Чамайг шалгуулна, сайдаас огцруулна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны захиалгаар Үндэсний аудитын газар нь 2009, 2010 онд утаа бага гаргадаг түлш боловсруулах чиглэлээр шийдвэрлэсэн төсвийн хөрөнгийн зарцуулалтад аудит хийжээ. Аудитыг ТЭЦ-2-ыг түшиглэн жилд 210 мянган тонн хагас кокосжсон цогцолбор байгуулахаар зарласан тендерт хийжээ. Дээрх үйлдвэрийг байгуулахад зориулж, 2010 оны төсөвт таван тэрбум төгрөг тусгаж өгсөн. Гэтэл дээрх үйлдвэрийг барьж байгуулах компанийг шалгаруулах тендерийн зарыг олон улсын хэвлэлд гаргаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирчээ. Өөрөөр хэлбэл, тендерийн хуульд зааснаар нэг тэрбум төгрөгөөс дээшхи өртөгтэй тендерийг олон улсад нээлттэй зарлана гэсэн заалтыг зөрчиж, зөвхөн дотооддоо зарласан нь хууль зөрчсөн үйлдэл болчихоод байгаа юм. Тендерийг дотоодод зарлах шатанд хоёр компани саналаа ирүүлж, нэг нь өөрийн хүсэлтээр саналаа буцаан татсан. Харин “Аморе интернэшнл” компани ганцаар үлдэж,  “ТЭЦ-2”-ыг түшиглэн хагас коксжсон түлш үйлдвэрлэх эрхийг олж авчээ. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Батбаяр энэхүү сонгон шалгаруулалт будилаантай болсон хэмээн үзэж, үүнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт буруутай төдийгүй будилаан хутгасан хэмээн буруутгав.

Тэрбээр “Д.Зоригтоо чи наанаа шударга царайлаад цаанаа луйвар хийдгээ болих хэрэгтэй ш дээ. Тэнэг чинь зүгээр. Яагаад гэвэл би наадахыг чинь мэдээд байна. 2006 оны үеэс “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцыг түшиглэн хагас коксжсон түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулна гэж ярьж, төсөл ч боловсруулсан байсан. Хөрөнгийг нь шийдээд өгөнгүүт “Аморе интернэшнл” компанийг тендерээр шалгаруулчихсан ш дээ, чи.  Чамд энэ тухай өчнөөн тайлбарлаад чи ойлгохгүй байна.

Яагаад тэгвэл 2010 онд таван тэрбум төгрөг, 2011 онд 9.2 тэрбум төгрөг, 2012 онд 1.7 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөчихөөд байгаа юм. Хэзээ байтлаа ажлаа эхлээ ч үгүй байхад нь ингэж улсын хөрөнгийг тавьж байсан юм бэ, хэний лоби вэ. Ажлын гүйцэтгэлийн төгсгөлд нь хөрөнгийг ихээр суулгадаг болохоос дунд нь ингэж өндөр тавьдаггүй. Ингэж битгий бизнес хий. Юу ч хийгээгүй байгаа компанид чи 2 тэрбум төгрөг өгчихөөд байна ш дээ. Чамайг шалгуулна, сайдын тушаалаас чинь огцруулна.

Д.Зоригт: -Шалгуул аа шалгуул.

Ц.Батбаяр:
Харж байгаарай чи, чамайг шалгуулна. УИХ-ын даргын дэргэд хэлж байна. “Аморе интернэшнл”-ийг чинь бас шалгуулна.

Д.Зоригт: -“ТЭЦ-2”-ын тухай хариулая л даа. Та ямар зовлонтой юм бэ, хүний хариулт сонсохгүй юм. Тендер дээр ямар ч асуудал байхгүй. Хуулийнх нь дагуу шалгаруулсан байдаг. Төсөвт хөрөнгийг яаж суулгасан, түүгээр л явж байгаа. Та тайвшираад, сонс л доо.

Тендерийг ямар замаар шалгаруулсныг Аудитын газрын дарга хэлсэн.

Ц.Батбаяр: -Сайд гуай “ТЭЦ-2”-ын Техник эдийн засгийн үндэслэлийг тодруулж байж, үйлдвэрийг байгуулая гэж байтал, дундуур нь “Аморе интернэшнл”-ийг оруулаад ирсэн. “ТЭЦ-2”-ын төслийн хувьд инженер техникийн ажилтан дээр, техник дээр, газар дээр нь судалгаа хийж байж, гаргасан юм. Тийм учраас одоо Мянганы сорилтын сангийн 30 сая ам.долларыг өөр чиглэлд зарцуул. Нийслэлийн хэмжээнд 1500 уурын зуух бий. Тэдгээр зуух жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Хэрвээ техникийг нь шинэчлээд түүхий нүүрс түлэхээргүй болгочихвол  Улаанбаатар хотын хорт утаа багасна. Энэ чиглэлд Мянганы сорилтын сангийн хөрөнгийг зарцуулаад өгөөч ээ гэж хэлээд байгаа юм.

-Д.Зоригт:
Хагас коксжсон түлш үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулна шүү дээ.

-Ц.Батбаяр:
-Шударга царайлчихаад, худлаа ярьж байгааг нь.

Д.Зоригт: -“ТЭЦ-2” дулааны цахилгаан станц чинь өөрөө хагас коксжсон түлш үйлдвэрлэх технологи байхгүй. Тиймээс “Аморе интернэшнл” үйлдвэрийг нь бариад өгье л гэж байгаа.

Ц.Батбаяр: -Тендерээр шалгаруулсан тэр компани чинь хагас коксжсон түлш үйлдвэрлэх технологи нь байхгүй. Чамайг би шалгуулна, сайдаас чинь огцруулна, харж байгаарай гэж хэлээд гишүүн байнгын хорооны хуралдааныг хаяж одов.

Ширүүхэн уур амьсгалыг зөөллөж, бас хоёр гишүүний маргаад байгаа асуудлыг хагалах зорилгоор Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднааг дээрх асуудалд тайлбар хийхийг байнгын хорооны дарга хүсэв.

Энэ дагуу Ч.Раднаа дарга Тендерийн хуульд зааснаар шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй нөхцөлд тендерийг хүчингүй болгох заалт бий. Түүнээс шаардлага хангасан нэг тендер орж ирсэн нөхцөлд түүнийг шалгаруулахаас аргагүй. Тэр дагуу “Аморе интернэшнл”-ийг шалгаруулсан байдаг гэлээ.

Аудитын дүнгээс харвал 2009 оны хувьд улсын төсвөөс утаа бага гаргадаг түлш үйлдвэрлэхэд зориулж хөрөнгө гаргаагүй юм байна.  Уг нь 2009 оны төсвийг батлахдаа 10 тэрбум төгрөг тавьсан ч, гуравдугаар сард төсвийн тодотголыг хийхдээ хассан. Харин тухайн онд нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 3.2 тэрбум төгрөгийн 1.7 тэрбум төгрөгийг утаа бага гаргах түлш боловсруулахад зарцуулахаар шийдвэрлэж, Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгонд жилдээ 12 мянган тонн үртсэн шахмал түлш боловсруулах үйлдвэр байгуулах тендер зарлаж,  үйлдвэрийг үндсэнд нь ашиглалтад оруулжээ.  Гэвч үртэсний нөөцийг тооцоолоогүйгээс гадна иж бүрэн цогцолборын хэмжээнд үйлдвэр байгуулж чадаагүй гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газар мөн гаргасан байв. Улаанбаатар хотын хорт утааг багасгах чиглэлээр Засгийн газрын ажиллаж байгаа нүүр царай нэг иймэрхүү.

Г.Дарь


URL:

Сэтгэгдэл бичих