С.Жавхлан цалингаараа эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Самандын Жавхлан дөрвөн сарын цалингаараа тойргийнхоо иргэдэд таван цул авч, тараажээ. Тодруулбал, түүний сүүлийн дөрвөн сарын цалин нь 6 сая 168 мянга 844 төгрөг болсон байна. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хорооныхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан болон нэн ядуу нийт 300 гаруй өрхөд хонины хуйхалсан толгой, таван цул, сүү, гурил, нүүрс, түлээ өгчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С. Жавхлан хэлэхдээ “Ард түмний тэн хагасаас илүү нь ажилгүй өлсөж цөхөрч байхад, хэдхэн хүн найрлаж цэнгэж байгааг баяр гэхгүй ээ. Гурван сая хүн бүгдээрээ сэтгэл хангалуун, ижил тэгш баярлавал түүнийг харин баяр гэж хэлж болно. Өнөөдрийн дарга, сайд нарын тэмдэглээд буй олон баярыг эсэргүүцэж байна. Өнөөдөр оргилуун дарс, бялууны өртөгөөр ч мах, гурил аваад өгөхөд яг амьдрал дээрээ багадхааргүй байна. Улаанбаатар хотод бор хоног, шар өдрийг идэх хоол, түлэх түлээгүй өнгөрөөж буй ажил орлогогүй, хөдөлмөрийн чадваргүй айл маш олон байна” гэжээ.

Тэрээр шинэ жилийн баяраас татгалзаж буйгаа мэдэгдэж, баярлаж цэнгэх мөнгөөрөө ядарсан түмэндээ туслацгаая хэмээн бусад гишүүдийг уриалсан билээ. Дээрх тараасан таван цул, хонины толгойг С.Жавхлан гишүүний ажлын албаныхан хуйхалж, цэвэрлэн иргэдэд хүлээлгэн өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих