2016 оны өвөрмөц 10 амжилт

199158-03012017-1483436588-968866757-1Өнгөрсөн жил хөлбөмбөгийн ертөнц онцгой содон үйл явдлаар дүүрэн байлаа. Эдгээрээс онцлох 10 амжилтыг сонирхуулья.

10. Жек Грилиш бол Английн өсч яваа залуу хөлбөмбөгч. Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр 2016 онд Английн залуучуудын шигшээд зургаан тоглолт хийж, хоёр гоол оруулсан нь түүнд итгэл хүлээлгэж буйн шинж. Гэвч Грилиш клубийн түвшинд од муутай байлаа. Тэрбээр энэ жил “Астон Вилла”-гийн төлөө 16 тоглолтод оролцсон. Гэвч түүнийг талбайд гарсан бүх тоглолтод баг нь хожигдож, улмаар доод лиг рүү унасан юм. 2016 оны энэхүү бараан үзүүлэлт түүний ирээдүйн карьерт саад болох вий.

Түүнийг талбайд гарсан бүх тоглолтод баг нь хожигдож, доод лиг рүү унажээ

9. “Борусси Дортмунд” клуб энэ жилийн Аваргуудын лигийн хэсгийн шатанд довтолгоо зонхилсон, үзүүштэй тоглолт гаргаж байв. “Хар шарууд” “F” хэсгийн зургаан тоглолтод 21 гоол оруулсан нь шинэ дээд амжилтаар бүртгэгджээ. Өмнө нь “Реал Мадрид”, “Барселона”, “Манчестер Юнайтед” гэсэн домогт багууд хэсгийн тоглолтод 20 бөмбөгөөр өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байв. Түүнчлэн немцүүд “Легия”-г 8:4-өөр хожсон нь Аваргуудын лигийн түүхэнд хамгийн олон гоолтой тоглолт болж бүртгэгджээ.

8. “Ливерпуль”-ийн хагас хамгаалагч А.Лаллана “Лестер”-ийн эсрэг тоглолтод (4:1) нийт 13.1 км гүйжээ. Өмнө нь ямар ч хөлбөмбөгч нэг тоглолтод ийм их зайг туулж байсангүй. “Улаанууд” Ю.Клоппын удирдлага дор нэхэлтийг маш их хийж, өндөр хурдтай тоглосны ачаар олон ялалт авч буй. А.Лалланагийн 13 км гэсэн үзүүлэлт дасгалжуулагчийн тактикийн сайн жишээний нэг болно буй за.

7. Английн аварга цолыг дуулиан шуугиантай хүртсэн “Лестер” баг Европын томчууд өрсөлддөг Аваргуудын лигт хэрхэн тоглох нь сонирхол татаж байв. Үнэндээ тэднийг томчуудтай үзэлцэхэд балчирдаж, шившгээ дэлгэнэ гэж таамагласан хүн олон. Гэтэл “Үнэгнүүд” шинэ талбарт ч гялалзтал тоглож, хэсгээ тэргүүлэв. Ингэхдээ эхний дөрвөн тоглолтод хаалгаа хуурай манасан нь тэмцээний нэгэн рекорд болжээ.

6. Португалчууд дөрвөн жилд нэг удаа болдог Европын АШТ-д анх удаа түрүүлсэн нь 2016 оны онцлох үйл явдлын нэг байв. Тэд аваргын төлөө талбайн эзэн Францыг 1:0-ээр хожсон. Тэрхүү тулаанд 18 настай Р.Санчес талбайд гарснаар Еврогийн финалд тоглосон хамгийн залуу хөлбөмбөгч болж түүхэнд үлджээ. Сонирхолтой нь, өмнөх рекордыг мөн л Португалын К.Роналду (19 нас) эзэмшиж байв.

5. Лондон хотын “Челси” баг 2015-2016 оны улиралд лигтээ 10 дугаар байр эзлэв. Өмнөх улиралд нь түрүүлсэн баг аваргаа хамгаалах тулаанд ийм хойгуур байр эзэлсэн нь нэгэн сөрөг амжилт болон тэмдэглэгджээ. Өмнө нь “Блекбэрн” (1996), “Манчестер Юнайтед” (2014) багууд аварга болсны дараа жилээ долоод орж байв. Гэхдээ “Челси”- гийн базаахгүй амжилт энэ жил өөр багийн нэр дээр бүртгэгдэж магадгүй. Учир нь ноднингийн аварга “Лестер” өдгөө 15 дугаар байрт жагсаж яваа юм.

4. Аргентин довтлогч Г.Игуайн өнгөрсөн улиралд “Наполи”- гийн төлөө 36 гоол оруулсан нь Италийн лигийн дээд амжилттай зэрэгцэв. Хамгийн сүүлд 1928- 1929 оны улиралд Ж.Россетти хэмээх довтлогч 36 гоол хийсэн гэхээр түүний үзүүлэлт ямар агуу болох нь ойлгогдоно. Игуайн ийн гялалзсаныхаа ачаар 90 саяын үнэ хүрч “Ювентус”-д зарагдсан. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй наймааны дөрөвт бичигдэх мөнгөн дүн юм.

Есөн тамирчин шар хуудсаар торгуулсан нь онцлох мөч болжээ

3. Дахиад л Португалын шигшээтэй холбоотой дээд амжилт. Багийн ахлагч К.Роналду Европын АШТ-ий 21 дэх тоглолтдоо оролцож, бүх цаг үеийн дээд амжилтыг дангаар эзэмших боллоо. Өмнө нь Германы Б.Швайнштайгер 18 тоглолтод оролцоод байв. Роналду 2004 онд анхны Евродоо ороод мөнгөн медаль хүртсэн бол 2008, 2012 онд хоосон харьсан. Харин өнгөрсөн жил сүүлийн тэмцээндээ оролцоод түрүүлж чадсан юм.

2. “Гүүрний төлөөх тулаан” хэмээн нэрлэгдсэн нэгэн гайхалтай тоглолт “Челси” болон “Тоттенхэм”- ийн хооронд өрнөсөн. Лондон хотын хоёр багийн хоорондын халз тулаанд дөрвөн бөмбөг орж, багууд 2:2-оор тэнцсэн юм. Гэхдээ энэ өдөр “Тоттенхэм”-ийн есөн тамирчин шар хуудсаар торгуулсан нь тоглолтын онцлох мөч болжээ. Нэг багийн тамирчид бараг бүгдээрээ шар “жавтий” хүртсэн нь хөлбөмбөгийн түүхэнд үгүй.

1. 2016 оны наймдугаар сарын 8. Английн “Манчестер Юнайтед” клуб Италийн “Ювентус” багтай хийсэн удаан хугацааны хэлэлцээрээ өндөрлүүлж, төвийн хагас хамгаалагч Поль Погбаг худалдан авлаа. “Улаан чөтгөрүүд” франц залууг авсныхаа төлөө Турин хотын багт 89 сая фунт буюу 105 сая евро төлсөн нь Погбаг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгоход хүргэсэн юм. Уэльс залуу Гарет Бейл 2013 онд “Тоттенхэм”-ээс “Реал”-д 100 сая еврогоор зарагдсан нь өмнөх рекорд байв.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих