Та ямар хүн бэ?

Өөрийнхөө талаар таны төсөөлөл болон таны талаарх өрөөлийн төсөөлөл хоёрыг хүний амьдралд таардаг хамгийн том хоёр төөрөгдөл гэлцдэг. Тэгэхээр тa өөрийнхөө тухай үнэн зөв төсөөлөлтэй болбол цаашдын тань амьдралд бага ч гэсэн хэрэг болох нь лавтай.

Энэ сонжоо маш энгийнээрээ ийм төрлийн бусад сонжооноос ялгаатай. Та дөрвөлжин, тэгш өнцөгт, гурвалжин, тойрог, эржгэр зураас гэсэн таван дүрсийг зураад өөртөө хамгийн их таалагдсанаа сонгоорой.

Тэгш өнцөг
Хэрэв та энэ дүрсийг сонгосон бол амьдралдаа сэтгэл ханамжгүй байдгаас илүү сайхан амьдралыг эрэлхийлж байгаа юм байна. Тиймээс хэн ч амьдралынхаа тодорхой үед энэ дүрсийг сонгох магадлалтай юм. Тэгш өнцөгтийг сонгож байгаа хүмүүс сониуч, зоригтой, гярхай зантай бөгөөд эргэн тойрондоо болж буй бүх юмыг бусдаас илүү ажигладгаараа ялгаатай. Тэд бүх талын шинэ санаа, үзэл бодолд нээлттэй хандаж аливаа зүйлийг хурдан тусган авдаг.

Гурвалжин
Та энэ дүрсийг сонгосон бол манлайлагч байх чадвартай хүн байна. Ийм хүмүүс хамгийн чухал нэг зорилго дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж чаддагаараа бусдаас давуу талтай. “Гурвалжин”-ууд өмнөө тодорхой зорилго тавьж, түүндээ хүрч чаддаг эрч хүчтэй, чадварлаг, зоригтой хүмүүс юм. Тэд нэр алдарт дуртай, юманд бодитоор ханддаг, удирдлагадаа өөрийнхөө гүйцэтгэж буй ажлыг чухал ач холбогдолтой хэмээн танилцуулж чаддаг. Ямагт манлайлах, ялах гэсэн хүсэл нь түүнийг бусадтай цаг үргэлж өрсөлдүүлж байдаг.

Дөрвөлжин
Хэрэв та энэ дүрсийг сонгосон бол их хөдөлмөрч, уйгагүй зантай, эхэлсэн ажлаа заавал дуусгах гэж тууштай зүтгэдгээрээ бусдаас ялгаатай. Тэсвэр, тэвчээр, ажлаа эмх цэгцтэй гүйцэтгэдгийнхээ ачаар энэ дүрсийн хүмүүс ажиллаж байгаа салбартаа өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд болж чаддаг. “Дөрвөлжин” хүмүүс аливаа зүйлд эмх замбараатай байхыг эрхэмлэдэг. Ийм хүмүүс бүх юмаа урьдчилан товлож, зорилготой амьдрахыг хүсдэг бөгөөд гэнэтийн юманд тун дургүй.

Тойрог
Тойргийг сонгож авсан бол та тун найрсаг хүн байна. Энэ дүрсийг мэдрэмтгий, бусдын сэтгэл санааг ойлгодог, бусдын төлөө санаа тавьдаг хумүүс сонгодог. “Тойрог” нь бусдын баяр баясгаланг ч, гомдол харууслыг ч адилхан мэдэрч, хуваалцдаг. Хүмүүс хоорондоо эв найртай байхад тэд аз жаргалтай байдаг. Та ямар ч эсрэг тэсрэг үзэлүүдээс адил төстэй зүйлийг олох чадвартай хүн тул маргааны үед голдуу түрүүлж буулт хийдэг.

Эржгэр зураас
Та жинхэнэ уран бүтээлч хүн. Санаанд оромгүй хачин сонин санаа, үзэл бодлыг нэгтгэн өмнөө огт байгаагүй цоо шинэ зүйл бүтээх нь таны хийх дуртай зүйл. Ийм төрлийн хүмүүс өнгөрсөн болон одоо бүтээж буй юмандаа сэтгэл хангалуун суулгүй ямагт шинийг эрэлхийлж байдаг. Тэд маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүмүүс юм. Ийм хүмүүс улиг болсон зүйлийг өөрчлөх шинэ үйл хэргийг үндэслэгч байдаг.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих