Яамнаасаа баян сайдтай, улсаасаа баян Ерөнхийлөгчтэй орны дугуй болчихлоо бид

24 баримт: Яамнаасаа баян сайдтай, улсаасаа баян Ерөнхийлөгчтэй орны дугуй болчихлоо бид

Энэ сарын 06-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулан намынхаа шинэчлэлийн талаар болон алдаа оноогоо дэнсэлсэн билээ. Энэ хуралд ихээхэн ач холбогдол өгч маш зөв шийдвэрүүд гараасай, нам шинэчлэгдээсэй, олигархуудаас салаасай хэмээн хүлээсэн дэмжигчид олон. Тэдний дотор Монголын ардчиллыг анхнаас нь өлгийдсөн улс төрийн дөрвөн хөдөлгөөний нэг Ардчилсан социалист хөдөлгөөний анхдагч ахмадууд Ша.Батбаяраар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, үг дайжээ. Нам дотроо болж буй буруу үйлийг хатуухан үгээр шүүмжилсэн 24 баримтыг онцлоё.


3d0mr21tmiij0vl62h3su1bfdv

1. Ганц удаа казинодохдоо 14 тэрбумыг хийсгэж байсан жишээ бий. МАН-ын ганц нөхөр шүү. Олсон ашиг нь ихэнхдээ гадагшаа офшор руу ч юм уу өөрсдийнх нь хэт тансаглалд л  зарцуулагдана. Худлаа гэх үү.

2. Харин ч аз уу эз үү манай өрсөлдөгч, одоо бол эрх барьж буй МАН-ын байж байгаа байдал, төр засгаа төвхнүүлэх гэхээсээ илүүтэй өр ширэнд улам улам унаган, улс орноо  барьцаалахаар хадаг барин гүйлдэх, элдэв татвар нэмэн иргэдийн халаас суйлах, уул хадны нэр солих төдийгөөс хэтрэхгүй ухандаж суугаа нь биднийг бүрэн мартагдахаас аварч байх шиг.

3. Яамнаасаа баян сайдуудтай, улсаасаа баян Ерөнхийлөгчтэй гэж Африкийн зарим улсыг шоглоцгоодог. Харин бид өөрсдөө тэдний өрөөсөн дугуй болчихсон байна нөхөд минь.

4. Улс орон тэр чигтээ хоосорлоо гэх. Үнэн хэрэгтээ хэдэн олигархууд  хоосолчихлоо гэвэл үнэнд нийцэх байх.

5. Бид Ерөнхийлөгчөөс өөрийнхөө намд хандив өг гэж, эсвэл давуу эрх олгооч гэж хүсээгүй. Харин манай намаас төрсөн Ерөнхийлөгчийн үед эх орон маань хөгжиж ард олон амгалан тайван аж төрөөсэй, өр ширнээсээ салаасай, авилгаас ангижраасай л гэж хүссэн.

6. Хэвлэл мэдээллээр бичээд байгаагаас үзвэл Ерөнхийлөгч маань өөрөө ч энэ бүхэнд тэр ч бүү хэл Эрдэнэт үйлдвэрийн асуудалд ч хутгалдсан бололтой. Манай Ерөнхийлөгч үе үехэн УИХ-ын чуулганы нээлтэнд хурц дайчин, уран гоё шүүмжлэл хэлж, тэрэнд нь гишүүд бид төдийгүй иргэд ч итгэн омогшиж, одоо л нэг эмх журмандаа орох нь сайхан хэллээ, сайн хэллээ гэцгээж нэг хэсэгтээ амсхийдэг байсан нь ужгирч, дэмий хошгирсноо ойлгон одоо бол бараг дахин битгий үг хэлээсэй гэх хүртлээ халширах болчихлоо.

7. Олигархуудын идсэн хөрөнгийг оффшорт нуусан мөнгөтэй эргүүлээд авахад улс орон хямралаас гарна гэж эдийн засагчид төдийгүй жирийн иргэд ч ярьж байна. Ингэж засагладаг юм уу. Бид бүхэн та нар ч гэсэн өөрсдөө энэ хэдэн олигархын төлөө 27 жил тэмцсэн болж байна уу.

8. Одоо бол олон нийтийн дургүйцэл дээд цэгтээ дөхөж байна. Дуугүй хараад суух, эсвэл үгсэн хуйвалдаж хамтран хулгайлах ёс зүй Ардчилсан Намд байх ёсгүй. Тэр тусмаа манай намаас дээшилсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдуудад бүр ч байхгүй.

9. Ард түмэн ч Ардчилсан Нам авилгач, олигархууд, хуйвалдагчид, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй нөхдөөсөө салаасай гэж гэж хүсэн их хурлыг анхааралтай харж байгаа.

10. Манай намын дарга ч УИХ-ын даргын өндөр эрх мэдэлдээ дулдуйдан, дураараа авирлаж, УИХ-ын сонгуулийн хуулийг зөвхөн өөрсөддөө зориулан өөрчилснөөр хэрхэн ялагдал хүлээснийг хэлэх нь илүүц биз.

11. Ийм ойрын гашуун жишээ байсаар байтал манай намын дарга өөрөө оролцон байж Засгийн Газраа унагаснаар буруу замаар будаа тээж, “засаглаж чаддагүйгээ” улам нотолчихсон доо.

12. Сөрөг хүчинтэйгээ хуйвалдан төрөөрөө тоглодог муу жишиг үргэлжилсээр байгааг хэлж байна.

13. 1990 онд МоАХ-ны анхдугаар хуралд тавьсан илтгэлдээ Баабарын онцлон шоглосон “шалдан хаан”-ныг өнөөдрийн хаадтай зүйрлүүлэн харвал хөөрхий тэр хаан ядаж л ичимдэгээ хаасанунжуургатай байж гэмээр.

14. Өнөөдрийн толгой баячууд энэ их хөрөнгөө гахай үүрсээр байгаад олсон гэвэл итгэх хүн гарах уу. Хулгайлсан мөнгө гэдгийг бүгд л мэддэг ч тэднийг хянах, хазаарлах тогтолцоо алга.

15. Зарим анхан шатны байгууллагууд хэн нэгэн мөнгөтэй хүний хувийн компани болон хувирсныг бүгд л мэдэж байгаа.

16. Нэг жүжигчин залуу “шүдэнз зуран” анхааруулсан нь санамсаргүй ч хэрэг биш. МАН-ын төлөө “шүдэнз зурлаа” гэцгээн бараг л ичнээгээр цаазлахдаа тулсан байх. Харин манай намын цөөнгүй гишүүд дэмжигчид хэдийнээ шүдэнзээ өвөртөлж явааг анзаарахгүй байж боломгүй.

17. Манай нам ч гэсэн ний нуугүй хэлэхэд үзэл баримтлал ч үгүй, хөрөнгө мөнгө ч үгүй гишүүд дэмжигчидээ ч умартаад задрах эс задрахаа шийдэхдээ тулчихаад байна уу даа гэж ахмадууд бид харж байна.

18. Бид юу хүсэж байна вэ гэвэл хувийн зохион байгуулалт сайтай, шударга зарчимч, элдэв бүлэглэл, хуйвалдаанд хутгалдаагүй, ард түмний дунд нэр цэвэр намын даргатай болоосой гэж хамгийн түрүүнд хүсч байна.

19. Сонгогч олны итгэлээр төр засгийн бүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал буюу төрийн 3 өндөрлөгийг ард түмний эв нэгдлийн билэгдэл Ерөнхийлөгчтэй нь хамт атгасан атлаа өөр хоорондоо толихолцож, улмаар чоно хонь болтлоо өширхөлцөн бие биенээ унагаах, огцруулах юу ч биш баривчилж хорих, амь насанд нь аюул учруулж болзошгүй хэмжээнд хүртлээ доройтсоныг хараад дуугүй тэвчин сууж болно гэж үү.

20. Энэ бузар үйлдэлдээ хууль хяналтын байгууллагыг ашиглах болтлоо эрээ цээрээгээ алдлаа.

21. Сөрөг хүчинтэйгээ нэг түрийвчинд багтаж, ил далд хуйвалдан гар хөлөө барилцан гарын үсэг хүртэл зуралцах болсноор харилцан хяналт тавих тухай ойлголт зөвхөн өнгөн талдаа хэд гурван мэдэгдэл гаргах, хоосон шүүмжлэх төдийгөөр хязгаарлагдаж ёс төдий жүжиг тоглоцгоох нь ил цагаандаа гарлаа.

22. Бүхэл бүтэн 8 жил улиран сонгогдсон гээд бодохоор чамлалтай. Гол нь яг энэ 8 жилийн дотор улс төрийн намууд мафижан, иргэд ядууран, үндэсний үйлдвэрүүд дампуурч, ард түмний өмч төрийн мэдлийн хөрөнгө бараг бүгд хоёр том намын удирдагч нарын өмч болон хувирсан, гадаад өр зээл учир тоймоо алдаж, адаг сүүлд нь улс орноо бүхлээр нь харь улсад барьцаанд тавин алдахад тултлаа дампуурлаа.

23. 1996-2000 онд  Засгийн Газраа дөрвөнтээ огцруулж, 3 гишүүнээ шоронд илгээн, нэг журмын нөхрөө алуулж байснаа мартах учиргүй. Тэр үед л Ардчилсан Намынхан засаглаж чаддагүй гэсэн нэр зүүж, иргэдийн дотор “муу нохойн ходоодонд шар тос тогтохгүй” гэдэг шиг АН-ынханд итгээд хэрэггүй гэсэн ойлголтыг бий болгосон нь өнөөг хүртэл нөгөө талын идэш болсоор.

24. Ирээдүй хойч үеийнхээ өмнө толгой гэдгэр, нүүр бардам явах эсэхийг та нар шийдтүгэй.

                                                                                                                                                                              24tsag.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 12 December 2016

Ярьсан болгон нь үнэн л байна даа.Одоо яг л тийм байдалтай байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.