Хүн гүрний Алтан шүтээн-Ноён уул цаазын тавцанд 1-р хэсэг

e6400f975520d92500aadfdcf5226874НОЁН уулын алт эрдэнэсийг ухах зөвшөөрөл өгөх эсэх тухайд шүүх хурал Шинэ оны босгон дээр болно. Ноён уулын тухай, Хүн гүрний тухай цувралаар нийтлэх болно. Хүн бидний саруул ухаан, Хүн гүрний сүр сүлд сонсох болтугай.

Хаад дээдсийн бунханыг устгаж, Хүн гүрнийхээ түүхийг бүү гутаагаасай. Дэлхийн түүхэнд хамгийн муугаар хэлэгдэж, ямар үндэстэн гэх нь тодорхой мэтээр дуудуулсан ч, харин бидний үед Монгол хүн бол Хүн гүрний угсаа удам мөн гэх баталгааг дэлхийн түүх гарцаагүй тамгалсан.

Алтаар хэлхэсэн, алтаар үнэлэгдсэн аугаа түүхийн алтан гэрч НОЁН уулаа алтаар хэлхэн, алтаар домоглон, алтаар үнэлэн, алтан 8 аргамжаар алдрахгүй хэмээн хэлхлээ.

1- Хүн гүрний алтан Наран саран, 2- Хүн гүрний алтан Ноён уул, 3- Хүн гүрний алтан Хаан Шаньюй, 4- Хүн гүрний алтан Түүх, 5- Хүн гүрний алтан бурхан, 6- Хүн гүрний алтан Бичээс, 7- Хүн гүрний нэг эвэрт алтан Бодь гөрөөс, 8- Хүн гүрний тэнгэрийн алтан Хангарди.

ХҮН нэрээр овоглосон ХҮН бүр 2000 жил цаашлаад 6000 жилийн түүхтэй, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн (1906-1937) шүлэглэсэнчилэн Хүннү Сүннүгийн үеэс Хөгшид өвгөдийн нутаг, Төв аймгийн НОЁН уулын бодит түүхийн тухай үнэнийг дуулаасай гэж хүснэм.

Ноён ууланд нэгэн утгаар Чингис хааны бунхан олдлоо гэж хэлж болохоор Хүннүгийн их хааны булш бунхан буйг шинжлэх ухаан баталсан. Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн нэгт тооцогддог.

1- Хүн гүрний алтан Наран Саран шүтээн

2000 жилийн өмнө Хүннүчүүд өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байв. Монголчуудийн гүн ухаан угтаа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Хүн гүрэн болоод домог түүхийн хэлбэрээр улбаалан ирсэн Наран Саран Гал хэмээх гурвал ухаанаас улбаатай. Наран Саран Гал хэмээх арга билиг болоод хоосон чанарийн гурвалсан ухааныг Хүн гүрний эзэн Модун хаан тахин биширч өглөө өдөр орой гурвантаа ёслол үйлддэг байжээ. Монголчуудын нар, сар, галын дүрстэй сүлд Хүннүгээс эхтэй бөгөөд Хүннүгийн сүлд Монгол улсын төрийн далбаа, Монгол улсын төрийн сүлд, соёмбонд хадгалагдан уламжлагдан ирсэн. Монголд тархсан 3000 гаруй жилийн түүхтэй зарим буган чулууны дээд хэсэгт нар сар байдаг 4 улирал, гурвал ухаан, 5 махбодийн ёсон хосолсон 12 жил буюу жарны эргэлтийг Хүн нар дэлхийн түүхэнд оруулсан бөгөөд энэ тухайд Хятадийн түүхэнд Хүн нараас авсан гэх мэдээ бий. Эрдэмтэн Д.Наваан гуай Хүн нарын булшнаас хүүхдийн эд өлгийн зүйлийн хамт жарны тоолол, арван хоёр жилтэй холбоотой байж болох 60 шагай олсон нь нэн сонирхолтой болно. (Зураг 8. Алтан Наран Саран шүтээн)

