Бид сэрэмжлүүлэх гэж байгаа нь гээд давхар сурталчилгаа явуулаад байх шиг

Хар тамхи гэх ерөнхий нэршил задарч, каннабис, мариухан, шавар, айс /ice/, кокайн гээд хэвлэлийн хуудсыг чимэх болж. Хүүхэд залуус ч энэ тухай нээлттэй мэдээ, мэдээлэлтэй болчихсон байна. Хар тамхи гэгч аймшигт тахал гэж сэрэмжлүүлдэг байсан бол одоо архинаас хэдэн дахин хүчтэй мансууруулагч хэмээн сурталчлах нь холгүй болсон байна. Ердөө тавхан жилийн өмнө хар тамхи гэгчийг тээвэрлэдэг орон болчихсон байна гээд бичиж байснаа санаж байна. Хоёр их гүрний дунд оршдог учраас тээвэрлэгч байхаас аргагүй тухай дүгнэлт гаргаж байлаа.

 

Тэгсэн одоо бид тээвэрлэгч бус харин хэрэглэгч орон болж хувирсан байна. Жилдээ 30 гаруй мянган залуус мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэдэг гэсэн судалгааны дүн мэдээг орж эхэлжээ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ш.Лхагвасүрэн өгчээ.

 

 

 

1481167733_tamhi

Гуравхан сая хүнтэй Монгол улсын 30 гаруй мянган залуус хар тамхи гэгчээс хамааралтайгаар амьдарч байна гэнэ шүү дээ. Гэвч энэ тоо жил бүр өссөөр л байгаа аж. Өнөөдөр яг хэдэн хүн хар тамхитай хамааралтайгаар амьдарч байгааг хэлэх тодорхой судалгаа, мэдээлэл алга зарим тохиолдолд 70 орчим мянган иргэн гэх мэдээлэл ч байдаг байна. Гэхдээ ч нарийвчлан судлах тусам л хамааралтай иргэдийн тоо өссөөр байгааг анзаарч болно. Өөрөөр хэлбэл Монголын залуусын нэгээхэн төлөөлөл хар тамхи гэгч зүйлийн хэрэглэгч болчихжээ. 

 

Энд хэн буруутай вэ. Нийлүүлэгч хоёр орны дунд амьдарч байгаа нь бидний буруу. Гэхдээ л үүнээс хол байж болох л байлаа. Мансууруулагч Монголд огт байгаагүй гэж хэлж болохгүй. Гандангийн хятадууд хүчтэй мансууруулагч ашигладаг байсан тухай мэдээллүүд байдаг. Мөн Орос, Германд сурч байсан зарим оюутнууд хар тамхинаас хамааралтай болсон тухай ч мэдээллүүдийг сонин хэвлэлээс уншиж байлаа.

 

Тэгвэл энэ цаг үед бохь шиг л худалдаж авах нь холгүй болчихсон байна. Ер нь хаана хэн зараад байгаа тухай мэдээлэл хангалттай болчихож. Уг нь үүнийг л цэгцлэх ёстой юм шиг. Энгийнээр тайлбарлавал, хар тамхи гэгч зүйлийг хортой, буруу гэдгийг нь мэдээллэх гэж байгаад сонин, хэвлэлүүд өөрсдөө сурталчилгааны бай болоод байгаа юм биш үү гэж бодогдох боллоо. ”Архинаас 50-60 дахин хүчтэй мансууруулагч” гэдэг энэ л тайлбар залуу үеийг уруу татах шалтгаан болчихоод байна. Бүхнийг сонирхож, аялдан дагадаг насан дээрээ яваа өсвөрийнхөн архинаас илүү хүчтэй мансууруулагчийг хэрэглэж үзэхийг хүсч, нэг нэгэндээ уруу татагдаж, сүүлдээ түүнээсээ хамааралтай болж харанхуй нүх рүү унаж байна.

 

Тэгвэл бид юу хийж чадах вэ. Саяхан л хар тамхи гэдэг үгнээс өөр мэдлэггүй байсан бид өнөөдөр хар тамхийг дотор нь ангилж, сэтгэцэд нөлөөлөх нөлөөллөөр нь эрэмбэлэх чадвартай болчихсон байна шүү дээ. Бид сэрэмжлүүлэх гэж байгаа нэртэй давхар сурталчилгаа явуулчихаад байна.

 

За тэгвэл ингээд л зогсооё. Ирээдүйгээ энэ тахлаас аврахын тулд ядаж мэдээллээр хангахаа больё. Цахим ертөнц хөгжсөн энэ үед хайлтын системээс хүссэн мэдээллээ олчихдог болсон байна. Гэхдээ л ядаж Монгол хэл дээр ийм мэдээлэл олддоггүй байвал цөөн ч болтугай хүүхдийг ирээдүйн аюулаас хамаалж болмоор юм шиг. Бид хүссэн ч хүсээгүй ч тээвэрлэлт явагдсаар байх болно. Хэрэглэгчид ч амьдарч, сонирхогчдыг уруу татсаар байх нь мэдээж. Наймаачнаас эхлээд төрийн албан хаагчид, хууль хяналтынхан нь хүртэл энэ зүйлд хутгалдчихсан энэ үед ядаж үр хүүхдээ ч болов хамгаалах юмсан гэх хүсэлд автаж сууна. Бид тээвэрлэгч биш хэрэглэгчид болчихсон байна. Тиймээс сэрэмжлүүлэг нэртэй сурталчилгаагаа зогсоож, бага багаар ч болов “цагаан тахал”-ын эсрэг зогсох цаг болчихжээ.

 

Амар

Үндэстэн агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих