Ажлын хэсэг Хөгжлийн банкыг мөнгө угаасан эсэхийг шалгаж тогтооно

1483711206586fa2e6750feЦагаан сараар хамгийн гоё дээл өмсч сайдтайгаа золгосон эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулдаг, гадаадад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн, 7 ширхэг оёдлын машинд 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн гээд 30 гаруй зөрчил, “но” илэрсэн Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-т шалгаж буй. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг ч шалгаж эхэлсэн. Түүнийг  “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар Н.Батбаяр болон Хөгжлийн банкны экс удирдлагуудын хэргийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэгвэл шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Улсын Ерөнхий прокурор тушаал гарган АТГ, ЭЦГ, ЦЕГ-ын мөрдөн байцаагчдаар бүрдүүлсэн ажлын хэсэг гаргах шийдвэр гаргасан.
Харин саяхан томилогдоод буй ЦЕГ-ын газрын дарга, тэргүүн комиссор Ө.Энхтөр анхныхаа тушаалыг гаргаж, хэргийг шалгах ажлыг хэсэгт багтаад буй ЦЕГ-ын бүрэлдэхүүнд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах газар, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийнхнийг нэмж оруулжээ.  Тэд Хөгжлийн банкаас санхүүжүүлсэн ажлуудыг шалгаж, санхүүгийн гүйлгээнүүд нь хуульд нийцсэн эсэх, мөнгө угаасан үйлдэл байгаа эсэхийг тогтооход АТГ-ынханд дэмжлэг үзүүлэх юм байна.
Уг хэрэгт холбогдсон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүс нь албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад, бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь АТГ-ын шалгалтын явцад ил болоод байгаа юм. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаар батлах хуультай ч энэ заалтыг 2012 оноос хойш огт мөрдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлж байсан нь тодорхой болсон юм. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хороололд санхүүжилт олгохдоо Засгийн газрын тогтоол гаргалгүй, УИХ-аар батлуулалгүй Хөгжлийн банкнаас гаргасан нь тодорхой болсон байдаг.
Б.Чимэг 

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.