Тусгай зөвшөөрөлтэй 4 компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Тост, Тосонбумбын нурууг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авахаар болсон. Гэсэн ч өдийг хүртэл уг шийдвэр гацаанд орсон хэвээр байгаа. Улмаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Ж.Батбаяр Тост, Тосонбумбын нуруу орчин дахь тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ асуудлаар тус иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжид,  нэхэмжлэгч талын  өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

5899

Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахын өмнө бэлтгэл ажлыг хангах үүднээс тухайн бүс нутагт 2003-2009 онд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрүүдийн асуудлыг цэгцлэх зорилгоор Засгын газрын тогтоолоор нөөцөд авсан. Улмаар УИХ-аар 2016 оны  дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авах шийдвэр гаргасан. Уг тогтоолд хилийн  цэсийг Засгийн газар тогтооно гэж заасан. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар хилийн цэсийг тогтоогоогүй байгаа аж. Улмаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Ж.Батбаяр уг нуруунд үйл ажиллагаа явуулдаг 10 компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Ашигт малтмалын газарт тавьжээ. Ашигт малтмалын газраас уг хүсэлтийг хүлээж аваагүй учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш найман сарын хугацаа өнгөрсөн бөгөөд шүүх хурал таван удаа хойшилсон аж.

 

Энэ талаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэжид “Засгийн газраас уг нуруунд хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл 10 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа учраас нөхөн төлбөрийн асуудал яригдаж байгаа гэдэг. Ашигт малтмалын газраас үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компанийн лицензийг цуцласнаа зарласан. Одоо зургаан компанийн зөвшөөрөл үлдээд, шүүхээр шалгагдаж байгаа. Мөн эдгээр компани нь  сүүлийн дөрвөн жилийн хугацаанд талбай дээрээ хайгуулын ажил хийгээгүй болохыг тогтоосон.  Иймд хуулийн дагуу лицензүүдийг шалгаад цуцлах, дуусгавар болгох үндэслэл бидэнд байгаа. Гэтэл шүүх хурал хойшлоод 8 сарын хугацаа өнгөрөөд байна” хэмээв.

 

Харин өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “Гурвантэс сумын байгаль орчны улсын байцаагч  хайгуулын зөвшөөрөлтэй 6 компани сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй гэдгийн нотолсон.  Тиймээс иргэн Ж.Батбаярын нэхэмжлэл үндэслэлтэй болж байна” гэлээ.

 

Гурвантэс сум нийт 2.9 сая га талбай, нутаг дэвсгэртэй аж. Нутгийн иргэд нийт 889 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтийг Засгийн газарт боловсруулж өгсөн байна. Ингэснээр тус сумын нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь улсын хамгаалалтад орж малчин иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.

 

Г.Тэгшсүрэн

http://www.shuud.mn/content/read/477088.htm


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.