Истанбулын халдлагыг “Лалын улс”-ын цэрэг үйлджээ

1483403258586aeffac6922АНКАРА. /ВВС/. Шинэ оны эхний өдөрт шилжих шөнө Туркийн шөнийн цэнгээний газарт гадаадын иргэд голдуу 39 хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээлээ.

Тус бүлэглэлээс өнөөдөр гаргасан мэдэгдэлд “манай баатарлаг нэгэн цэрэг энэ халдлагыг үйлдсэн” гэжээ.

Өнгөрсөн ням гарагийн үүрээр Истанбул хотын “Reina” шөнийн цэнгээний газарт 700 орчим хүн шинэ жилийн баяр тэмдэглэж байх үед нэгэн зэвсэгт этгээд дайран орж, гал нээсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 69 хүн шархадсан юм.

Хөрш Сирид “Лалын улс”-ыг устгах цэргийн ажиллагаа явуулж байгаа Туркэд сүүлийн үед гарч буй халдлагуудын ард тус бүлэглэл байгаа гэж холбогдох албаны хүмүүс сэжиглэж байгаа билээ.

Өнгөрсөн онд Туркэд болсон хоёр халдлагатай “Лалын улс” холбоотой болох нь хэдийн тодорхой болоод байгаа юм.

Сирид “агаараас цохилт өгч, их буугаар галлан” лалынхны цусыг урсгаж байна гэж Туркийг “Лалын улс” буруушаажээ.

Сэжигтэн нь Узбекистан эсвэл Киргизстаны иргэн байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу “сэжигтнийг эрэн сурвалжилж байна. Гэмт этгээд удахгүй баригдана гэдэгт найдаж байна” гэлээ.

Г.Доржханд

эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих