Монголчуудыг буддын шашинтай байхаас хэн айж байна вэ?!

527-14835038631320806256_05/Түүхийн философич, профессор Д.Чулуунжавын үгүүлэлд өгөх хариу/

Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдөр 2016 оны 12 дугаар сарын 29-нд манай нийтийн мэдээллийн цахим сүлжээний нэлээн хэдэн хуудсанд Түүхийн философич, судлаач, профессор  Д.Чулуунжав абугайн бичсэн нэгэн үгүүлэл “Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм”, “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй”, гэсэн өөр өөр гарчигтайгаар тавигдаж, түүнийг нь бас чамгүй олон хүн хөөрөгдөн дэмжсэн үзэгдэв.
Шашингүйн үзлээс өөр юм хүлээж авахаасаа өнгөрсөн, өөрийнхөөрөө буруу зөвгүй бурж, зүтгэдэг харанхуй хэнхэг хөгшин, эсвэл барууны хэдэн ном уншсаныгаа бүх эрдэм ухааны оргилд хүрчихлээ гэж эндүүрдэг, хомсхон мэдлэгтэй ойворгон залуу ингэж бичсэн бол тоож уншиж, цаг заваа алдан хариу бичих гэж суухгүй байлаа. Учир нь өнөө үед манай нийгэмд сэтгэцийн асуудалтай хүн өчнөөн олон болсныг тэртэй тэргүй бүгдээрээ мэдэх болохоор хөөрхий нэг нь бас өвчин нь хөдлөөд өөрийн огт мэдэхгүй сэдвээр том том ярьж дээ гээд хэн ч тоож үзэхгүй болохоор тэр.
Гэтэл философич хүн, тэр тусмаа түүхийн философич, судлаач эрдэмтэн Тусгаар тогтнолын баярын өдрийг тааруулан “үндэснийхээ” шашин соёл руу дайрч байгаа нь ихээхэн нарийн тооцоотой гадны бодлогын хаялага ч байж мэдэх учраас дуугүй сууж чадсангүй.
Түүхийн философич маань юуны өмнө “Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилж” хэмээн ихэд эгдүүцсэн байна.
Дорно дахины эртний мэргэд өнөөгийн бидэнтэй харьцуулшгүй ухаантай, гайхамшигтай шинжлэх ухаанч сэтгэлгээтэй хүмүүс байсны хүчинд  Буддын сургаалийг “шашинжуулж” чадсаны үрээр энэхүү гайхамшигт сургаал номлол, өнөөгийн бидэнд уламжлан ирж чадаж шүү дээ. Тиймээс үүнд эгдүүцэх биш бахархах ёстой юм.
Хоёрдугаарт Буддын сургаалийг “Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ” гэж, зөөлөн хэлэхэд их муйхраар дүгнэсэн байна.
Манай судлаач эрдэмтний ойлголтоор бол Буддын сургаал номлол дорно дахины олон эрдэмтэн мэргэдийн хүчээр шинжлэх ухааны салбар бүрээр системтэйгээр судлагдан дэлгэрч, их, бага арван ухаан болтол хөгжсөн нь “хиртэж бохирдсон” хэрэг юм байна л даа.
Гуравдугаарт таны тэр хэлээд байгаа “мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжиж” буй үйл явц бол Төр нь гэмт хэргийг өөгшүүлж, нийгэм нь хариулагагүй адгуусны сүрэг шиг болсныг илэрхийлж буй нэг үзүүлэлт юм.
Шарын шашныг “Үндэсний” шашин гэлээ гэж над руу дайрах хүн ёстой олон гарч ирэх байх л даа. Ер нь шашингүй улс гүрэн яаж задардгийн жишээг Монголчууд түүхэн замналаараа тодорхой харуулсан.
Өнөөдөр Монголчууд тэнгэр язгууртай, тэнгэр шүтлэгтэй ард түмэн гэж их ярих болж. Тиймээ тэнгэр язгууртай гэдэгт би ч итгэдэг. Гэхдээ тэнгэр язгуур, тэнгэр шүтлэг гэдэг бол шашин биш. Нарийндаа бол “зэсийн баяжмал” гэдэг шиг өнөөдөр л шинэ утга агуулгаар баяжуулан худлаа яриад байгаа болохоос биш тэнгэр шүтлэг гэж байгаагүй, бөө мөргөл л байсан. Чухам тэр бөө мөргөл улс үндэстнийг шашин шиг нэгтгэн зангидах хүч болж чаддаггүй.
Тиймээс ч эзэн богд Чингис хааныг тэнгэрт хальсны дараа Монголын эзэнт гүрнийг байнга нэгтгэн зангидах оюун санааны хүч байхгүй байснаас болоод задарч бутран, үлэмж хэсэг нь өнөөдөр нэгэнт харийн шашин соёлд уусан үгүй болжээ.
Хаана байна тэр Цагаадайн улс. Хаана байна тэр Алтан ордны улс. Хаана байна тэр дэлхийн талыг хураасан тэнгэр язгуурт Монголчуудын асар уудам газар нутаг. Өнөөдөр монгол гэх шинж чанараа аль хэзээний алдсан Монгол угсаатай гэх олон сая хүн дэлхийн янз бүрийн газар нутагт бусдын эршээлд шоовдорлогдон гадуурхагдаж арай ядан амьдарч байгаад бид бишгүй л санаа тавих болж байгаа.
Улс үндэстний язгуур чанараа, тусгаар байдлаа өнө үүрд хадгалан үлдэхийн тулд бусдын шашиныг хүндэтгэн үзэх төдий бус өөрийн шашинтай байх ёстой юм байна гэдгийг хожуу ч гэсэн ойлгосон монголын дээдэс маань зөв хэрэглээ ахуйн нөхцлөөс үүдсэн тунгалаг оюуны бодлого ухаанаараа Буддын шашныг гэлэгва ёсны шарын шашны хэлбэрээр нь үндэсний шашнаа болгож авсны хүчинд өнөөдөр туурга тусгаар Монгол гэдэг улс оршин тогтнож байна.
Харийн шашин соёлд идэгдэн ууссан хэдэн арван сая монголчууд биш, харин тэр хоцрогдсон гэж адлагдаж байгаа, шарын шашныг үндэсний шашин, ёс суртахууны итгэл үнэмшлээ болгосон 500 мянга хүрэхгүй хүн амтай монголчууд тусгаар Монгол улсаа авч үлдэж чадсан юм.
Өнөөгийн олон хүний хувьд чухам тэр харийн шашин гэж хараадаг болоод байгаа Шарын шашин, түүний тэргүүн болон залагдсан, түвд гэж адлагдаж ирсэн 8 дугаар богд Жавзандамба гэгээний нэр хүнд 1911 онд зах хязгаарын бие даасан эрхтэй олон ноёд, хошуудыг соронз мэт татан нэгтгэж Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэн босох хүч болгож чадсан юм. Хэрэв шарын шашин, 8 дугаар богд байгаагүй бол, Манжийн төр мөхсний дараа монгол угсааны гэх бие даасан эрхтэй тэр олон засаг ноёд, овог аймаг, ястнууд нэгдэх байсан уу?! Тус тусдаа л өөрийн гэсэн овоохой босгох гэж өөр хоорондоо шөргөөцөлдөөд эцэст нь бусдын идэш болж дуусах л байсан.
Хэдийгээр 1911 оны Монголын тусгаар тогтнолыг их гүрнүүд үл хүлээн зөвшөөрч, хүч тулган автономит эрхтэй болгосон ч, энэ нь бие даасан монгол улс байх ёстой гэсэн итгэл үнэмшил бүхий шарын шашинт Монгол үндэстний нэгдлийг хангаснаар 1921 онд Ардын хувьсгал ялж БНМАУ бий болох нөхцлийг бүрдүүлсэн юм.
Шарын шашныг Монголчууд өөрийн болгон аваад зогсохгүй дэлхийн оюун санааны нэг төв болтол нь хөгжүүлж чадсан юм. Дэлхийн хамгийн хоцрогдсон феодалын Монгол гэж нэрлэж байсан тэр үед ч харийн гийчид Монголд ирэхдээ “хоцрогдол, мөхөл сүйрлийг” сонирхож харах гэж биш харин тэдний хувьд нууцын нууц далд ухааныг судлах, тагнах гэж ирж байсныг гадны жуулчид, түүхч, судлаачдын дурсамж тэмдэглэлийн олон номоос бишгүй л харж болно.
Жалханз хутагт, Дилов хутагт, Ноён хутагт гээд Монгол улсын үе үеийн олон гэгээн хутагтуудын алдар нь түгсэн олон гайхамшигт увдис эрдэм, домог хууч, түүх намтраас ч шарын шашин Монголд хэрхэн хөгжиж үндэсний шашин болж чадсаныг харж болно.
Харамсалтай нь Ардын хувьсгал ялсны дараа Монголчуудад эд материалын хэрэглээг шүтэх метафизик сэтгэлгээний суурь бүхий өрнийн соёлыг нэвтрүүлэхийн тулд хүний сэтгэл оюуныг төгөлдөржүүлснээр хүн төрөлхтнийг гэгээрэлд түргэн хүргэх номлол сургаал бүхий Буддын шашны Их хөлгөний ёсыг эрхэмлэсэн Монголчуудын “ёс суртахууны өндөр соёл”-ыг бүх талаар даран устгах бодлого явагдсаныг энд давтан нурших нь илүүц биз ээ. Мэдээж шарын шашны ёс зүй, итгэл үнэмшлээр өрнийн соёлыг хүлээж авч чадахгүй нь ойлгомжтой бөгөөд бас өрнийн соёлыг нэвтрүүлж авахгүйгээр цаашид монгол улс оршин тогтнох боломжгүй байсан нь ч үнэн. Тийм л гачлант тохиол тулгарсан түүхийн тэрхүү “догшин давалгааг“ буруутган яллах, эсвэл дөвийлгөн үнэлэхийн аль аль нь буруу ухаарал, өрөөсгөл ойлголт болох билээ.
Үр дүнд нь шашин шүтлэгээс улбаалж бий болсон ёс суртахууны соёлоосоо Монголчууд ихээхэн хөндийрч олонхийн оюун ухаан нь ч ихээхэн мунхарч доройтсоны жишээг өнөөдөр бид бишгүй харж байна.
“Сөнөж мөхөхөд тулаад байсан” гэх 500 мянга хүрэхгүй хүн амтай феодалын Монголын авч үлдэж чадсан газар нутаг, байгалийн баялгийг өнөөдөр 3 сая хүн амтай болоод байгаа гэж гайхуулах орчин үеийн Монголчууд бие биенээсээ өрсөөд “чихрийн цаасаар” арилжиж мэдэхээр болоод байгааг тал тал тийш нь тасчин барьцаанд тавьж, уралдан өр зээлийн хойноос гүйж байгаа эрх баригчид, тэднийг дахин дахин сонгож гаргаад байгаа бид бүхний царай тодорхой хэлээд өгнө. Энэ бүхнийг харахаар
“Олон зүйл эрдэм бүхэн төгссөн мэргэн
Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүлюү
Олон муу ухаантан дэмий цуглавч
Од мэт гийгүүлж тун үл чадюу” гэсэн мэргэдийн үг эрхгүй санагдана.
Хотын гудамжинд машинтайгаа түгжирч зам дээр хар утаа савсуулан хараал тавин зогсож байгаагаа, түлш шатахууныг нь худалдан авахын тулд улсын асар их хөрөнгө валют гадагш урсаж байгааг хөгжил хэмээн андуурдаг болцгоож.
Урд хөршөөс цоорхой оймс, ханзархай гутлаас эхлээд өмсөж зүүх, идэх уух, эдлэж хэрэглэх элдэв бараа бүтээгдэхүүн хяналтгүй ихээр урсан орж ирж байгааг дурьдах ч юм биш.
Харин энэ бүхний дундаас манай Түүхийн философич Д.Чулуунжав гуай шашны эд зүйлсийг нь сүрхий ялгаж олж хараад “Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм” гэж дүгнэж, зарлан тунхаглаж сууна.
Тэгээд бүр үүнийгээ түүхэн уламжлалын үүднээс нотлон баталгаажуулахыг оролдож “Бурханы шашин маш өргөн фронтоор шинээр тархан орж ирсэн жижиг улс орон энэний хөлд талхлагдаж бүх талаар уруудах замд орж байв. Засаг захиргааны нэгж бүрд сүм хийд, хашаа хороо барих, шашны эд зүйлсээр дүүргэх, хутагт, гэгээнтнүүдэд том том өргөл барьц өгөх, олон тооны лам нарыг тэжээх, хувцаслах, хурал номын зардал, хонх дамар, бүрээ бишгүүр, арц хүж, хадаг самбай, ном судар зэргийг худалдан авах зэрэгт буурай эдийн засагтай жижиг орон бүх хуримтлал, үнэт зүйлсээ гөвж дуусдаг байлаа.
Сүсэгтэн олон түмэн ч гэсэн өргөл, барьц, хадаг самбай, сахиус, эрих зэрэгт өрхийн орлогынхоо 20-30 хувийг зарцуулдаг болжээ. Гуулин, модон, шавар бурхад, зурмал шүтээнүүд, сангийн бойпор, арц, рашаан, шидэт үрэл, бурхдын аравнай, тарни шившлэг уншиж увдистай болгосон гэх элс, үр тариа, чулуу зэргийг айл бүр худалдан авдаг байв… Харин энэ бүхэн одоо дахин сэргэж байна. Түүний үнэ, өртөг болж эх орны хөрс шорооноос олборлосон алт, мөнгө, зэс, бусад үнэт зүйлс доллараар солигдон хилийн цаад руу гарсаар, Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байгааг хэлэх ёстой.” гэж залжээ.
Монгол оронд сүм хийд баригдаж, бурхан шүтээн байгуулж байсан нь манай түүхийн философичийн зэвүүг их хүргэдэг бололтой. Энэ чинь уг нь хот суурин байгуулдаг аль ч улсын жишиг. Харин ч өнөөгийн хот суурингуудтай адил бүх материалыг гаднаас авчирдаг нүсэр барилга байгууламж барьж байсангүй. Өөрийн орны материалд түшиглэн байгуулсан уран барилгын өвөрмөц дурсгалууд байсан юм. Ард иргэд ч тэр бүхнийг байгуулахад өргөл барьц өгснөөрөө ядуурч гуйлгачин болоогүй.
Тэдгээр соёлын төвүүд болох сүм хийдүүдэд шавилан суусан олон хуврагуудаа эрдэм номдоо шамдан гэгээрэхэд нь өргөл барьцаа зориулан тэтгэн дэмжиж ирсэн юм.
Тэр үеийн сүм хийдийн дотоод шүтээн урлалууд, хурал номын хэрэгсэл нь ч өнөөгийн ямбатнуудын албан тасалгаанд зориулан урдаас зөөж авчирдаг шиг үнэтэй хэврэг тавилга байсангүй. Дийлэнх бурхан шүтээнээ өөрсдөө урлаж, судар номоо орчуулж, барлаж, хуулан бичиж, бурхан шашны шүтээн урлал гэх урлаг соёлын хэлбэр Монголд хөгжих түлхэц болж байсан юм.
Түвд болон бусад газраас залж ирсэн тэр үеийн бурхан шүтээнийг ч өнөөгийн наймаачдын сэтгэхүйгээр бодоод хэрэггүй ээ.
Тэр үед урд зүгээс авчирдаг байсан ховор барааны заримыг хадаг самбай, бурхан тахилын эд хэрэгсэл эзэлж байсныг өнөөгийн гаднаас зөөдөг элдэв хогтой зүйрлэх аргагүй. Аян жинд явахдаа авчирсан шашны ганц нэг эд зүйлс нь, ард иргэдийн биедээ авч явдаг гуутай, ууттай сахиус, тарни, зангиа гэх мэт нь харин ч хариас элдэв хог цуглуулах шуналыг нь хазаарлах оюуны дархлаа нь болж байсан юм.
Гэтэл өнөөдөр уранхай жинс өмднөөс эхлээд бурхан болоочдын хуучин муу хувцас сэлт хүртэл вагон чингэлгээр нь зөөж авчиран хар захыг дүүргэж буй дамын наймаачид шашны эд зүйлс дамлан худалдаж буй нь, эсвэл шашны зан үйлийн хэлбэр бүхий бусдыг луйвардах, элдвээр мунхруулан ашиг олз олох хэрэг нийгмийн үзэгдэл болтлоо газар авч байгаа нь шашинд биш, харин тийм гэмт хэргийг үл хориглон зоргоор нь тавьж байгаа төрийн буруу бодлого, төрийг самууруулж буй эрх баригчдад хамаарах асуудал билээ.
Түүний цаана ард иргэдийнх нь итгэлийг, ёс суртахууныг үгүй хийж, эв нэгдлийг нь задлан бутаргаж, эдийн засгийн хүч нөөцийг нь барж устган, бүхнийг өөрсдийн эрхшээлд оруулах гэсэн харийн гүрнүүдийн бодлого хүчтэй явагдаж байгаа нь ч нууц биш.
Үүний тулд хийгдэж ирсэн нэг ажил нь олон ургалч үзэл гэх нэрийн дор шүтлэг бишрэлээр нь талцуулан хагалан бутаргах, өөр хоорондоо дайсагналцах хэмжээнд хүртэл дов жалгын үзлийг нь сэдрээн өдөөх хорт ажиллагаа байлаа.
Мэдээж үүнд саад болох том тээг бол Монголчуудын “үндэсний” шашин болсон Буддын шашин. Тэгээд ч энэ шашин өнөөдөр Монголд дахиад сэргэн мандах боломж бүрдэж, түүнд Түвдийн шашныхан ч их дэмжлэг үзүүлэх болсон нь олон хүний уурыг хүргэж, уушгий нь сагсайлгаж байгааг саяхан Монголд морилоод буцсан Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламын айлчлал ч тодорхой харууллаа. Энэ нь ч учир шалтгаантай. Буддын шашны их хөлгөний урсгал болох гэлэгвагийн ёс Түвд орондоо нэгэнт оршин тогтнох боломжгүй болсон. Тиймээс Шарын шашны төв Монголд шилжвэл ирээдүйд дэлхийн оюун санааны чиглүүлэгч хүч энд бий болчихож магадгүй гэхээс айх айдас, болгоомжлол ч зарим улсад байгаа.
Тиймээс үүнийг жигшүүлэх ажлыг нэлээн алсаас эхлэсэн. Тэр ажлын эхлэл нь МУИС-д ирж эрдмийн зэрэг хамгаалсан ӨМӨЗО-ны оюутан судлаачийн сэдэв байлаа. Тэр сэдэв нь “Монголчуудын Тэнгэр шүтлэг” гэсэн нэр хаягтай байв. Чухам тэр “эрдэмийн ажлаас” нь илүүтэйгээр мөнгө нь чухал байсан манай эрдэмтэн нэртэй хэдэн багшид Монголд ямар шашин байх нь ямар хамаа ч байх билээ. Харин тэдний тэр мөнгөний ажил нь чимээгүйхэн тэлсээр өнөөдөр олон хүний “амьсгалах агаар” нь “Тэнгэр шүтлэг” болоод байгаа. Нэгэнт үндэснийх нь шашныг орлох, шинэ шүтлэгийн “халуун чихийг” Монголчуудад “атгуулаад” авсан болохоор одоо Буддын шашныг нь бушуухан “жийх” хэрэгтэй. Ийм л тооцоо, ийм л бодлого үргэлжилсээр…
Өнөөдөр эх орноосоо урваж, харийн хулгайч дээрэмчидтэй хуйвалдан улсаатонон дээрэмдэж, эх орноо барьцаалан зээл авч оффшор дансанд зувцуулчихаад, дахин өр тавих гэж гүйлдэж байгаа гэмт хэрэгтнүүд биш  харин Бурханы шашин л “ядуурлыг бий болгож байна” хэмээн нийгэмд ойлгуулахыг оролдож суугаа “эрдэмтэн” Д.Чулуунжав гуай та хэний өмнөөс хэнийг мунхруулах гэж зүтгэж явна вэ?!
Эх орон, тусгаар тогтнол ингэж л алдагддаг юм.
О.Лхагвадорж

URL:

Сэтгэгдэл бичих