Ц.Шаравдорж: Ч.Улаан гишүүн Танд мөнгө бол байна, харин хүн чанар бол алга

15310464_1229595377134687_825443075_n-810x540

МАХН  аа сонгуулийн өмнөхөн орхиж МАН-д элсэн, УИХ-ын гишүүний суудалд дахин заларч чадсан Ч.Улаан гишүүнд бууриа сахиж үлдсэн хуучин намынх нь журмын нөхөр Ц.Шаравдорж захидал илгээсэн байна. Түүний захидлыг бүрэн эхээр нь толилуулья.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮН Ч.УЛААНД

“Ч.Улаан, Д.Тэрбишдавга нар МАХН-аас гарч МАН-д орсон гэнээ” гэсэн мэдээг сонсоод миний хувьд нэг их санаа зовоогүй юм. Ар өврөөс нь элдэв үг ч дайя гэж бодсонгүй. Нам маань цэвэршиж, тэд маань бохирдож байна даа гэж л бодож байлаа.

Ер нь хүн өөрийн араншингаа гаргаж, тооцоон дээр суурилсан сонголт хийж байгааг нь хорьж болохгүй, харж дүгнэхээс өөр гарц үгүй. Хүмүүн ерөөс чанар, чадал, чансаагаараа харилцан адилгүй байдаг хойно. Харин та хоёрын хийсэн үйл бол үнэнийг худал, худлыг үнэн болгосон хэрэг байв. Мөн очсон газраа “идээшиж” дасахыг оролдохын оронд ардаа үлдсэнд шүлсээ үсчүүлээд байгаа нь буруугаа зөвтгөх гэж будилж байгаа хэрэг юм.

Гэмт хүн гилбэлзэнэ гэдэгсэн, зарим хүн тэг­дэггүй юм байна. Та  хэдхэн хоногийн өмнө “Үндэсний шуудан” сонинд “Би зургаан Засгийн газарт ажиллаж сайн, мууг нь үүрч  их л нүгэл хураасан хүн” гарчгийн дор томоохон ярилцлага өгчээ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр санаж бодож яваагаа хэлсэн шиг байна. Тэгвэл би ч гэсэн хэдэн үг хэлье.

Таныг зургаан Засгийн газарт ажиллаж, тэр бол­гондоо Сангийн сайдын өндөр албан тушаалд ажил­лахад МАХН-ын ит­гэл зүтгэл байсныг үгүйс­гэхгүй биз. Дараа нь нам хоёр хуваагдсан үед бас л намын ачаар МАХН-д хуваарилагдсан албан тушаалын өрмийг нь танд барьж билээ. Гэтэл Та намдаа хусмыг нь ч өгөөгүй юмдаг. Ийнхүү, Таныг хайрлаж, танд итгэсэн журмын нөхөд чинь горьдож, гундаж, бас гомдож байсан юм. Үгүй ядахад Та нар төр барилцан даналзаж байхдаа, намын дарга чинь эзгүй, хүнд хэцүү үед муу намдаа нэг удаа гар сунгаж байсан уу. Монгол эр хүний ёс жудаг байдаггүй юмаа гэхэд орчин үеийн өгөө аваа яасан бэ, нөхөд өө.

Намын төв аппаратаа харж ханддаггүй юмаа гэхэд, таныг өдий хүргэсэн, өнөөдөр авч яваа Сүхбаатар аймгийнхаа МАХН-ын байгууллагыг огтын анхаардаггүй байсан хэрнээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүн чанараа умартан байж, албан тушаалыг санагалзан байж МАН-д очихдоо Сүхбаатар аймгийн МАН-ын хороонд 100 сая төгрөг бэлнээр гардуулж өгөөд сонгуулийн ажилдаа орсон гэнэ билээ. Үүнийг сонсоод, “Гарын таван хуруу”-ны Шагдар, түүнд хаягдан үлдсэн өнчин та­ван хүүхдийн түүх өөрийн эрхгүй бодогдож билээ. Тэгэ­хээр Танд мөнгө бол байна, харин хүн ча­нар бол алгаа. Нэмээд хэнд долигонох, хэнийг дээ­рэлхэхээ бас мэдэж байна гээч.

Таны “Үндэсний шуудан”-д өгсөн ярилцлага чинь МАН-д ая тал зассан, танай намд хэрэгтэй нэгэн шүү гэдгээ ойлгуулах гэж хичээжээ. Энэ зөв. Айлд хонож байгаа хэн ч бодолтой л байх хэрэгтэй, бас хичээх ч хэрэгтэй. Харин хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдгийг бол монголчууд үзэн яддаг юм шүү дээ. Таны хийж байгаа тооцоо, бодлыг Монгол түмэн ядах юмгүй ойлгож байна, ойлгогдож ч байна.

Сонин хэвлэлд, Сангийн сайд Б.Чойжил­сүрэн тэргүүтэй дөрвөн сайдыг огцруулах тухай яриад эхэллээ гээд нийгэм шуугиж эхэлтэл Ч.Улаан гуай бас уухилж эхэлдэг байгаа. Ямар муу “юм үзээгүй Дэмбэрэл” биш, таны хэлдгээр зургаан Засгийн газарт ажиллаж байсан хүн одоо юунд нь тэгж улайрдаг юм. Харин ч, энэ Засгийн газрыг тогтвортой байлгах талаар тэмцэж байх ёстой хүний нэг юмсан. Юм үзсэн хүн шиг бай л даа.

Таныг ярилцлагыг ха­раад хүмүүс “нөгөө сийм­хийгээр нь гүйж сурсан Ч.Улаан чинь одоо энэхэн сиймхийгээр бас гүйх нь, Сангийн сайдын албан тушаалд очих санаатай даг” хэмээн мөн шуугиж эхлээд байна. Ер нь бол, юу нь болохгүй билээ. Гэхдээ, энд бас нюанс байгаа юм. Та өөрөө харахгүй байгаа бол, би хэлээд өгье. Нэгдүгээрт, МАН гэдэг том саванд Сангийн сайд хийгээд, улсынхаа хөрөнгө мөнгөний алтан сан хөмрөгийг аваад явчих хүн энэ салбараас тэс хөндлөн Б.Чойжилсүрэн, салбартаа бурх­наас буг болтлоо бай­сан Ч.Улаан нараас өөр алга гэж үү дээ. Хоёрдугаарт, нөгөө миний дээр хэлдэг, Монголчууд хойноос ирээд хот минийх гэвэл одоо дүүрч, хотонд ирээд хонь минийх гэдгийг бол ёстой үзэхгүй шүү дээ. Монгол Ардын Нам /МАН/ бол уг нь монголчууд юм шүү дээ. Тиймээс, хийсэн гэмээ ухаараад, хүн шиг байх бол өөр шүү. Түүнээс биш, урагшаа ч харж, арагшаа ч эргэж боргоод байвал урд чинь хөндөлсөх МАН-ынхан ч, ард чинь хоцорсон МАХН-ыхан ч дуугүй хараад байх нь юу л бол.

Та ярилцлагадаа, “…нэг нам нь аяндаа задарч, сарниж байна/МАХН-ыг хэлж байгаа юм байна-Ц.Ш/. Нөгөө нам руугаа аяндаа төвлөрөл явж байна. Тэгвэл одоо нэг нам маань  л томорч үлдэнэ” гэсэн байна. Хальтхан харвал гэмгүй юм шиг атлаа “хорлон”-той үг хэллэгийг хэлсэн байхаар чинь би энэ хэдэн үгийг Эрхэм гишүүн Ч.Улаан танд хүргэж байгаа юм шүү.

Ер нь сүүлийн үед МАН руу явсан зарим нөхөд энэ маягийн, тухайлбал, “2020 он гэхэд  МАХН-ын бүх хүмүүсийг урвуулна, са­­наанд багтаж байна” гэх мэт яриа гаргаад явж бай­гааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Та ч ярилцлагадаа, “…Илт давамгай ийм үед уусна гэдэг асуудал л яригдана шүү дээ” гэж хэ­лээд авахаа мартсангүй. Манжийн дарлалын үед уусаагүй Монголчууд, МАН+АН-гийн дарлалд уусна гэж үү. Үгүй л болов уу.

“Хүний олон хүнээ барьж иддэггүй” гэх үг бий, “Гэнэт олдсон хоол гэдсэнд хортой” гэх үг ч бас бий.  Хорвоогийн жамыг хэмжих Таны цензур ийм юм гэж үү, орчин үеийн хэллэгээр бол аз жаргалын индексийг тодорхойлох арга чинь бол бүр ч хачин юм байна.

Хэдэн хүн явснаар МАХН-ыг “задарч, сарниж байна” гэж бодоод байна л даа. Жингийн цуваа явдгаараа л явж байгаа хө. Чухал үед ар өврөөс хутгалдаг, хорлодог хүмүүс явж байх нь дээр юм байна. Харин ч нам цэвэршдэг юм байна. Өврийн хүүхэн өдрөөс илүү тогтохгүй гэдэг нь улс төрд ч байдаг юм байна, эр хүнд ч байдаг юм байна. Өдрөөс илүү тогтох ёсгүй хүнийг тогтоох гээд ч яанам билээ. Жингийн цуваа явдгаараа л явахаас хойш.

МАХН том эрх мэдлийн төлөө биш, том мөнгөний төлөө биш, харин том үйл хэргийн төлөө явж байгаа нам.

Та нар МАН руу очсоноо “голын нэг эргээс нөгөө эрэгт гарсан” гэж тайлбарлах гээд байна. Голын нэг эргээс нөгөө эрэг рүү гарснаасаа илүү гол дунд нь осолдсон хүн олон байдаг юм шүү. Яахав, та өөрийгөө “сайн сэлдэг” гэж үзээд байна, одоохондоо ч бас сэлж л байна л даа. Гэхдээ л, олон түмэн  “сайн сэлдэг” гэж дандаа үнэлээд байх нь юу л бол. Тэгээд ч голын эрэг нь мэдэгдэхгүй болчихсон, нэг эргээс нөгөө рүү очигсод  бий болсноос “МАН-АН” үүсч, олон түмнийг төөрөгдүүлсэн, дундын төл “олигархи бүлэглэл” нь үүссэн, тэд эргээд хоёр намаа идэж, намууддаа ч, Монголдоо хор аюул  учруулж байгааг монголчууд харж байна.

“Нөгөө нам/МАН-ыг хэлж байна-Ц.Ш/ руугаа төвлөрөл  явж байна. Тэгвэл одоо  нэг том нам  маань томорч үлдэнэ” гэсэн байна билээ. Ер нь бол аль нэг нам нь жинхэнэсээ томроод монголчууд нэг л том намтай байх нь дээр юм. Харин энэ удаагийн МАН-ын томрол бол таны мэдэх эдийн засгийн хэллэгээр “хөөс” байх вий дээ. Тэр “хөөс” гэгч чинь голчлон хямрал дагуулахаас гадна хагарч, шалчийх аюул дагуулдаг бус уу.

АН “жаргал даахгүйн зовлон” гэгч болсон бол МАН “итгэл даахгүйн зовлон” гэгч болохгүйн төлөө ажиллах хэрэгтэй байна. Манай улстөрчдийг Жигмэд, Тогмид хоёроор зүйлүүлж болохоор санагддаг юм. Идсээр байгаад өөрийнхөө гэдсийг дүүргэх биш, түүсээр байгаад түмнийхээ савыг л дүүргэх учиртай юм даа.

Та харин ярилцлагадаа нэг зүйлийг үнэнээр, тухайлбал, “Би зургаан Засгийн газарт ажиллаж, …их л нүгэл хураасан хүн” гэж хэлжээ. Би энэ удаа та нарын ёс зүй, хүн чанарын чинь тухай яривал дуусахгүй ээ, олон л “нүгэл” дуулддаг юм! Тухайлбал, “Хадгаламж” банкийг дампууруулахад хүргэсэн таван тэрбум гаруй төгрөгийн асуудал хуулийн байгуулагуудын хаа нэгтээ байгаа л байх. Цаг нь ирэхэд “нүгэл”-ээ шүүлгэх хүн өнөөдөр Монголд даанч олон байх юм даа! Аливаа юманд цаг хугацаа гэж бий.

За би муу Ч.Улаандаа өөрийнхөө бодож байгааг, өрөөлийн шуугиж байгааг дуулгалаа. Гэхдээ, Улаан гуай бол ийм үг хэлүүлэх “гай”, “гавьяа” хоёрын аль алиныг нь өөрөө гардан хийсэн хүн. Би ч, бид ч, МАХН ч Ч.Улааныгаа хайрлахын ихээр хайрлаж, итгэхийн ихээр итгэж байсан болоод ч тэрүү, өөрөөс чинь аяндаа гараад байгаа аашинд чинь ийнхүү тааруулж хэдэн үг хэлэв.

Явж болно оо, зүгээр л яв л даа. Заавал нэгэн цагт хамт зүтгэж явсан нөхдөө, бахархаж байсан намаа, шүтэж байсан даргаа, амьдарч байсан орчноо нулимж байхын хэрэг юу байна. Нэгэнт танигдсан нүүрээ халхлах гэж, уруудсан нэрээ өсгөх гэж ийм арга хэрэглэх нь бүр ч ядарсан хэрэг.

Хүндэтгэсэн, МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж

 


URL:

Сэтгэгдэл бичих