АН аврахад ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ

ardchilal6-1024x544“Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй том нам”… Яг энэ мэдээллийн хүчинд эрдэж, Монголын хоёр дахь том улс төрийн хүчин болохоо зарлаж ирсэн Ардчилсан нам өчигдрийн байдлаар 18 мянгахан гишүүнтэй болсон мэдээлэл цацагдав. Тус намын даргыг томилох сунгаа орон даяар эхлэхтэй зэрэгцэж буюу өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 8-наас шинэ гишүүдийн бүртгэл эхэлсэн. Ингэхдээ “Хуучин бүртгэлтэй гишүүд бус шинэ гишүүд нь Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх ёстой” гэдэг шийдвэр гарсан. Эиэ саналыг нь анхан шатны намын хороодоос эсэргүүцэх нь олон байсан ч хараахан тэдний бодлыг хүндэтгэж үзээгүй.

Улмаар өчигдрийн байдлаар тус намд ердөө 18 мянган гишүүн л шинээр бүртгүүлж. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам 180 мянга бус 18 мянгахан гишүүнтэй болж хувирлаа. Харамсалтай нь, шинэ гишүүдийн бүртгэл энэ сарын 6-ны өдөр буюу хоёрхон хоногийн дараа дуусна. Гэтэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэттэгч Л.Эрхэ-баяр нарын зүгээс “Гишүүдийн бүртгэлийг сунгахгүй” гэдэг шийдвэр гаргаснаа мэдээлсэн. Ингэснээр нэгдүгээр сарын 5, нэгдүгээр сарын 6 гздэг хоёр өдөр Ардчилсан намыг аврах авралын өдрүүд болон хувирч байгаа нь энэ. Хэрэв энэ өдрүүдэд Ардчилсан нам гишүүдийнхдэ тоог нэмж бүртгэж чадахгүй бол цаашид “Монголын хоёр дахь том улс төрийн хүчин. Бид эрх баригч байх учиртай” гэх мэт үгийг хэлэх эрхгүй болно гэсэн үг. Лав л гишүүдийнхээ бүртгэлийг 180 мянгад хүргэтлээ шүү дээ.

Тэгвэл Ардчилсан нам юуны учир ийм ичгэвтэр байдалд хүрэв ээ. Энэ асуултын хариулт тун тодорхой. Тус намын лидерүүдийн зөрчил. Цаашлаад Ардчилсан намын гишүүн байсны төлөөх эрх ашгийн бялуу цөөн тооны лидер нэртэй лойдорууд нь хүртэж ирсэнтэй холбоотой. Үүнээс нь улбаалаад тус намын жирийн гишүүд намаасаа зугтсан явдал. Зөвхөн өнгөрсөн оны сүүлчээр болсон Их хурлаар гэхэд үүнийг намынх нь гишүүд хэлж байсан. “Ямар ч шинэчлэл хийж чадсангүй. Бид ямар буудалд унтаж байгаад ирлээ гэж хэлэлтэй биш дээ” гэж. Гэтэл үүнийг мөн л Ардчилсан намын лидерүүд хүндэтгэж үзээгүй. Тэд хувийнхаа эрх ашгийг хамгаалах болохоороо олон зуун мянган гишүүнтэй намын дарга болдог. Харин эрх барьж, дарга болохоороо хамаатан садан, тойрон хүрээлэгчдийн нам болгож хувиргадаг.

Тэд 1996-2000 оны хооронд гаргасан энэ алдаагаа ‘Төлөвшөөгүй. Залуу насны алдаа” гэж тайлбарласан. Тэд энэ үедээ дөрвөн ч Засгийн газраараа туг тахисан. Харин 2012-2016 оны дээрх алдаагаа лидер хоорондын зөрчил рүү чихэж суугаа. Тэр ч битгий хэл хэзээ хойно “Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсны балгаар Ардчилсан нам ялагдсан” гэдэг дүгнэлт хийчихсэн ярьж яваа. Энэ зууртаа Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг орхигдуулсан. Төмөр замын бүтээн байгуулалтыг нарийн, өргөн царигаар хувааж, талцан зогсоосон. Чингис бондын захиран зарцуулалтыг өөрсдийн тусын тулд эргүүлсэн. Өөр хоорондоо учраа олохоо байхаараа шорон, гяндангийн дүрмээр тоглож эхэлсэн.

Харин энэ үедээ жирийн гишүүдийнхээ тухай нэг ч үг хэлээгүй. Эрх баригч болж, хүрэх ёстой албан тушаалдаа хүрч, хүртэх ёстой гэж бодсон ашиг хонжоогоо хувьчилж авахдаа УИХ-ын сонгуулиар ярьдаг, уулздаг, магтдаг тэр гишүүдээ мартчихсан. Ийм болохоор нь Ардчилсан намаас бус харин тус намын лидерүүдээс гишүүд нь зугтахаар шийдэж. Нам нь бус харин лидерүүд нь жирийн гишүүдээ хүндэтгээгүйн балаг энэ. Магадгүй энэ бол тздний хүртэх ёстой доромжлол юм.

Магадгүй ийм үед Ардчилсан намын дарга хэн болох нь бус, харин Ардчилсан нам хэдэн гишүүнтэй вэ гэдэг хариулт олон нийтэд ч, улстөрчид ч сонин болж хувирах нь гарцаагүй. Энэ дүгнэлтийн цаана Ардчилсан нам Монголын хоёр дахь улс төрийн том хүчин гэдэг нэр хүнд нь үнэн үү, худал уу гэдгийн хариулт байгаа болохоор тэр. Учир нь, 20 мянга хол давсан гишүүнтэй улс төрийн хүчин Монголд олон байгаа. Иргэний зориг-Ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Бүгд найрамдах нам, МАХН… Эдгээр намын гишүүнчлэл нь Ардчилсан намыг ялан дийлж чадахаар болчихлоо. Естой л хоёрхон өдрийн дотор хуучин гишүүдийнхээ урмыг сэргээж, сэтгэлийг хөдөлгөхгүй л бол шүү дээ.

Ийм нөхцөлд Ардчилсан намын даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нарын хэн нь ч яллаа гэсэн намынхаа хуучин гишүүдийн итгэлийг сэргээхээс ажлаа эхлэх нь тодорхой юм. Тэр дундаа зургаахан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийн төлөө хэн саналаа өгөх вэ гэдэг эхний том сорилттой тулгарах гэж байгаа намын даргын хувьд шүү дээ. Харин 20 жил хууртсан тэдний итгэл хоёрхон хоногийн дотор сэргэж, зургаахан сарын дараа баталгаажих нь юу л бол. Товчхондоо АН шинэ даргын төлөө бус харин хуучин гишүүдийнхээ эрэлд гарах ёстой байж.

 

 

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих