“MH17”-гийн сүйрэлд Оросоос гадна хэд хэдэн улс сэжиглэгдэж байна

5974

Куала Лумпураас Амстердамыг чиглэн нисч явсан Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777” онгоц Украины Донецк мужид сүйрсэн билээ. Ослын шалтгааныг тодруулах олон улсын ажлын хэсэг хоёр жил гаруй ажиллаж байгаа ч “Гадны нөлөөтэй” гэдгээс өөр тодорхой дүгнэлт хийж чадахгүй байгаа юм. Тэгвэл онгоны ослоор иргэдээ алдсан улсууд мөн тусдаа мөрдөн шалгалт явуулж байгаа аж. “MH17” чиглэлийн онгоцонд 27 иргэн нь зорчиж явсан Австрали улсын Гадаад харилцааны сайд Жулия Бишоп уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнүүдийн нэрсийг 2017 оны эхээр олон нийтэд зарлана гэж мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ “Хариуцлага үүрэх ёстой сэжигтнүүдийн нэрс энэ оны сүүл, удлаа гэхэд ирэх оны эхээр тодорхой болно. Үүний дараа шүүхийн мөрдөн шалгалт эхэлнэ” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ажлын хэсэг овоо хараагаа ганц ОХУ дээр тусгаад байвал буруутай этгээдийг хэзээ ч олж чадахгүй” гэж мэдэгдэл хийсэн. Учир нь олон улсын ажлын хэсгийн зарим нэг гишүүд мөрдөн шалгалт дуусаагүй, үргэлжилж байх явцад “Энэ хэрэгт ОХУ-ыг буруутгах эд, мөрийн баримт гарч ирсэн” гэх мэт мэдээлэл хийх явдал өмнө нь нэг бус удаа гарч байсан юм. Мөн есдүгээр сарын 30-ны өдөр Гадаад харилцааны сайд С.Лавров Онгоцны ослоор амь үрэгдсэн иргэдээс уучлалт гуйхаас татгалзсан билээ. Тэрээр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй, сэжигтнүүдийн нэрс ч тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх боломжгүй гэж татгалзсан шалтгаанаа тайлбарласан юм.

Ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг “Онгоцыг буудаж унагасан “Бук” зөөгч пуужингийн цогцолборыг осол болохоос өмнөхөн Украин руу аваачсан бөгөөд ослын дараа буцааж татсан баримт олдсон” гэсэн байсан юм. Харин ОХУ-ын БХЯ “Манай зэвсэгт хүчин “Бук” болон өөр ямар ч зөөгч пуужингийн цогцолборыг Украин руу илгээж байгаагүй” хэмээн үгүйсгэжээ.

 

С.Төгөлдөр

http://news.zindaa.mn/1wlq


URL:

Сэтгэгдэл бичих