ГЭРИЙН ДАРГА /богино өгүүллэг/

6385

Охин хүүхэд ааштай л гэдэг. Манай охин ч аашаа ёстой л гаргаж байна даа… гэж бодсоор би хаалгаа тогшив.

Хоёр хүү маань уралдаж ирээд хаалга тайлав. Гэрт оров уу үгүй юу дунд хүү ээж ээж маргааш анги хуримтлалын 5000, хоолны 1000 төгрөг өгөөрэй гээд дуржигнуулж гарлаа, харин бага хүү надаа надаа гэсээр цүнх чирээд алга болов. Үнсүүлсэн ч үгүй. Төд удалгүй амандаа бохь хийчихсэн бөөн баяр цүнхэн дээр минь суугаа харагдлаа.

Гадуур хувцсаа тайлаад гал тогоондоо орлоо. Манай охин ч ёстой жинхэнэ ааш нь хөдөлчихсөн, ээж хүү гурвыг хяргаж гарах нь ээ.

-          Ээж та өглөө явахдаа хамаг хувцсаа тайлж тавьчихаад эвхэхгүй юм.

-          Ээж та наад Түвшингөө битгий эрхлүүлээд байгаач. Наадах чинь хоолны мөнгөөрөө PC тоглодог юм. Угаасаа манай сургуулийн банди нар оффис орьё гээд л PC руу явдаг, наадах чинь яг тэгэж л байгаа.

-          Ээж та наад Төрөөгөө битгий давраагаад байл даа. Сав л хийвэл дарвайгаад уйлна. Дугай бол чи! Юундаа уйлаад байгаа юм, наад коршооктой шээсээ өөрөө асга, битгий гадуур нь асгачихаарай. Өөрөө цэвэрлэхгүй юм байж…

Хүүгээ хартал үг ойлгодог болчихож, коршоокоо бариад цаашаа явав. Яг аниагийнхаа хэлснээр гадуур нь дарвайтал асгачихаад хүрээд ирэв.

Түвшин мэдэж байсан юмшиг гүйж очоод дүүгийнхээ шээсийг гялс арччихлаа. Ёох ашгүй дээ гэж.

Ээж нь бүүр даарчихлаа. Халуун цай уумаар байна гэтэл, Түвшөөн ээждээ цай хийгээд өг, хоолоо хийсэн үү миний охион ямар хоол хийсэн бэ, Түвшөөн ээждээ хоол аягалаад өг, гоё кино байна уу, удирдлага хаана байна, Түвшөөн ээждээ удирдлага аваад өг, дүү нь хөл нүцгэн байна ш дээ, доороосоо даарчихгүй байгаа, Түвшөөн дүүгийнхээ гутлыг нь өмсүүл, миний охин өнөөдөр гэр орноо цэвэрлэсэн үү, Түвшөөн гэрээ цэвэрлэ гэж хэд хэлүүлэх гээд байгаа юм бэ.  Өөрийн эрхгүй инээд хүрэн энэ айлд Түвшингүй юм алгаа гэж бодогдлоо.

Бас охин шиг хэрэгтэй хүн гэж хаа ч алга. Төрөөгөө уйлах тоолонд нь дарвайтал нь загначих нь. Гэхдээ амттай зүйлээ шууд аваад далд хийчихнэ. Өөрөө ч идэхгүй. Дүүгээ уйлах тоолонд нь бага багаар аманд нь яг хийнэ. Дүү нь ч шарсан мах андахгүй шар зурхай ч л гэсэн үг.

Ээждээ бол миний охин үнэт эрдэнэ. Саяхан болтол би өөрөө л гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, угаалгаа хийж, хүүхдүүдээ өсгөж, гадаа салхилуулдаг байлаа. Нэг ёсондоо гэрийн босс нь байлаа. Цалингүй хэрнээ сайхан ажил шүү.

Цаг хугацаа гэж ямархан хурдан өнгөрдөг, харамсмаар ч бас баярламаар ч зүйл байдаг юм бэ. Өнөөдөр би гэрийн даргын ажлаа аль хэдийн охиндоо шилжүүлчихэж, өгье гэж өгөөгүй л дээ мэдээж, цагийн аясаар. Ээжийгээ ажлыг нь сайн хийлгье, амжилтанд хүрэг, үе тэнгийн найз хүүхнүүдээ гүйцэг, угаасаа мөрөөдөл нь шдээ гэж бодож явдаг сэтгэлийнх нь зүтгэлээр. Би ч охиныхоо гэрийн даргын үүргийг гүйцэтгэж байгааг нь хараад өөрийнхөө томоогүй омголон залуу насаа олж хараад инээд ч хүрэх юм, зовлонг нь ойлгодог болохоор үгэнд нь ч сайн орно гээч….

А.Бадмаа


URL:

Сэтгэгдэл бичих