Хурдан морь унахаар Хятад руу явсан хүүхдүүд хүнд хөдөлмөрийн золиос болох вий

unaach_huuhed_shavartaiЖил бүрийн тодорхой хэсэгхэн үеүдэд л хөндөгдөж, яригддаг нэг сэдэв бол хурдан морь унаач хүүхдүүдийг хамгаалах асуудал юм. Олон арван жилийн турш яригдаж буй энэ асуудалд Засгийн газраас журам гаргаж, хүүхдүүдэд хамгаалалтын малгай өмсүүлдэг болсноос өөр ахиц дэвшил гарсангүй. Гэтэл сүүлийн хоёр жилд 593 хүүхэд мориноосоо унаж хүнд, хөнгөн бэртэл авсан гэх судалгаа гараад байгаа.

Харин хүүхэд бэртэж гэмтэх асуудлын хажуугаар тэднийг хил давуулж морь унуулж байна гэх асуудал үүсээд байна. Учир нь, Монгол улсын хүний эрхийн комисс, цагдаагийн байгууллагатай хамтарсан судалгаагаар зөвхөн энэ онд 169 хүүхэд урд хөршид хурдан морь унахаар хилээр гарсныг тогтоосон байна.

Гэхдээ тэдний найм нь морь унахаар явж байгаа тухай визийн мэдүүлэгтээ дурдсан бол бусад нь ямар хэргээр явж буйгаа өөр өөрөөр дурдсан байсныг албаныхан хэлж байна. Тэдний мэдээлснээр хурдан морь унахаар явсан хүүхдүүд эргэж орж ирсэн ч урд хөршид байх хугацаандаа ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа аж.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын хяналт, шалгалт хариуцсан ахлах референт Л.Дүгэрсүрэн “Анх аймгийн зах дээр “Өвөрмонголд морь унах хүүхэд хайж байна” гэсэн зар гарсныг манай байгууллага олж мэдээд мөрөөр нь явж, зар тавьсан хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Зар тавьсан хүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй. Хүүхдүүд нь Өвөрмонголд морь уядаг гэсэн тайлбарыг өгсөн байсан. Энэ хэргээс хойш Гадаадын иргэн харьяатын газартай хамтран судалж  үзэхэд зөвхөн энэ онд гэхэд 169 хүүхэд морь унахаар хил давсан байна” гэжээ. Энэ хэргийг Хүний эрхийн үндэсний комисс үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ. Хүүхдүүд морь унахаас гадна хүнд хөдөлмөр эрхэлж байж болзошгүйг ч албаныхан онцолсон юм.

С.Баяр

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.