Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар байна

rchl86njv2ser94nrhd5vv066Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаалтан оффшор бүст данстай байхыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан ч хууль санаачлагчид буцаахаар шийдэв. Уг асуудлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулснаар зохицуулахаар тусгасан.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Оффшор бүстэй холбогдуулан олон улсын толгой эдийн засагчаар ажиллаж байсан хүн нэлээн том судалгаа хийсэн байдаг. Түүний судалгаагаар оффшор бүсэд 32 хүртэлх их наяд ам.доллар байна. Үүний тал хувь нь хөгжиж байгаа орнуудаас байдаг. Хөгжиж байгаа орнуудаас байгаа мөнгө нь тухайн улсын нийт гадаад өрнүүдээс хол давсан их хэмжээтэй байна. Зөвхөн тэр мөнгөнөөс нь хууль ёсны татварыг авбал тухайн улс орон гадаад өрөө бүрэн дарах боломжтой гэсэн тооцоо судалгаа хийсэн байдаг. Гадаад улс орнуудаас уг мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг төвлөрүүлэх ажиллагааг идэвхтэй хийж, улс орондоо татах  тусгай комисс байгуулсан байгаа. Их Британийн Татварын албанаас  тусгай комисс гаргаад эх үүсвэрийнх нь татвар төлсөн байдлыг шалгаж, улс орондоо төвлөрүүлэх арга хэмжээ авч байна. Улс төрчид хариуцлага хүлээж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Пакистаны Ерөнхий сайд үр хүүхэд нь  оффшор данстай байсны төлөө Дээд шүүхээр орж байна. Зөвхөн энэ хууль байхгүйгээр манай улсын агентлаг, татварын албаддаа чиглэл өгөөд оффшорт байгаа мөнгөнийнх нь эх үүсвэрийг шалгаж, хууль бус бол хууль хяналтын байгууллагатай хамтарч улсдаа татах хэрэгтэй. Хууль ёсных бол зохих ёсоор татварыг нь авах ажиллагааг явуулах боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагааг огт боломжгүй болгосон оффшор эзэмших улстөрчид, тэдний гэр бүлийг хамгаалсан хуулийн төсөл оруулж ирж байна.

 

Энэ хуулийн төсөлд “албан үүргээ гүйцэтгэх үедээ” гэж оруулж иржээ. Амралт чөлөөт цагаараа байхдаа оффшор бүсэд очоод данс нээлгэх, аж ахуйн нэгж байгуулах боломжийг олгожээ.  Мөн гадаад улсын нутаг дэвсгэрт гэж заасан нь хэт ерөнхий байдалтай, хуулийн хийдэл гаргах боломжийг нээж өгсөн байна. Цаашлаад энэ албан тушаалтнууд нь эмнэлэгт үзүүлэх, сургалтын зорилгоор албан үүргээ гүйцэтгэх үедээ оффшор данс нээх хууль эрхзүйн орчинг нээж өгчээ. Жишээлэхэд оффшорт мөнгөө байрлуулахдаа тухайн улсын  нэг эмнэлэгт шинжилгээ өгөөд баримтыг нь аваад ирдэг. Ингэснээр  “Эрүүл мэндийн шалтгаанаар шинжилгээ өгөөд, данс нээлгэлээ. Тэнд байршуулсан мөнгөө хагалгаа хийлгэх үедээ хэрэглэнэ” гэсэн хуулийн хамгаалалтад автоматаар орж байна.  Оффшорт данс нуудаг зөрчил нь гэр бүлийн гишүүдээрээ дамждаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийг оруулъя гэхээр Үндсэн хууль зөрчинө гэж байна. Засгийн газарт Үндсэн хууль тайлбарлах  эрх бий юу?

 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр:

-Энэ хуулийг тойрч гарч байгаа маш олон саналын гол цөм нь “гадаад улсад мөнгөн хөрөнгө байршуулах, данс нээх, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг тухайн төрийн албан хаагч, улстөрчийн гэр бүл, төрөл саданд нь хамаатуулж хэрэглэх үү” гэсэн асуудал. Хууль санаачлагач Засгийн газар энэ асуудлыг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Энэ байр суурин дээр хэвээрээ байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутны ял зэмлэлийг гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасан.  Ашиг сонирхлын зөрчлийн хуульд зааснаар төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг гишүүдийн  хөрөнгө орлого, дансан дахь мөнгийг ч мэдүүлдэг үүрэгтэй. Үүнтэй адилхан юм  биш үү гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тэр бол үүрэг хүлээдэг заалт. Энэ үүргээ зөрчсөн тохиолдолд тухайн  төрийн албан хаагч ажлаас халагдах захиргааны шийтгэл хүлээх заалт одоо үйлчилж байгаа. Харин энэ хуулийг дагаж Үндсэн хууль зөрчигдөж байгаа гэдэг шүүхийн шийдвэр ч гарч эхэлсэн. Тиймээс энэ Үндсэн хуулийн заалт руу орж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Би Хуульзүйн дэд сайдтай санал нэг байна. Үндсэн хуулийн заалтыг бид биелүүлэх ёстой. Түүнээс өнөөдөр нэг хууль оруулж ирэнгүүтээ Үндсэн хуульд халдаж болохгүй.  Гадаадад сурч байгаа хүүхдэдээ цайны мөнгө явуулна, эмнэлгээр явж байгаа хүмүүст  дансанд мөнгө байршуул гэдэг. Энэ хүмүүсийг данс нээлгэж болохгүй гэж хэлэх үү.  Бусдад халдааж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ хуулиар гэм буруугүй асуудал яриагүй. Үр хүүхдийн асуудлыг л хуулинд тусгах гээд байгаа юм.  Үндсэн хуулийн зөрчил та нарт падгүй. Гадаадад гэдэг нэр томъёо болохгүй байна. Оффшор бүсэд гэдэг заалт хийхийг Ц.Мөнх-Оргил тодорхойлж байсан. Тэр нэр томъёог нь оруулж ирж.  Үндсэн асуудал дээрээ дахиад ажилла. Оффшор гэдэг тодорхойлолтоо оруул. Түнээс бус гадаадад сурч байгаа хүүхэд дансанд мөнгөө байршуулахыг оффшор гэж үзэхгүй. Ард түмэн хулгай луйвар таслаад өг гэж хүсээд байна. Зарим нь үр хүүхдийнхээ нэр дээр хулгай луйвар хийсэн нь ил болж байна. Тиймээс энэ хуулийн хэлэлцүүлгийг хойшлуул.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Харин гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаах санал гаргасан юм.  Түүний саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.

Н.Энхлэн


URL:

Сэтгэгдэл бичих