А.Сүхбат цолны тариф зарлалаа, одоо авлигатай тэмцэх хуульд суулгах уу

1351УИХ-ын гишүүн А.Сүхбат аварга өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт болсон хэвлэлийн хурал дээр Үндэсний их баяр наадмын гурван шатлал буюу улс, аймаг, сумын наадмын бөхийн барилдааны цол авах давааг наймаалцах үнийн тарифыг зарлаж ард түмэндээ дэлгэв. “Би Монгол Улсын дархан аварга хүн.
Нийт 30 гаруй жил Монгол бөхдөө үнэнч явж байна. Аймаг, сумын наадам хүртэл найраатай болсон. Сумын заан болоход 5 сая, аймгийн арслан 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн ханштай болсон нь нууц биш” гэж ярилаа. 2013 оны хавар дархан аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар нар “С1” телевизийн бөхийн тухай нэвтрүүлэгт хамт орсон юм. Тэр үед хоёулаа УИХ-ын гишүүн болоогүй байсан үе. Тухайн үед аварга Д.Сумъяабазар бөхчүүд найраагаар цолонд хүрдэг сэдвийг хөндөж ярьсан бөгөөд улсын цолны тариф үнэлгээг 300 сая гэж байв. Тэрбээр “Уржнан 2011 оны Улсын наадмыг хадам аавтайгаа Цэнгэлдэхэд үзсэн. Бөхчүүд үнэн хүч үзсэн сайхан барилдаантай, сайхан наадам болж байна гэж хөөрч догдолж суулаа.

Гэтэл манай залуучууд (Өвөрхангайн бөхчүүд үү?) цолны найраа 300 саяд хүрлээ гэж ирж хэлсэн. Ёстой гутсан. Цолны найрааг таслан зогсоохын төлөө аваргууд бид магнайлан тэмцэхгүй бол өөр хэн явах юм бэ” гэж ярьсан билээ.

Р.Нямдорж тэргүүтэй МҮБХ-ныхон бөхчүүд үнэн хүчийг үзэлгүй даваа үнэлэн мөнгө төгрөг өгч авалцдаг цолны найрааг 1990 оныхтой харьцуулахад 80 хувь бууруулсан байдаг. Үлдсэн 20 хувийн найрааг таслан зогсоохоор А.Сүхбат аварга 2009 оны Улсын баяр наадмын үеэр сэтгэл гарган нэлээн явсан. Хад мөргөсөн.

Өгүүлэх нь: Монгол Улс, Ардын хувьсгалын гэсэн гурван тодотголтой жил жилийн Улсын их баяр наадмын үеэр зодог тайлсан аваргууд Есөн хөлт Цагаан тугандаа мөргөж, нар зөв тойрдог. Зураг дээр дархан аварга Д.Цэрэнтогтох, Ж.Мөнхбат, аварга А.Сүхбат, бөх судлаач З.Жанжаадорж нар Цагаан туг руу дөтөлж яваад саатаж байгаа агшин харагдаж байна.

Энэ нь 2009 оны Улсын их баяр наадмаар болсон үйл явдлын фото баримт билээ. Усны аж ахуйн яамны экс сайд, бөх судлаач З.Жанжаадорж нь аваргуудтай хамт Есөн хөлт Цагаан туганд мөргөх гээгүй, харин А.Сүхбат аваргын барьж яваа бичигт самбарыг авахаар очсон байгаа нь энэ. Дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох нар аварга А.Сүхбатыг эсэргүүцлийн “хар” самбар барьж төр улсын хийморь болсон Есөн хөлт Цагаан туг тойрох гэлээ хэмээн айхтар зэмлэн, түүнийг буцаж хөлийн асар руу явах хэцүү, шууд явж туг тойрох хэцүү байдалд оруулсан юм. Ингээд А.Сүхбат аварга аргагүйн эрхэнд Цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээн дээр тэмцлээ зогсоож аваргуудад “цагаан туг” өргөн эсэргүүцлийн самбараа бөхийн зүтгэлтэн З.Жанжаадоржид өгч өөрөө Есөн хөлт Цагаан тугаа тойрсон.

Ингэхэд уран хурц барилдаанаараа Монгол бөхөд нэг удаагийн шинэчлэл хийсэн, одоогийн УИХ-ын гишүүн А.Сүхбат аварга зодог тайлсныхаа гурван жилийн ойгоор ямар бичигт самбар барьж явсныг уншигчдадаа хүргэе. Улаан самбар дээрх цагаан үг өгүүлбэрүүд нь:

Эрхэм хүндэт бөхчүүд ээ!

Өвөг дээдсээс уламжилж ирсэн өв их соёл

Монгол бөхөө хайрлан хамгаалцгаая!

Цолны найраа, авилгыг таслан зогсооё!

Бид үүнийг хийхгүй бол хэн хийх вэ?

Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?

Хэдэн тооны найраа хийж авилга авдаг бөхчүүдээс болж шударга үнэн барилдаж байгаа бөхчүүд хүч хөдөлмөрөө шулуулж, олон нийтэд, нэр хүндээ унагаж байна. Наадамчид бөхчүүдийн дунд үл итгэлцэх байдал үүсч Монгол бөх, Монгол бөхчүүд мөхлийн ирмэгт тулаад байна. Аз хийморь, хурд хүч, авьяас чадвараа дайчлан, үнэн хүчийг үзэн барилдаж сайхан наадацгаая! Ирээдүй хойч үедээ цэвэр ариун Монгол бөх шударга, үнэний талбар болсон эрийн гурван наадмаа өвлүүлэн үлдээе! гэжээ.

Аварга А.Сүхбат үнэн хүчийг үзэлгүй мөнгө авч өгөлцөх буюу цолны найраа хийхийг авлига гэж үздэг нэгэн. Тиймээс энэ 2009 оны Улсын их баяр наадмын өмнө тэрээр Авлигатай тэмцэх газрын дарга дээр орж мэдээлэл өгсөн удаатай.

Уг нь Авлигатай тэмцэх тухай хуульд “Өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх” гэсэн тусгай бүлэг байдаг. Үүнд,

9.1. Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно.

9.2. Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хуулъ тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

А.Сүхбат аваргын хийсэн тэмцэл албан ёсноос албан бус хэлбэр буюу Цэнгэлдэхийн талбайд шилжсэний гол шалтгаан нь бөхчүүдийн авлигыг шийдвэрлүүлэх асуудал 9.2 дахь заалтад хамрагдахгүй байснаас болжээ. Тодруулж хэлэхэд, А.Сүхбатын мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрх зүйн орчин байхгүй. Авлигатай тэмцэх хуульд авлигын асуудлаар хариуцлага хүлээх субъекг нь төрийн албан хаагч, мөн түр хугацаагаар төрийн албаны үүрэг гүйцэтгэгч гэж заасанд бүх учир байгаа. Тиймээс бөхчүүд цолны найраанд төдөн төгрөг өгч авлаа гэсэн мэдээллийг АТГ-т аварга А.Сүхбат өгөөд ч нэмэргүй, Монгол бөхийн төлөө сэтгэлээ зориулж яваа Та ч хэлээд нааштай хариу авахгүй, мэргэжлийн байгууллага МҮБХ-ныхон хандаад ч ач холбогдолгүй байсан, одоо ч шийдэгдэхгүй хэвээр байгаа. Нэгэнт Д.Сумъяабазар, А.Сүхбат аваргууд УИХ-ын гипгүүнээр сонгогдон хууль санаачлах эрхтэй болсон тул Авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан цолны найрааны мөнгө төгрөгийг авлигынх гэж тооцдог болговол яасан юм бэ? Монгол бөх ярихаар жишээ авагдаад байдаг Сүмо бөхийн дэвжээнээс манай Монголын залуус хөөгдөж ирсэн жишээ байгаа. Тэдгээр залуус даваа наймаалахаар мессеж бичсэн гэж сэжиглэгдэн Сүмогоос шууд хөөгдөж ирсэн. Бөхийн цолны найраачдад арлын орныхон шиг хатуурхвал зөв байх аа. Гэхдээ хууль дүрэмгүйгээр явахгүй л дээ.

Тэгвэл Авлигатай тэмцэх хуульд, “авилга” гэж алдар цолтой бөх ам авах эрхээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах бусдад давуу байдал олгох, бусад бөхчүүдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг;

- “ашиг хонжоо” гэж бөхчүүд цолны ам авах эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ… гэх мэт шинэ заалт оруулъя. Авлигатай тэмцэх хуульд авлигын асуудлаар хариуцлага хүлээх субьекг – төрийн албан хаагч, мөн түр хугацаагаар төрийн албаны үүрэг гүйцэтгэгч дээр нэмж бөхчүүдийг оруулах аваас 5, 50, 300, 500 сая төгрөгөөр сум, аймаг, улсын цол өгч авалцан наймаалцдаг бөхчүүдийг АТГ-аас шалгах эрх зүйн орчин нээгдэнэ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, А.Сүхбат аваргууд маань цолны найрааны, 1990 оноос үлдсэн 20 хувийг арилгахын тулд Авлигатай тэмцэх тухай хуульд бөхчүүдийн цолны найрааны төгрөгийг авлигын мөнгө гэж хойшид тооцдог болох агуулга бүхий хуулийн нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт бөхийн хорхойтон, үзэгчид бүгд итгэлтэй байна. Та бүхний хуулийн төсөл оновчтой байж, Монгол бөхийн босоо цагаан хийморь Монголчууд биднийг ивээж явах болтугай!

 

 

Б.ЕРӨНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: юю Огноо: 14 December 2016

энэ тэнэг их хуралд суухаар монгол яаж өөдлөх вэ хэдэн авгай сольж ярьж байгаа нь гэж ямарч мэдлэггүй пал пал

Сэтгэгдэл бичих