ХБНГУ-аас Монголын тусгай хамгаалалттай газар нутгуудад нэмэлт 7 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

germanyМонгол Улсын өвөрмөц биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн ХБНГУ, Монгол Улсын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна. ХБНГУ Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэмэлт 7 сая еврогийн хөрөнгө олгохоор  шийдвэрлэлээ. Ингэснээр ТХГН-ын менежментийг сайжруулахад зориулан олгох буцалтгүй тусламжийн 2016 оны нийт амлалт 13,5 сая евро хүрч байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард БОАЖ-ын сайд  Д.Оюунхорол ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Др. Кристиан Гласс болон Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) Улаанбаатар  дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Петар Георгиев нартай хийсэн уулзалтын үеэр хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, төслийн хүрээнд байгалийн хосгүй зүй тогтлыг хэвээр хадгалан хамгаалж, тухайн нутагт аж төрж буй хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын зэрэгцээ тогтвортой аялал жуулчлалын чухал үндэс суурийг бүрдүүлэх боломжтой гэв.   2016 онд менежмент, дэд бүтцийг нь сайжруулах зорилгооор 11 тусгай хамгаалалттай газар, нутгуудыг сонгон шалгаруулаад байна. Үүнд,  Отгонтэнгэр, Дорнод Монголын улсын тусгай хамгаалалттай газар,  Горхи Тэрэлж, Хангайн нурууны байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Хустайн нуруу,  Онон Балж, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, Тарвагатайн нурууны  байгалийн цогцолборт газар,  Улаан тайгийн  улсын тусгай хамгаалалттай газар  болон Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газар  багтжээ. Харин нэмэлт санхүүжилтээр баруун бүсийн тусгай  хамгаалалттай газар нутгуудыг дэмжих боломжтой бөгөөд цаашид говийн бүсийг хамруулах бололцоог судлах юм. Ингэхдээ санхүүжилт хүссэн  тусгай хамгаалалттай газар нутгуудын  боловсруулсан менежментийн төлөвлөгөөг нь үндэслэн нээлттэй өрсөлдөөний зарчмын дагуу сонгон шалгаруулах шинэлэг аргачлалыг хэвээр баримтална. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ч Монголын Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутаг  болон нутгийн иргэдийг анхаарч байгаа явдал нь өөрөө ирээдүйд чухал хөрөнгө оруулалт болно хэмээн Др. Гласс онцлов.

 2017 онд Герман-Монголын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой тохионо. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Герман улс нийт 347 сая орчим еврогын хөрөнгө олгосон байна. Биологийн олон янз байдал, Эрчим хүчний системийн үр ашиг болон Ашигт малтмалын тогтвортой менежмент гэсэн тэргүүлэх чиглэлүүдэд хамтран ажилласнаар Герман улс тогтвортой хөгжлийг цогцлоохын төлөө гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ орон даяр иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах, мөн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд чухал түнш нь байх болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих