С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ШИНЭ АСУУЛТУУД

bc9b52f9-1e10-428c-83f8-a92d4857083fМонголын ардчиллын удирдагчдын нэг С.Зориг агсан 18 жилийн өмнө хэрцгий аллагын золиос болж билээ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны хар баасан гаригийн орой гэртээ олон удаа хутгалуулан хөнөөгдсөн мэдээ нийгмийг цочроож байлаа.

Уг аллагын маргаашнаас л хэргийг улстөрийн захиалгат аллага хэмээн маш олон хүн мэдэгдсээр ирсэн. Энэхүү хэргийг мөрдөж байсан хүмүүсээс эхлээд төр засгийн холбогдох хүмүүс үе үе хэргийн хүрээ хумигдлаа хэрэгтнүүд удахгүй илэрнэ гэсээр 17 жилийг үдсэн.

Тэгвэл өнгөрсөн жил уг хэргийн гэрч Б.Булганыг баривчлан саатуулсан нь тодорхой болж, үүнтэй зэрэгцээд энэ хэрэгт холбогдуулан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг мөн баривчлан саатуулсан гэдгийг холбогдох албаныхан нотолж байлаа.

Ингээд жил гаруй үргэлжилсэн мөрдөн байцаалт, прокурорын хяналт дуусч өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал эхэлсэн ч ердөө нэг цаг гаруй үргэлжлээд энэ долоо хоногийн Лхагва гариг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргаад буй.

Шүүх хурал ийнхүү хойшлогдсон нь өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай, мөн зарим хүнийг гэрчээр оруулах саналыг өмгөөлөгчдийн зүгээс ч, шүүгдэгчдийн зүгээс гаргасныг харгалзан үзсэнтэй холбоотой.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнийг татаад байгаа билээ. Эдгээр иргэд бүгд Орхон аймгийн харъяат юм. Тэгвэл уг хэрэг шүүхэд шилжихийн өмнөхөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хилс хэрэгт хэлмэгдүүлэх гэж байна хэмээн олон нийтэд хандан мэдээлэл хийж байлаа.

Эдгээр шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл буюу Хүнийг санаатай алах зүйлээр ял төлөвлөжээ. 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлтийг прокуророос үйлдсэн байгаа. Улсын Дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрхэн хэрэглэх тухай тогтоолыг 2009 онд гаргасан байдаг.

Эндээс шүүгдэгчдэд тулгаж буй ялын зүйлчлэлээс харахад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг улс төрийн зорилгогүй, ахуйн шинжтэй аллага гэж үзэж байгаа нь ойлгомжтой болов.

Улс төрийн зорилготой гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйлийн 1 буюу “Улс төрийн үйл ажиллагаанд нь саад учруулах, Монгол Улсын засаг төрийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, олон нийтийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төр, нийгмийн зүтгэлтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зүйлчлэх байсан аж.

Олон жил байнга улстөрийн аллага гэгдэн сонгууль болгоноор босч ирдэг байсан хэргийг ийнхүү ердийн аллага болон ийнхүү орвонгоороо өөрчлөгдсөнд олон нийт нэг л итгэхгүй байгаа. Олон улсын парламентын холбооноос эхлээд олон улсын байгууллагууд ч үүнд итгэхгүй байх гэсэн санааг олон хүн хэлж буй.

Тэгэхээр С.Зориг агсан үнэхээр ахуйн хүрээний аллагын золиос болсон уу гэсэн асуулт гарч байна. Өмнө нь яригдаж байснаар тухайн үед шуугиан тарьж байсан Эрдэнэтийн болоод казино, Эгийн голын УЦС гээд олон асуудалтай ямар ч холбоогүй юу гэдэг асуултууд ч гарч ирээд байна. Эдгээрт манай хуулийнхан үнэхээр хариуг нь олж өгөв үү гэх асуултууд ч гарсаар байна.

Мөн С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн хохирогч болох С.Оюун анхны шүүх хуралд яагаад ирсэнгүй вэ, хэрэг үйлдэгдэхэд байсан цорын ганц гэрч Б.Булган бас яагаад байсангүй вэ гээд асуултууд тун олон байна. Эдгээрт шүүх хурал үнэхээр ямар ч ажиг сэжиг төрөхөөргүй хариулт өгч чадах уу гэдэг сонирхол татсаар л байна.

Шүүгдэж байгаа гурван сэжигтний ар гэрийнхэн 2000 он хүртэл хот орж үзээгүй хүмүүс яаж хэрэг хйих билээ гэж хэвлэлийнхэнд ярьсаар л байна. Тэгэхээр уг асуудлыг хэрхэн яаж шийдэх нь нийгмийн анхаарлын төвд улам л орсоор байна. Юутай ч харж л сууя.

М.Баатар

gereg.mn


URL:

Нэр: иргэн Огноо: 22 December 2016

Энгийн нэг аллага байсан юм бол хэргийг мөрдөж байсан цагдаагийн ажилтан, прокурор гээд энэ олон хүн хэний гарт үхсэн юм бэ. Эрдэнэтийн 2 малчин л нудраад өдий хүртэл баригдахгүй яваад байсан юм уу???? Дэндүү үнэмшилгүй байна.

Сэтгэгдэл бичих