ГУРАВДУГААР ДЦС-Д АЮУЛ НҮҮРЛЭВЭЛ V СТАНЦ ЦУГ “СҮЙРНЭ”

Өмч хувьчилж эхэлснээс хойших хугацаанд Монголд Дулааны цахилгаан станц (ДЦС) наймыг хувьчилжээ. Тэглээ гээд сайн юм ер болсонгүй. Арга ядаад дөрвийг нь төр буцааж мэдэлдээ авсан аж. Хувьд үлдсэн хэд нь болохоор гомдол санал гаргасан төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг чухам л харцаараа хөдөлгөдөг. Цахилгааны үнээ үндэслэлгүй нэмлээ, халаалт доголдоод байна гэх мэтээр гомдол тавихаар “Тэгвэл дулаан, цахилгаан хэрэглэхээ больчихгүй юү” гэдэг байна. Ховд, Увс, Багануурынхан ийм айдас түгшүүр дор амьдардаг бололтой. Орхон аймгийн ДЦС-ыг ч бас ийм “хувь заяа” хүлээж байгааг тэндээс сонгогдсон гишүүн Д.Одхүү сануулав. Түүний ачаар УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны үеэр гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулсан юм.

Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоол гэж бий. Засгийн газар дэмжээгүй байтал УИХын зарим гишүүний шунахай сэдэл дийлж, уг тогтоолын хавсралт буюу хувьчлах, өөрчлөн байгуулах объектын жагсаалтад Орхон аймгийн ДЦС-ыг оруулчихаж. Үүнийг Д.Одхүү гишүүн олж мэджээ. Тэгээд уг жагсаалтаас ДЦС-ыг хасуулахаар тогтоолын төсөл санаачилсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. Харин Даш. Зоригт, Ц.Нямдорж, Ц.Цэнгэл, Ө.Энхтүвшин, Г.Занданшатар, Д.Оюунхорол нарын долоон гишүүн эсэргүүцэв. Тэгэхдээ яг санал хураахад Ц.Цэнгэл, Ц.Нямдорж хоёроос бусад нь эзгүй байсан учир нэр нь ДЦС-ыг хувьчлахыг дэмжигсдийн дотор орчихжээ.

Ц.Цэнгэлийн хувьд уг станцыг “хувьчилж” авах сонирхолтой байх шиг. Хувьд л өгчихвөл сайн сайхан болно гэж тэр яриад байна лээ. Ийм ашиг сонирхол байхыг эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа юм. Учир нь Ц.Цэнгэл “Дархан-Сэлэнгийн шугам сүлжээ” ХХК-ийн багагүй хэсгийг буюу 34 хувийг эзэмшдэг юм байна. Эрдэнэтийн ДЦС-ын 400 шахам ажилчин, албан хаагчаас Д.Одхүүгийн нэр дээр захидал ирүүлсэн гэсэн. Түүнд ДЦС-ыг УИХ-ын нэр бүхий гишүүдийн (тэдний хэн болохыг дараа тодруулахыг хичээх болно) оролцоотойгоор хувьчилж авахаар зэхэж байна. Зорилгоо биелүүлэхийн тулд захирлыг нь ажлаас халсан гэсэн утгатай юм бичсэн байжээ. УИХ уг асуудалд анхаарал хандуулсанаар стратегийн энэхүү объектыг хувьд шилжүүлэхээс аварч үлдэнэ гэдэгт найдъя.

ДЦС-уудыг хувьчилсаны гашуун туршлага бийг ч гишүүд хэлж байгаа юм. Хувьчилсан ДЦС-уудыг төрийн мэдэлд буцааж авах ёстой гэсэн санааг зарим нь хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

Г.Баярсайхан:-ДЦС-ууд Монголын эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой. Хувьчилсаны үр ашиг ч гэж гараагүй байх. Хувьчилсан ДЦСуудыг төрийн мэдэлд буцааж авах хэрэгтэй гэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “хувьчилснаар сайн юм болоогүй л дээ” гэж байв.

Д.Балдан-Очир:-Зарим аймаг, дүүргийн ДЦС-уудыг хувьчилснаас болж ихээхэн бэрхшээл гардаг болсон. Хувийн л юм болохоор хөлдөөнө шүү, цахилгааныг чинь таслана шүү гэж байгууллага, иргэдийг айлгадаг сурагтай гэв. Муу амлаж байгаа юм биш. Сэрэмж илүүдэхгүй гэсэндээ ийн бичлээ.

Баасан гаригийн чуулганаар анхаарал татсан бас нэг асуудал хэлэлцсэн нь мөн л төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулахтай холбоотой. Нийслэлийн цахилгаан, дулааны хэрэглээг одоо байгаа ДЦС-ууд хүчрэхээ хэдийнэ болиод байгаа юм. Тав дахь эх үүсвэрийн тухай яриа гараад их удсан. Газар олдохгүй байна гэсэн хачирхалтай тайлбарыг ЭБЭХЯ, хотын удирдлага өгсөөр ирсэн. Улсын онцгой байгууламжид газар олдохгүй байх учиргүй баймаар. Шинээр байгуулах ДЦС V-ыг III цахилгаан станцын нэг хэсгийг нурааж байж барихаар Засгийн газар шийдсэн бололтой. Энэ жишээнээс үзвэл хотын газрыг эрх мэдэлтн үүд наймаалаад дууссан нь үнэн юм байна.

Хоёрдугаарт, төр төмөр нүүрээ шаардлагатай үед гаргадаг байх эрхтэй. Үндэсний том эрх ашгийн үүднээс төр хэний ч газрыг “дээрэмдэх” л хэрэгтэй шүү дээ. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатарт дулааны тав дахь эх үүсвэрийг шинээр барина гэж бий. ТЭЗҮ, байгаль орчинд үзүүлэх нөл өөллийн нэгдсэн судалгааг АХБ-аар хийлгээд дууссан гэнэ. Байршлын хувьд хэд хэдэн хувилбар сонгосон юм байх. Олон хүний үзэж байгаагаар хамгийн муу, эрсдэлтэй, нийслэлчүүдийг цахилгаан, дулаан, хэрэглээний усаар нэг өдөр л гачигдуулж мэдэх хувилбарыг АХБ нь Засгийн газарт санал болгож, түүнийг нь “тэнэг” юм шиг хүлээгээд авчихсан юм байх. Гуравдугаар ДЦС-д ямар нэгэн осол аваар боллоо гэхэд хажууд нь нааж барьсан V станцад нөлөөлж таарна даа. Ингээд ямар нэг юм боллоо гэхэд нийслэлийг эрчим хүч, дулаанаар хангадаг хоёр томоохон эх үүсвэр зэрэг доголдож, жагсаалаас гарах юм биш үү.

Харин Ч.Хүрэлбаатар сайдын хэлж байгаагаар бол ДЦС III-ын нам даралтын хэсгийг нурааж V цахилгаан станцыг барих юм гэнэ. Үүнийгээ зөвтгөхдөө, одоо байгаа дэд бүтцийг ашиглах давуу талтай гэж байгаа юм. Хамгийн гол нь онцгой энэ объектын аюулгүй байдлыг нэн түрүүнд харгалзан үзэх ёстой бус уу. Дулааны хоёр станцыг нийлүүлээд барьчихаар ядаж л аюулгүй байдлын баталгаагүй болчих гээд байгаа биз дээ. ЗГХЭГ-ын даргын танилцуулсан энэ хувилбарыг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Битгий л дэмжээсэй. Ганц ДЦС барих газрын асуудал шийдэж чаддаггүй Засгийн газар гэж арай ч байдаггүй байлгүй дээ.

Э.ТӨР

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих