Эн зэрэгцэх ам.доллар ба евро

199160-03012017-1483437022-650359889-euroЕвро бүсийн экспортын өрсөлдөх чадвар сэргэсний ачаар евро сүүлийн 14 жил гаруйн хугацаанд анх удаа ам.долларын ханштай эн зэрэгцэхээр цойлох боллоо. FT-аас явуулсан санал асуулгад оролцсон 28 эдийн засагчийн гуравны хоёроос илүү нь энэ онд элит хоёр валютын ханш ижил түвшинд хүрнэ хэмээн үзжээ. Ийн үзэхэд хүрч буй гол хүчин зүйл нь Холбооны нөөцийн бодлогын хүүгээ өсгөх таамаг болон Дональд Трампийн ялалт АНУ-ын мөнгөний бодлого эдийн засгаа тэтгэхэд илүү чиглэнэ гэх хүлээлт юм.

Brexit болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн зэрэг евро бүсийг тэвдүүлж, итгэл найдварыг нь хөсөр хаях хэд хэдэн үйл явдал өнгөрсөн онд өрнөсөн. Тиймээс ч Европын холбоо болзошгүй эрсдэлээс зайлсхийнэ гэдэгт эдийн засагчид санал нэгджээ. Гэхдээ энэ онд эдийн засагчдыг түгшээх хэд хэдэн үйл явдал өрнөх нь гарцаагүй юм. Үүнд, ноён Трампийн баримтлах бодлого, Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлт Марин Ле Пен ялж болзошгүй зэрэг магадлал багатай ч эрсдэл өндөртэй үйл явдлуудыг нэрлэж болно.

Өнгөрсөн баасан гарагт нэг еврогийн ханш 1.05 ам.доллартай тэнцэж чангарсан. Үүнээс өмнө 2008 онд нэг евро 1.5979 ам.доллартай тэнцэж, байсан юм. Харин 2002 оны арванхоёрдугаар сараас хойш еврогийн ханш нэг ам.доллар ба түүнээс бага түвшинд хүрсэн түүх байхгүй.

Итали зэрэг Европын холбооны зарим улс еврогийн амжилтыг экспортын гавъяа хэмээн шагшаж байна. Харин евро бүсийн эдийн засгийн гол цөм болсон Германд Европын төв банк бодлогын хүүгээ бага түвшинд хадгалж чадсан нь нөлөөсөн гэж дүгнэжээ.

2016 онд ам.доллартай харьцах еврогийн ханш дөрвөн хувиар суларсан байна. Харин АНУ бодлогын хүүгээ өсгөх юм бол уг зөрүү улам нэмэгдэнэ хэмээн зах зээлд оролцогчид таамаглаж буй. FT-ын санал асуулгад оролцсон эдийн засагчдын дийлэнх нь Холбооны нөөц энэ онд бодлогын хүүгээ наанадаж хоёр удаа өсгөх магадлал өндөр хэмээн үзэв.

“АНУ-ын бодлогын хүү нэмэгдсэнээр Европын экспортыг тэтгэж, Европын төв банк зорьж буй инфляцийн түвшиндээ хүрэхэд тустай. Гэхдээ тэд гадаад орчин нь тун эмзэг байгаа хөгжиж буй зах зээлүүдийг хүнд байдалд оруулах эрсдэл хийж байна” хэмээн банкируудын Omfif форумын судалгаа хариуцсан тэргүүн Даная Кириякополоу дүгнэлээ.

Тэгвэл ноён Трампийн дэд бүтцийг сайжруулахад зарцуулах мөнгө нь АНУ-ын эдийн засгийг тэтгэх бол евро бүс Европын төв банкнаас хараат хэвээр үлдэх магадлал өндөр юм. Тиймээс Европын төв банк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх багц хөтөлбөрөө сайжруулах хэрэгтэй хэмээн санал асуулгад оролцогчдын дөрөвний гурав нь үзжээ.

Харин санал асуулгын 43 хувьд Их Британи Европын холбооноос огцом гарах бодлого баримтална гэсэн байр суурь илэрсэн байна. Эдийн засагчдын зөвхөн 14 хувь л Европын холбооноос аажмаар гарна гэж тооцжээ. Энэхүү санал асуулгыг арванхоёрдугаар сарын 13-29-нд явуулсан бөгөөд бүрэн эхээр нь www.ft.com цахим хуудаснаас үзэх боломжтой.

Клейр Жонс

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих