэх Ажлын хэсэг гаргаж, хуулийн төсөл боловсруулж эхэлсэн. Гэвч хуулийн төслийн талаар анхны хэлэлцүүлэг хийснээс хойш маргаан бүр ч хурцдав.

Өндөр хөгжилтэй орнуудын эрүүлжүүлэх байгууллага хэдийгээр эмнэлгийн мэдэлд байдаг ч үйлчилгээ, иргэдийн соёл, ухамсар гээд олон зүйл нь хууль хэрэгжүүлэх түвшинд хүрсэн байдаг аж. Харин манай улс ийм зохицуулалт хийх цаг нь хараахан бүрдээгүй байна гэж эмч нар үзэж байгаа. Өвчтөнүүдийг багтааж, шингээхгүй байхад согтуу хүмүүсийг хүлээж авахаар бүр ч хүндрэлтэй болдог байна.

Эмнэлэгт очиж буй хүмүүс нь голдуу архаг архичид буюу донтогчид байдаг тул ШШЕГ-ын харьяа “Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар”-т аваачих ёстой гэж эмч нар хэлж байв. Эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон явдал зөвхөн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй иргэдийг ч бухимдуулж буй юм. Иймээс эмч нар хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Архаг архичдыг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчихөөд төлбөрийн чадвартай хүмүүсийг нь цагдаагийн байгууллага өөрсдийн харьяаны эрүүлжүүлэх байрт аваачдаг гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Нөгөөтэйгүүр, хэрэв эмнэлгийн байгууллагад эрүүлжүүлэх мэдлийг шилжүүлж байгаа бол Архидан согтуурахтай тэмцэх санг Эрүүл мэндийн яамны харьяанд өгөх ёстой гэсэн асуудал ч хөндөгдөх болов.

Хууль дүрмээрээ эрүүлжүүлэх үйлчилгээг эмнэлэг үзүүлэх ёстой. Харин яаралтай түргэн тусламжийн газартаа хүнд өвчтөнүүдтэй хамт хүлээж авах биш, тусгай байранд байрлуулахаар зохицуулалт хийх шаардлага тулгарч буй. Гэвч өнөөдрийн байдлаар эмнэлгийн байгууллагын хүчин чадал бага, өвчтөнүүдэд байр хүрэлцэхгүй байхад хажуугаар нь согтуу иргэдийг хүлээж авахад бэлэн биш байна гэдгийг салбарын удирдлагууд учирлаж байсан.

Ингэхэд эмнэлэг эрүүлжүүлэхийн үүрэг гүйцэтгэж, өвчтөнүүдэд чирэгдэл учруулсан хэвээр байх уу. Цагдаагийн байгууллага мэдэлдээ авч хуучин жишгээрээ явах уу гэдгийг эцэслэн шийдэх нь зүйтэй байх.

Дотоодын архины үйлдвэрлэл буурч, импортынх нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд манай улсын архины хэрэглээ нэлээд нэмэгджээ. Тодруулбал, 15-аас дээш насныханд дэлхийн дунджаар 6.2 литр архи ногддог. Манай улсын ийм насны иргэдэд 2.62 пунктээр илүү байдаг гэсэн судалгааг эрүүл мэндийн салбарынхан гаргасан.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо буурчээ. Харин эсрэгээрээ импортын бүтээгдэхүүний хэмжээ эрс өссөн байна. 2008- 2015 онд дотоодод үйлдвэрлэж буй архи, дарсны хэмжээ дэлхийд тогтоосон стандартаас 1.6 дахин их буюу 2.995,949 литр байна. Импортын архи, дарс, конъяк, виски 5.5 дахин буюу 984.571,60 литр байгаа юм. Мөн архины хэрэглээг дагаад нийгэмд гарах сөрөг үзэгдэл ч буурахгүй байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан статистикийг сөхөхөд улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд 1.43 дахин өссөн, жилд 5476 орчим тохиолдол гарч байгааг дурджээ.

Архи, согтууруулах ундааны хэрэглээ, үүнтэй холбоотойгоор үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нөхцөлд авах арга хэмжээг нарийн зохицуулах нь зүйтэй болов уу.

Хуульд согтуу иргэдийн хаана аваачих вэ гэдгийг нарийн заасан байдаг. Тухайлбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 10.1, 10.2-т архидан согтуурсан иргэнийг тусгаарлах өрөөний цонх нь сараалжин хамгаалалт, хаалга нь гадна талаасаа түгжээтэй, хянах шагайвар, агааржуулах салхивч, модон шалтай байна гэжээ. Гэвч тусгаарлах өрөөг эрүүл мэндийн байгууллага дотор байгуулбал эмчлүүлэгчдийн тайван байдал, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй. Яаж ч бодсон эмнэлэг дотор шорон шиг тусгаарлах өрөө хийж, цонхийг нь төмөр сараалжаар хаачихвал мэдээж үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь ойлгомжтой.

Харин төр, засаг тусгай байр бариад өгчихвөл өөр хэрэг. Нэгэнт байгуулсан эрүүлжүүлэх байрандаа саатуулаад, эмч дэргэд нь эрүүл мэндийг нь хянадаг болговол эмнэлгийнхэн төдийгүй жирийн иргэдэд ч дарамтгүй зохицуулалт болох биз ээ. Үүний тулд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг эргэж харах шаардлага тулгарч байна.

Б.Гандолгор

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.