Багын найз

14520339_911977752266517_4388297797508659054_n_500x500 (1)Багын найзаа санахаар зүрхний утас хөндөгдөөд,

хөндөгдсөн сэтгэл хачин ихээр үймрэх юм
Томоогүй насны ижил өнгөт минь, тун ч олон өдрийг жаргалтайхан өнгөрөөсөн дөө бидэн
Тоотой хоногын алсхан зөрөгт тогоруу шиг цувран холдсон ч, хонхон цэцэг, эрвээхэй нүдэнд хонгорхон насаа нууж амжсан
Гар гараасаа тавиагүй солонго шиг өдрүүдэд өвсний шүүдэрт инээд цутгаж, өрмөн талдаа цэцэг шиг ургасан
Ганган насны нөхөрлөл минь ээ,..гайхалтай тунгалаг үерхэл минь
Зүүдний хөлгөөр үүлс дамнан надруу ирж, зөндөө удаан хамтдаа наадах юм бидэн
Зүс гундаж нас бууралтсан ч бие биендээ зүггүй охид хэвээрээ байх, дэгжин сүлжээт навчсыг титэмлэн зүүж нэгнээ гоодох
Тэнгэрийн сахиус, сарны гүнж минь,..оддоос надад онцолж сонгосон омголон насны гэрэл шиг анд минь
Танхил гивлүүрт хайраар чинь сэтгэлээ тэврүүлэх гэж чамайгаа санах юм
Танил торгон инээдээр чинь зүрхээ ихэрлүүлэх гэж чамайгаа үгүйлэх юм
Үрсээн тойруулсан гэргий тавилант болсон ч, үймэрч дарвисан насаа хааяа нэг тольдоод
Үеийн хэдэн найзуудаа цуглуулж, үрчлээт хорвоог толийтол цэнгэе, үсэн дэх тууз , чихрийн цаас, үлгэрийн дурлалаа нэхэн санаж үзэсгэлэнт ертөнцөөрөө хэсэгхэн саатъя…
Х.ДУЛАМСҮРЭН
 
“Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” номноос

URL:

Сэтгэгдэл бичих