Утаанаас гэнэт цочсон Ерөнхий сайд

said-utaaМонголчууд утааны гамшигтай тэмцэх цаг иржээ гэдгийг дээр доргүй өвлийн жин хүйтэн үеэр л мэддэг уламжлалтай болоод цөөнгүй жил болжээ. Зунд нь хангалттай найрлаж наадамлаж, өвөл нь гэнэт утааг анзаардаг гэм биш зан болсон байдал Монгол Улсын Ерөнхий сайдыг ч тойрсонгүй. Сүүлийн үед сошиал орчинд олон нийтийн дунд утааны эсрэг жагсаал, тэмцэлд нэгдэхийг идэвхтэй уриалж байгаа. Ирэх 26-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд “Утааны эсрэг ээжүүд” холбооныхон зохион байгуулах жагсаалд 20000 орчим ээж, аавууд цуглана хэмээн бичиж эхэллээ. Шинээр байгуулагдсан ийм холбооны идэвхтнүүд ч өдөр тутмын сонин, хэвлэлүүдээр дуу хоолойгоо эрчтэй гаргаж байна.

Нийслэлчүүдийн дунд жинхэнэ гамшиг болчихоод байгаа утааны асуудлаар төдий тооны хүн төв талбайд цуглахад бэлэн гэж Ерөнхий сайд маань тооцсон уу, эмээсэн үү гэнэтхэн л БСШУС-ын сайдаа дуудаж, эрдэмтдийг залж авчраад үүрэгдэж гарав. Ингээд Засгийн газрын тэргүүн маань ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон тухай мэдээ өчигдөр бүх хэвлэлээр дамжлаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь ч хөөрцөглөж манай салбарынхан энэ үүрэг даалгаврыг биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа гээд баахан төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм ярив.

Ингэж цочсон юм шиг гэнэтхэн утаа ярих хугацаа гүйцэтгэх засаглалын тэргүүнд сонгуулиас хойш хангалттай л байв.

Улаанбаатарт өвлийн улиралд хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил болсон тухай ярьж бичсээр л. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд бие давхар эмэгтэйчүүдийн дунд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хэчнээн ээж утааны эсрэг нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол?  Эдгээр зовлонг тойрч гараагүй гэр бүл Улаанбаатарт ховорхон болж байхад улстөрчид жирийн иргэдийн энэ зовлонгоор олон жил бизнес хийсээр ирэв.

Утаагүй зуух төсөл, Шахмал түлшний үйлдвэр, Нүүрс хөтөлбөр, Цэвэр агаар сан гээд элдэв санаа, хувилбар сэдсэн дарга, улстөрчид хэдэн саяас хэдэн тэрбумыг салхинд хийсгээд ч Улаанбаатарын утаа багасаагүй нэмэгдсэн.

Улаанбаатарын утааг нэг мөр шийдвэрлэх арга бол тодорхой гэдэг. Үүнийг Монголын эрдэмтдээс, тэр тусмаа Ж.Батсуурь сайдаас асуух ямар ч шаардлагагүй. Нэг бол нийслэлийн бүх өрхийг орон сууцжуулна, үүнд олон жил шаардлагатай, эсхүл ямар нэг аргаар хотыг бүхэлд нь хийгээр хангахаас өөр замгүй. Дэлхий дээр байгаа утаанаасаа салсан томоохон хотуудын шийдэл ердөө л энэ хоёрын аль нэг байдаг. Үүнээс өөр оновчтой шийдэл байхгүй гэдэг нь манай хэтэрхий мэргэн жараахайнуудын өнгөрсөн он жилүүдэд сэдэж хэрэгжүүлсэн  ямар ч үр дүн өгөөгүй элдэв, төсөл хөтөлбөрөөс тод харагдаж байгаа юм. Нүүрснээс татгалзах үр нөлөөтэй арга олохгүй л юм бол мянга утаатай тэмцэнэ гэж ядарсан төсөвт нэрмээс болгож олон тэрбумыг суулгаад ч утаа арилахгүй. Харин мөнгийг нь манай улстөрчид зувчуулж, гулгуулсаар л байх болно.

Нөгөө талаар Монголын эрдэмтэд сүрхий л байх. Гэхдээ л дүн хүйтнээр Ерөнхий сайдын үүргийг биелүүлнэ гээд хэчнээн чармайж элдэв цаас цоохорлолоо ч Улаанбаатарын утааг нэг өвлийн дотор алга болгох ид шид тэдэнд даанч байхгүй.

Харин судалсаар байтал л нэг мэдэхэд хавар, зун болчихно, тэр судалгааных нь үр дүнг хэрэгжүүлэх мөнгө Засгийн газарт олдох уу, хэрэгжээд ч утааг үлдэн хөөж чадах уу үгүй юу гэдэг өөрөө маш том асуултын тэмдэг. Энд тэндгүй мөнгө гуйж яваа манай дарга нарын байдлаас харахад хэд хэдэн Засгийн газар, хэдэн парламент дамжсан утааны асуудлыг шийдчихнэ гэдэг юу л бол. Зун болж найр, наадамтайгаа золгож аваад дахин нэг утаатай өвлийн барааг нийслэлчүүд харна гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй байх. Тэгэхээр ажил хийсэн дүр эсгэсэн шоу биш арай л амьдралд ойр ажил хиймээр байна Ерөнхий сайд аа!

politik.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.