П.Нямлхагва: Хүмүүний сэтгэлийг тунгалагшуулан, ариутгадаг зүйл бол яруу найраг

7ftnk1smg9dcbju6dgisnufbr2Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва энэ сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд “Машид тунгалаг” яруу найргийн үдэшээ зохион байгуулах гэж байна. Энэ талаар болон түүний дараагийн уран бүтээлийн тухай ярилцлаа.

-Таны “Машид тунгалаг” нэртэй үргэлжилсэн үгийн номыг уншсан. Харин энэ номныхоо нэрээр тоглолтоо хийх гэж байгааг тань сонссон хүмүүс “Богино өгүүллэг уншигдах нь ээ” гэж бодоод байгаа бололтой …

-Тэгж бодож байж ч болох. Гэхдээ богино өгүүллэг биш яруу найргийн үдэш байх болно. “Машид тунгалаг” гэдэг их сайхан үг л дээ. Хүн ер нь тунгалаг байх ёстой. Сэтгэл санаа, оюун ухаан буртаггүй тунгалаг байх ёстой. Үүнийг илэрхийлж тэр номоо ингэж нэрэлсэн юм. Энэ удаагийн тоглолтоо ч ийм утгатай холбож тайлбарлана.

-Тэгвэл машид тунгалаг байхын тулд бидэнд юу хэрэгтэй вэ?

-Хамгийн гол нь сэтгэлээрээ л тунгалаг байх ёстой. Тэр сэтгэлийг юу тунгалагшуулж, ариутгадаг вэ гэвэл зөвхөн яруу найраг.

-Та анхны тоглолтоо нийтийн дуугаар хийсэн байх аа …

-Тийм. Миний шүлгээр бүтсэн дууг дуучид маань нэгэн танхимаа эгшиглүүлсэн. Тэр тоглолтоо би “Морин зул салхи” хэмээн нэрийдсэн. Манай яруу найрагчид ихэвчлэн ийм тоглолт хийдэг л дээ. Тэр мөчид надад “Яруу найрагч хүн яагаад зөвхөн яруу найргийн тоглолт зохион байгуулж болдоггүй гэж” гэсэн санаа төрсөн. Ингээд би улсдаа бараг анхдагч болж гурван цаг хэртэй хугацаанд яруу найргийн тоглолт хийсэн. Үзэгчид ч огт уйдаагүй. Тэд хотын энэ их нүргэлээн, дуу чимээнд өдөр бүр “нүдүүлдэг” болохоор бага ч гэсэн амар тайвныг мэдэрч, утга уянгаар хөглөгдөхийг хүссэн байх. Яруу найргаар цангаж ч явж гэж бодсон. Дараа нь Монголын үндэсний радиогийн захирал, дотны анд Б.Баярсайхантай хамтарч “Арван сарын үдэш” тоглолтоо хийсэн.

-Тэр тоглолт бас өвөрмөц болсон шүү. Та яруу найргаа уншсан бол Б.Баярсайханы богино өгүүллэгийг уран уншлагын нэрт мастерууд дуу хоолойгоороо үзэгчдэд хүргэсэн дээ …

-Тэгсэн. Үзэгчид мөн л сайхан хүлээж авсан. Харин энэ удаагийн тоглолтоо би бие дааж, нэг ч дуучин дуулуулахгүйгээр зохион байгуулах гэж байна. Гэхдээ нэг нууц задлахад МҮОНРТ-ийн нэрт дриктерүүд надтай хамтарч шүлэг уншина.

-Шүлгээ хэрхэн сонгов. Хэдэн шүлэг уншигдах бол …

-Шүлэг уншигдахдаа их богино хугацаа ордог. Уртхан шүлэг уншлаа гэхэд гурван минут орчим болно. Тиймээс тоглолтынхоо үндсэн агуулга, хугацааг бодолцоод хөгжмийн номеруудтай хоршуулахаар ямар ч байсан 30 гаруй шүлэг уншигдах шинжтэй.

-Тоглолт, ажил зэрэгцэхээр уран бүтээл хийх цаг гарч байна уу?

-Өнгөрсөн он надад онгод хийморь, уран бүтээлийг харамгүй өгсөн.

-Нэгдүгээр сарын 9 буюу өнөөдөр “Алтан өд-2016” наадам болно. Үүнд та “Машид тунгалаг” номоо сойв уу. Уншигчид ам сайтай л байсан даа …

-“Алтан өд” бол Монголын утга зохиолыг төрөл зүйлээр нь тодорхойлдог том наадам. Миний энэ номыг хүмүүс их тоож байсан. Гэвч би сойгоогүй. Яруу найрагч хүн яруу найргаар л бичих ёстой. Чадахгүй юм руугаа нэг их гар дүрээд байх хэрэггүй юм байна гэдгийг би энэ номоо гаргасныхаа дараа ойлгосон. “Алтан өд-2016” наадамд олон луухагар зохиолч өрсөлддөг. Би номоо сойсон бол хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөл зүйлд оруулна. Тэгэхээр би тэр лут амьтадын хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Харин өмнө нь яруу найргийн төрөлд өрсөлдөж байсан. Сүүлийн шатанд шалгарсан номуудыг зохиогчийнх нь нэрийн хамт зарладаг даа. Тэгэхэд сайхан л байдаг.

-Тэгвэл үүний дараа “Болор цом” наадам Дорнод аймагт болно. Найрагч та бүхэн энэ наадамд оролцвол улсын баяр наадамд зодоглох гэж байгаа бөх шиг хөөрцгөлдөг дөө …

-Энэ наадамдаа бол үзнэ ээ. “Болор цом”-д оролцож, тоосоо өргөнө гэдэг тухайн яруу найрагчийн хийморь тэр жилдээ өөдөө байх нь гэж билгэддэг. Эхний шалгаруулалтанд тэнцэж, шилдэг 30 яруу найрагчийн нэгээр нэрлэгдэнэ гэдэг бас л их аз даа.

-Таны дээрх ном болон яруу найргийг уншихаар хуучны мартагдсан үг, санаа тод дүрслэгддэг. Тэр үгийг та яаж эргэн сануулаад байна вэ?

-Их сайхан цэлгэр талдаа адуу мал, ахуй соёлоо дээдэлж яваа аав ээж, хөх өвгөдийн маань буян юм даа. Би дунд сургуулиа төгсөөд хөдөө малын захад таван жил болсон юм. Тэр үед манай нутгийн буурлуудын ярьж байгаа үг, үйлдэл яг л яруу найраг шиг байсан. Тэр нь миний тархинд хадагдаж, хожмоо уран бүтээлд минь шингэхээр тогтожээ. Мөн миний үндсэн мэргэжил нөлөөлдөг байх. Найзууд маань “Чиний Төвд хэлний гүн ухаан судлаач мэргэжил яруу найрагт чинь их нөлөө үзүүлдэг бололтой шүү” гэж байсан.

-2017 оныг та тоглолтоороо эхлүүлж байна. Дууны уран бүтээлийн хувьд олз арвин уу?

-Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Монголд минь олон даншиг наадам болж, хувилгаад заларсан. Тэр үеэр Данзан Жамъян Лодой хувилгаанд зориулсан дууг хөгжмийн зохиолч Г.Түвшинтөртэй хамтарч бүтээлээ. Мөн “Аглагийн хийд”-ийг бүтээсэн бурханч лам Г.Пүрэвбат гуайн тухай дуу бичсэн.

-Дараагийн төлөвлөгөө юу байх вэ. Нууц биш бол сонирхуулаач. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлье …

-Нууцлаад байх юм биш дээ. “Чүрэ” хэмээх кино зохиол бичихээр эхлүүлсэн. 2017 оны нэгдүгээр сарын 1-нд билэг дэмбэрэлийг нь бодож, нэрийг нь бичээд орхичихсон. Тэгэхээр зохиол эхэлсэн гэж ойлгож болно. Гол үйл явдал нь Ховд аймгийн Манхан сумаас олдсон Алтайн ятга хэмээн хөгжмийн зэмсэг дээр Руны хэлээр “Тэнгэр газрыг холбон аялгуулан дуулагч Чүрэ баатар” хэмээн бичсэн байдаг. Тэгэхээр тэр хөгжмийн эзэн болсон баатрын болон Алтайн ятга хөгжмийн тухай өгүүлнэ. Гэхдээ би зохиолоо ганцаарчилж бичихгүй. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга Д.Ганпүрэвийн судалгааг үндэслэж байгаа. Энэ залуу ардын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, маш их судалгаа хийсэн юм билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

URL:

Сэтгэгдэл бичих