2- Хүн гүрний алтан Ноён Уул
Ноён Уул бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. 2000 гаруй жилийн Хүн гүрний түүхийг бодитоор хүүрнэн, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хэмээн зарлагдсан олон гайхамшигт олдвортой Ноён уул 1911 оны Богд хаант засгаас 100 жилийн дараа хөндөгдөөгүй хэвээр бидний гарт үлдсэн юмсан. Хүн гүрний алтан аргамж болсон Ноён уул яг өнөөдөр цаазын тавцанд шилжихэд бэлэн болжээ. Дэлхийн түүхэнд цоо шинэ эргэлт гаргасан энэхүү судалгааны үр дүн, Америкийн эрдэмтэн Рой Чэйпмен Эндрюс (1984-1960) Монголын их говиос 1923 онд нээн олсон өндөг гаргадаг үлэг гүрвэлийн тухай нээлттэй зэрэгцэн дэлхийн түүхэнд Монгол хэмээх тусгаар улсын нэрийг цууриатуулсан байна.

1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон. 30-аад жилийн дараа 1954-1955 онд Ноён ууланд алдарт түүхч Хөдөөгийн Пэрэнлэй (1911-1982), алдар цолгүй ч Гол мод 1 –ийн булш бунхаг нээсэн алдарт археологич Цогданзангийн Доржсүрэн (1923-1994) нар Хүннүгийн оршуулгын дурсгалыг малтан судалж урьд өмнө бүртгэлд ороогүй оршуулгын газрыг нээжээ. 2006 онд Монгол-Оросын хамтарсан археологийн судалгааг Н.Полосмакийн удирдлага дор хийжээ. Алт эрдэнэстэй гээд алтаар арилжиж, дэлхийн түүхийн алтан судал Хүн гүрний хаадын бунханг устгаж болохгүй юм. Үр хойч маань хожмын нэгэн өдөр биднийг алив бүхнээ алтаар арилжсан арчаагүй нийгмийн өвөг дээдэс хэмээн хараах ч юм бил үү.

3- Хүн гүрний алтан Хаан Шаньюй
Цагаан хэрмээр хилтэй туурга тусгаар улсаа байгуулсан Хүннүгийн аугаа хаан Модун хааны (МЭӨ 234- 174) 17-р үеийн үр удам Үжүлэн шаньюйн булш (МЭӨ – МЭ 13) Ноён ууланд бий. Ноён уулаас олдсон гавлын яс бүхий 6-р бунханыг Үжүлэн шаньюйгийн бунхан мөн болохыг шаньюуд дурсгал болгон үйлдсэн хятад ваарчны аяганы дээрх бичээсээр тогтоосон байна. Энэ булшнаас олдсон бусад алт мөнгөн эдлэлүүд бүгд ОХУ-д байгаа болно.

Ноён уулаас 1925 онд Хүннүгийн хааны хөрөг ч болзошгүй зээглэн урласан шаргал өнгийн торгон эдлэл олдсон. Хоёр нүд, хамар, малгайн хэсэг харагдана (19X10 см, GE MR 2521 Ленинградын Эрмитажид бий). 1989 онд Америк Монголын хамтарсан төслөөр Nomads of Euroasia номондоо энэхүү зургийг оруулсан байдаг. Энэ зургийн одоог хүртэл хэн гэдгийг тодорхойлоогүй, харин азаар Үжүлэн хааны баталгаа бунхандаа байжээ. Энэ хэний хөрөг вэ?

Ромын эзэнт гүрнийг сүр хүчээр далайлган 2000кг алт татварт авч, жил болгон 687кг алт татварт авч байсан Аттилла, Хүн гүрний үнэн бодит түүх одоо ч нууц хэвээрээ. Гагцхүү энэ түүхийг Хүн нар бид монголчууд судлах ёстой билээ. Европд нүүдэллэн очиж Ромын эзэнт гүрнийг унагасан Европийн Хүн нар болоод Аттила хааны (405-453) эзэнт гүрний газар нутаг Азийн тал нутгаас Герман, Хар далайгаас Балтийн тэнгисээр хиллэн байжээ. Европ дахь Хүн гүрний нэгэн удирдагч нь Аттила хааны хүү Чингис (468-469) нэртэй байжээ. Бас Мугэл нэртэй (528-530) хаан Хүн гүрнийг залгамжилж байжээ. Одоогийн Унгар, Мажартай холбоотой болно. Европийн түүхэн бичигт манай эриний 544 онд хүн хэлээр ном гарсан, хүн хэлээр дуу дуулж байсан мэдээ байна. (Зураг 2. Нэхмэл дээрх үл танигдах зураг)

4- Хүн гүрний алтан Түүх

Эрдэмтэн Гумилев гарвалаа Хүн угсааны хүн хэмээсэн болоод монголын нүүдэлч угсаатан омгийн түүхийг МЭӨ 2000 жил буюу 4000 жилийн өмнөө тэмдэглэгдэн үлдсэн гэж цухас дурдсан бий. Хятадын Күнзийн (МЭӨ 551-479) сургаалыг шүүмжилдэг нэгэн гүн ухаантны талаар хятадын сурвалжид цухас дурджээ. Зохиол бүтээлээс бараг үлдээгүй.
Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Хүн гүрний түүхээс
МЭӨ 827 онд Хятадууд нүүдэлчин аймгийг нутгаасаа хөөн зайлуулсан гэж Дэлхийн түүхэн хураангуй номонд дурджээ. МЭӨ 660 онд Монгол угсаатан Солонгосоор дамжин Япон улсад ирсэн, МЭӨ 660 орчим онд нүүдэлчин зэрлэг аймаг Хятадийн хойд Хэнан мужийг эзэлсэн, МЭӨ 240 онд Хятадууд Хүннү нарыг нутгаасаа хөөсөн гэх мэдээ бий.

Нүүдэлч овгийн угсааны хүн байх талтай бөгөөд нэр нь Мо Ду (Мо Цу). Модун хаан, гүн ухаантан Мо Ду холбоотой байж болох талтай. Ду хэмээх дагавар нь хятадаар хаан гэсэн үг. Тиймээс Мо хаан буюу Мон хаан. Монгол овгийн угсаа угшил бас холбоотой байж болох талтай. Македоны Их Александер хааны (МЭӨ 336-323) тухай Сулхарнайн домог нэрээр Монгол нутаг дахь Хүн гүрний үед хүн нар мэддэг байжээ.

Хүн нарын Европийн түүхэнд хувьсал оруулсан морин цэрэгтэй холбоотой их нээлт нь Их Александер хааны үед ч хэрэглэж байгаагүй дөрөө болоод Хүн нум сум болно.
МЭӨ 174 онд тэнгэрин хүү Модун тэнгэрт хальжээ. Төрийн түшмэл нь Гийс гийс гийс ингэж хайлсан нь эзэн Чингис хааныг халихад хэлсэн баатрын үгтэй юутай адилхан билээ.

Аттила хааны засаглал унасны дараа монголын дорнод тал нутгаас нүүн очсон нэгэн овог аймгууд Европд хүчтэй болж Аварын эзэнт гүрнийг (568) Дунай мөрний эрэг дээр байгуулсан ба одоогийн Герман улсын Бавар мужаас нааш нутагтай байжээ. Аварууд алтан эдлэлээр мориний гоёл хийдэг, бүргэдийг дээдэлдэг, Гитлерийн хас тэмдэг адил алтан зүүлт бүтээж байсан нь үлджээ. Аварын үеийн алтан эдлэлийг Монгол нутгаас, Хүнүй голын сав газраас бас олсон нь шуугиан тарьж Хүн нарын угсаа гарвал Монголтой холбоотой болохыг гарцаагүй баталжээ.

Их Хүн гүрэн задарч Сүмбэ бую Сянби улс (200 он орчим)үүсч, Их Нуруун гүрэн буюу Жужаан улсын хаан Мугулой (300 онд) Бату хаан сууж, тэр цагт Европт Хүн гүрэн хүчирхэгжин 450-аад онд нуран унасны дараа Түрэгийн Түмэн хаан 552 онд Монголд хаан ширээнд сууж байв. Эндээс хөөн үзвэл Монгол нэр болоод Чингис хэмээх нэр нь их Хүн гүрний улбаа болно. 700 онд Европт Хүн нарын сураг тасрах уед Монголд УЙгарын хаант улс хүчээ авсан. 900 онд ахин монгол туургатан хүчирхэгжин Хатан буюу Китан гүрнээ байгуулж Чингис хааны үе хүрчээ.

Би ч хүн, чи ч хүн, бид бүгдээрээ Хүн. Хүн овогтой өвөг дээдэс, Аттила хааны удамд Чингис хэмээх нэртэй хаан байж, Могол улсаа байгуулж, хүн хэлээр ном бүтээж, хүн хэлээрээ дуу дуулж байсан нь юутай гайхамшигтай. Чингис хааны өвөг дээдэс 700 оны орчимд амьдарч байсан түүхэн хүмүүс билээ. Харин Бөртө чино, Гоо марал бол домгийн хэлхээс болох талтай. Аттила хүн нар, Аварын эзэнт гүрний шүтээн нь чоно, буга байсан талаар дурдсан бий.
Чингис хаан мэндэлэхээс 200 жилийн өмнө буюу 1000 оны үед амьдарч байсан дэлхийн суутай эрдэмтэдийн тоонд орсон Хужанди гэгч Монгол овгийг толгойлж байсан мэдээ байна. Нууц товчоонд Монгол хатан хэмээх нэр бий. Монгол овгийн тухай нэр дэлхийн түүхэнд бас ингэж үлджээ. Монголын нууц товчоо Чингис хааны удам Батцагаан нэрт хүү төрлөө гэдэг. Эх зохиолд нь Батачихан буюу Батачи хан нэрээр гардаг.
Эрдэмтэдийн олж мэдсэнээр 804 онд Монголын Тамачи хаан, Батачи хааны 23 насанд Төвдөөс 3 лам ирсэн тухай, Бөртэ чиногийн хүү Батачи хан буюу Бату ханы ач Хоричар мэргэний хатан нь төвдийн алдарт эмч Их Ютиг Ёндонгомбод анагаах ухааны дөрвөн үндэсийн язгуурын үндэсний (үндэс, мөчир,навч,цэцэг, үр) мод тавих ёсыг айлдсан тухай баримт бий.

Мөнхүү Монголын зүрхэн төв нутагт өнөөг хүртэл Хүннү гэсэн нэртэй жижигхэн гол урссаар байгаа бөгөөд хөвөө хөндийдөө Хүннүгийн их хаадын булш бунханг хадгалсаар байгаа. Эрдэмтэн Б.Ринчен энэ голыг Хүн гол нэрлэсэн бий.

5- Хүн гүрний алтан бурхан
Одоогоос 2200-аад жилийн тэртээ 3 метр орчим өндөр алтан бурханыг Хүн нар шүтэж байсан тухай, Хүннү гүрний түүхэн эх сурвалж Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788), анхдугаар дүрийн Зава Дамдин (1867-1936), Ерөнхий сайд Анандын Амар (1886-1941), гүн Гомбожав, нэрт түүхч Гүнжийн Сүхбаатар (1928-1995), академич Далантайн Цэрэнсодном (1937) нарын зэрэг олон бүтээл номд бий.
МЭӨ 121 оны үед Хүн гүрэнд Бурхан багшийн (МЭӨ 563-483) сургаал, номлол, Буддагийн гүн ухаан нэвтэрсэн байсныг нотлох тод дурсгал нь эрдэмтэн Цэрэнсодномын тайлан бичсэнээр Хүн гүрний хаан тахиж байсан 3м өндөртэй алтан бурхан болно.

Судлаач Ширчингийн Баатар энэ тухайд дэлгэрүүлэн, Хятадын Хан улсын хоёр жанжин Хүннү нараас олзлон авсан алтан бурханыг баруун Хан улсын түүхийн шастирт “Хүннүгийн алтан хүн” гэж тэмдэглэжээ. Хан улс бурханы шашингүй байсан тул ийнхүү “хүн” хэмээн хэлжээ. Хожим Тангийн үед Дунханы агуйд зурсан зурагт “Хүннүгийн алтан бурхан” гэсэн тайлбар хийжээ. Үүнээс үүдээд “Хүннүгийн алтан бурхан” гэж нэрлэх болсон байна. Хүннүгийн Луут хотыг дайлсан хоёр хятад жанжин Хүннүгийн шаньюйг нь хороож, алтан бурханыг нь хан хүүгийн хамт авчирч, Үди хаанд өргөсөн ажээ. Үди хааны ордонд тэр хүннүгийн хаан хүү өсөхөд түүнийг алтан хүнтэй ирсэн тул алтан овогтон хэмээн нэрлэсэн тухай Хан улсын түүхэнд бичигдсэн гэж нэмэн тайлбарласан байна. (Зураг 1. Хүн Гүрний алтан бурхан)

6- Хүн гүрний алтан Бичээс
Нүүдэлчин ард түмэн Хүн нэрээрээ нэрлэсэн их гүрэн байгуулахийн сацуу төр улсаа жолоодох бичиг үсгийн асар их соёлтой байжээ. Үүнийг батлах одоогоос 2000 жилийн тэртээх бичиг үсгийн ховор нандин дурсгалийн нэг нь эрдэмтэн Навааны Булган аймгийн Бүрэгхангай сумаас олсон Алтан хүн хэмээн нэрлэсэн руни бичгээр бичсэн хааны тамга гэсэн утгатай алтан зоос болно. Эрдэмтэн Сумяабаатар хааны тамга хэмээн тайлан уншсан байна. Хүн гүрний үед хэрэглэж байсан утга тодорхой 13 үг бий гэж эрдэмтэн Г.Сүхбаатар дурдсан бий. Хятад дуудлагаар бичиглэн үлдээснээр Шанюу хэмээх үг бий. Модун шанюу хэмээн бид одоо ч хүртэл дуудаж байгаа нь угтаа үндэс угсаагаа гутаасан хэрэг. Шилжсэн утгаараа шанюу гэх нь хану буюу хаан болно.

Эрдэмтэн Гүнжийн Сүхбаатарын (1928-1995) Хүннү номд дурдсанаар МЭӨ 250-245 онд Кампучид аялсан Хятадийн элч буцаж ирээд Хүн нар ном судраа тусгайлан хадгалдаг, тэдний бичиг үсэг Хүн нарийн бичгийг санагдуулж байв хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Хүн нарын соёлыг хадгалсан Гол модны дурсгал, тэдний нутаглаж байсан газарт Хануй Хүнүй хэмээх нэртэй гол энэ үгийн утгыг тайлахад чухал билээ. Б.Ринчен Хүнүй гол нь эртний хүн нартай холбоотой хэмээн бичжээ.

1983 онд Жамухын алтан бүс, Алтан ургийн хатны алтан бөгжийг олсон нэрт археологич Доржпаламын Наваан (1925-2009) өөрийн шавь, нэрт түүхч Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэнгийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын өвгөнт хэмээх газраас 2000 гаруй жилийн тэртээх, МЭ-ний 30-аад он цаг гэж тайлсан, цаас шиг нимгэн, 26 товруу, арав гаруй үл мэдэгдэх бичээстэй, хүний төрхийг товойлгон цохисон, хадаж зүүж байсан хоёр цоорхойтой алтан ялтас олжээ. 1987 онд нэрт эрдэмтэн Балдандоржийн Сумъяабаатар (1937) “Өвөг монгол хэл, бичгийн чухаг дурсгал” номоо зохиож, 1988 онд нэрт сэтгүүлч Готовын Аким (1942) “Алтан хүн юу хүүрнэнэ вэ” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Бичээсийг хүннү хэлээр “Хааны тамга \тэмдэг\ гэж тайлжээ. Сумъяабаатарын судалгаа Монголын соёл, түүхийн нэгэн цагаан толбыг арилгаж байгаа юм биш үү” гэж бичсэн байна.

Нөгөө талаар Хүннүгийн хаан Модун Шанью Хятадын Хан улсын хаанд “Би умар зүгийн 24 их, бага улсыг нэгтгэж Шанью болов” гэсэн утгатай захидал илгээж байсан тухай түүхэн тэмдэглэлтэй холбож үзэж болмоор байгаа юм. “Алтан хүн”-ийг булшнаас малтаж гаргасан археологич, профессор Д.Наваан 1988 оны хоёрдугаар сард ЗХУ-д томилолтоор ажиллаж, алдарт эрдэмтэн Лев Николаивич Гумилевтэй (1912-1992) уулзахад “Би тухайн үедээ өөрийнхөө саналд эргэлзэж байсан (сомневался). Ийм юм (“Алтан хүн”ийг хэлж байна) Төв Азиас гарна гэдэгт итгэж байсан. Их сайн байна. Ийм л байх ёстой. Энэ тухай одоо л шуугих байх даа. Ийм юмны тухай шуугих ёстой. Би ч гэсэн нэг юм бичиж хэвлүүлнэ” гээд ихэд баярлаж, Наваан гуайг үнссэн ажээ.
Энэ бол Хүн гүрний үед өөрийн бичиг үсэгтэй байсны баталгаа, дэлхийд нээлтийн түвшинд хэмжигдэх судалгааны бүтээл юм.
Нэн сонирхолтой, мөнхүү нээлт хэмээн үзэж болохоор нэг түүхийг сөхвөл, олон нээлтийн чанартай бүтээлтэй ч одоог хүртэл даруухан Б.Сумъяабаатар эрдэмтэн маань Хүн гүрний бичиг үсгийн түүхийн тухай “МЭӨ 250-245 онд Фунан улсад (одоогийн Кампучи) айлчилсан Хятадын элч буцаж ирээд, тэд ном судраа тусгайлан хадгалдаг, тэдний бичиг Хүннү бичгийг санагдуулж байв хэмээн Гурван хаадын түүх бичигт бий” хэмээн бичжээ. (Зураг. Алтан хүн)

7- Хүн гүрний нэг эвэрт алтан Бодь гөрөөс

Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь гайхамшигтай. Аттилла хааны зүүдэнд дайн болохоос өмнө алтан эвэрт буга ирээд энэ талаар бөө домчоос асуусан тухай домог, Чингис хааны нүдэнд алтан эвэрт буга үзэгдсэн тул Энэтхэгийг ариун дагшин нутаг хэмээн үзсэн тухай домогууд юутай сонин давхцал билээ. Археологич Д.Эрдэнэбаатар Хануй Хүнүй голын хөвөөнд 700 гаруй Хүннүгийн их хаадын булш бунхан буйг нээж, мөнхүү Хүн гүрний алтан авэр Бодь гөрөөсийн дурсгалыг 2001-2011 онд олсон байна. (Зураг. Нэг эвэрт гөрөөс)

8- Хүн гүрний тэнгэрийн алтан Хангарди

ХҮН ГҮРНИЙ 2000 гаруй жилийн тэртээх АЛТАН олдвор. Хангардийн дүрслэлтэй. Нэг толгойт амьтан. Шинжлэх ухааны үнэлж баршгүй өв хөрөнгө.
Өнөөдөр 2016 оны 12-р сарын 20-ны өдөр археологич Диймаажавын Эрдэнэбаатарын “ХҮН ГҮРНИЙ СОЁЛЫН ӨВ” зургийн каталоги ном монгол англи хэлээр Мөнхийн үсэг компанид хэвлэгдэн гарлаа. Архангайн Хануй Хүнүй голын хөвөөнд Гол мод -2 Хүн гүрний хаадын булш тахилгын газарт хийсэн олон жилийн хөдөлмөрийн үр дүн, Дэлхийд нээлтийн түвшинд зарлагдахаар, мөн хэдэн сая доллараар үнэлэхээр олдворуудыг тайлбарласан үнэ цэнэтэй ном. Чингис хаан, болон залгамжлагч хаадын онги тамганы дүрс бүхий шагай 2000 жилийн тэртээ ХҮН гүрэнд байсны шууд баталгаа, Хангарьд, нэг толгойт амьтан бүхий гайхамшигт алтан урлалтай эдлэл, 2000 жилийн тэртээх Ромын эзэнт гүрний шилэн аяга хагараагүй бүтнээрээ, гайхамшигт хаш эдлэл бүрэн бүтнээрээ олжээ. (Зураг. Алтан Хангарди)

Долоо доровч Найм сэхэх буюу. Миний Монголын түүх долоо дордовч, долоо ядравч найм сэхэж найм сэргэх буюу.

Би хүн Чи хүн
Бид цөмөөрөө хүн
Хүн нэрээрээ овоглосон
Хүн гүрний үр сад
Хүрлийн үеэс улбаатай
Хүннү Хануй Хараа Ерөө голтой
Хүн Хан эцэгтэй
Хөх Монголын үр сад

Бичсэн Ц.Батмөнх
http://www.medeelel.com/news/batmunkh/item/613

БҮХ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД СОНСОЖ БАЙ
МОНГОЛ ХҮН БҮР СОНСОЖ БАЙ
ХҮН ГҮРНИЙ СҮР СҮЛД СОНСОЖ БАЙ

Чингис хааны түүх болоод Хүн гүрний түүхийн жимээр мацсан хүмүүсийн амьдралд ямар нэг саад гарч байсан нь анзаардаг.

Дэлхийн түүхэнд хамгийн бузар муугаар дуудуулсан ард түмэн хэн бэ.

Бүр онцлон хэлэхэд МОНГОЛЧУУД өөрсдөө бузар муухай гэж арилсан дотортой, амандаа хараалтай, Монголоо алдмарууд нь уриалан хашгирдаг.
Дэлхийн түүхэнд хамгийн муугаар бичигдсэн нь Зэрлэг бүдүүлэг боол хэмээгдсэн ХҮН гүрэн, Монголын эзэнт гүрний түүх.

Дэлхийн түүхэнд хамгийн муугаар хэлэгдсэн нь Модун Хаан, Аттила хаан, Чингис хаан, Хубилай хаан, Өндөр гэгээн Занабазар
Өдгөө бидний үед ч хамгийн муугаар дуудуулж буй улс бол

Хүн гүрэн, Монголын товч түүхийг бичсэн Ерөнхий сайд Анандын Амар (1886-1941)
эх орныхоо төлөө цаазлуулсан
http://www.mongolinternet.com/famous/AnandAmar.htm

Хүннү Сүннү нутаг алдарт шүлгээ бичсэн түүхч яруу найрагч Дашдоржийн Нацагдорж (1906-1937) тагнуул туршуулаараа дуудуулан хэлмэгдсэн
http://www.mongolinternet.com/famous/DNatsagdorj.htm
Хүннү голын хөвөөний Гол мод 1-ийг нээж, дэлхийн түүхэнд Хүн гүрэн морины дөрөөг нээсэн байх нээлтийг хийж чадсан алдарт археологич Цогданзангийн Доржсүрэн (1923-1994) элдэв муугаараа хэлүүлсэн, хар архичнаараа дуудуулсаар Үнэн ирэх цагийг хүлээсээр бас өнгөрсөн
http://www.archaemongolia.com/mn/expedition
ХҮН гүрний түүхийг судалсан алдарт номоо шатаалгасан, энэ зуунд ахин төрөхгүй гарамгай түүхч Гүнжийн Сүхбаатар (1928-1995) нэр алдаргүй, гавъяа цолгүй өнгөрсөн
http://www.mongolinternet.com/famous/GunjSuhbaatar.htm

ХҮН гүрний түүхийг судалж, бичиг үсэгтэй байсны алтан баталгаа АЛТАН хүнийг олсон алдарт ахмад үеийн Доржпаламын Наваан ((1925-2009) элдэв гавъяа шагнал ч хүртэлгүй, бас элдэвээр хэлэгдсэн ч аугаа их нээлтийн хэмжээнд тооцогдох олдвор дурсгалыг бидний гарт өгөөд үйл хэргийг залгамжлаарай гээд насан өөд болсон
http://www.kharakhorummuseum.mn/…/2…/545-2015-01-16-08-06-44

ХҮн гүрний алтан хүний нууц бичээсийг тайлан уншиж чадсан хэл шинжээч, түүхч Балдандоржийн Сумъяабаатар (1937) эрдэмтэн өнөөдөр ямарч шагнал гавъяа хүртээгүй мөн л элдвээр хэлэгдсэн ч олон нээлтээ хийчихээд омог бардам өнөөдөр бидний дунд алхаж явна. АХиад ийм эрдэмтэн төрөхөд даруй мянган жил ч хүрэлцэхгүй.
http://www.mongolinternet.com/famous/BaldandorjSumyabaatar.htm
Хүн гүрний хаадын хамгийн том дурсгал бүхий ХАНУЙ ХҮННҮ голын хөвөөнд Гол Мод 1-н эзэн алдарт археологич Ц.Доржсүрэнгийн мөрөөр алхсан Гол мод 2-г нээсэн идэр жинчин археологич Диймаажавын Эрдэнэбаатар өнөөдөр яг өмнөх алдартай хүмүүсийн адилаар түүхийн төлөө тэмцсээр явна.
http://www.hunnu.mn/content/41380.htm

БИ нэгэн зүйлийг анзаарсан
Дэлхийн түүхэнд муу хэлэгдсэн ард түмний түүхийг үнэнээр тунгааж чадсан алдартай хүмүүсээ бид амьдад нь жадалсаар, санаагаар унагасаар хөөчихөөд өнгөрсөн хойно нь матрын нулимс үзүүлж хуурай магтдаг юм билээ.

Эмхэтгэсэн Ц.Батмөнх
Гол мод 2 олдворын зургийг номоо дөнгөж өнөөдөр хэвлэлээс авсан эрдэмтэн Д.Эрдэнэбаатарын зөвшөөрөлтэйгээр орууллаа.

ХАШ
2011 он Гол мод 2, Хүннүгийн бунхан
археологич Д.Эрдэнэбаатарын баг. 2000 жилийн өмнөх

Хүн гүрний Алтан бурхан, 2000 жилийн өмнөх

Хүн гүрний Алтан пайз, Алтан хүн, 2000 гаруй жилийн өмнөх, Археологич Д.Наваан, хэл судлаач Б.Сумъяабаатар
Хаан тамга утгатай дүрс бүхий бичиг, Хүннүгийн 24 аймгийн билэгдэл

Хараагийн Ноён уулын олдвор
Сахалтай хүний зураг, 2000 жилийн өмнөх

Нэг эвэрт Бодь гөрөөс, 2011 он Гол мод 2
археологич Д.Эрдэнэбаатарын баг. 2000 жилийн өмнөх

Алтан Хангарди 2011 он Гол мод 2, Хүннүгийн бунхан
археологич Д.Эрдэнэбаатарын баг. 2000 жилийн өмнөх

Ромын шилэн гайхамшигт аяга
2011 он Гол мод 2, Хүннүгийн бунхан
археологич Д.Эрдэнэбаатарын баг. 2000 жилийн өмнөх

Хүн гүрний алтан НАРАН САРАН шүтээн, 2000 жилийн өмнөх

 

 

 Эх сурвалж: www.Unuudur.mn

URL:

Нэр: санчир Огноо: 23 December 2016

Ард түмэн минь ноен уулыг аврах өнгөрсөн яагаад гэвэл ерөнхий сайд эрдэнэбатын ээжийн эзэмшлийн газар бас сайд өөрөө хуваалцаж байгаа тийм болохоор бид дийлэхгүй л болов уу юутай ч үзээд алдая гэхдээ тэднийг бурхан гэсгээнэ л дээ үр хүүхэдийг нь ,..,, тэмцэлд нэгдэе

Сэтгэгдэл бичих