“Бүх сайдынх нь амнаас зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэдэг үгс гарах юм. Гэтэл цаана нь шийдэх ёстой өчнөөн асуудал байна”

УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байна. Хавар, намрын чуулган дамнаж энэ асуудлыг ярьж байгаа ч одоо болтол нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байсаар өдий хүрлээ. Сонгуулийн хуулийн гацаанаас яриагаа эхэлмээр байна. Энэ гацааг яаж гаргах вэ?

-Би сүүлийн гурван сонгуулийн хуулийг хэлэлцэхэд оролцож байгаа хүн. Сонгуулийн хууль гэхээр иргэд сонгогчид эрх барьж байгаа улс төрийн намуудад хамаатай гэж хардаг юм шиг байгаа юм.

Гэхдээ зөвхөн улстөрийн намууд ч биш, олон нийт, иргэд идэвхтэй оролцоосой гэж боддог юм. Энэ бол сонгогчдод хамгийн их хамаатай асуудал. Одоо ярилцаж байгаа хууль тогтолцоо уруу нэлээн чиглэснээрээ онцлогтой. Гэхдээ гол нь тогтолцоог өөрчлөхийн тулд өөрчлөх биш Монгол оронд хамгийн сайн тохирох тогтолцоог олж авах нь л чухал юм.

-Тэгвэл хоёр намын санал нэгдчихээд байгаа Сонгуулийн холимог тогтолцоо таны хэлснээр Монголд хамгийн сайн тохирох, зөв гарц мөн үү?
-Мажоритар гэдэг хамгийн муу муухай, пропорциональ гэхээр хамгийн гайхамшигтай зүйл гэж хэт туйлширч болохгүй. Тогтолцоо болгон өөрөө сайн, муу талтай. Тухайн улс орны улс төрийн тогтолцоо, төлөвшил, сонгогчдын боловсрол, улс төрийн намуудын төлөвшлөөс хамаардаг. Өнөөдрийн байдлаар улстөрчид, судлаачид холимог маягийн зэрэгцээ тогтолцоонд санал нэгдсэн. Монголчууд мажоритар тогтолцооны сайн, мууг мэднэ.

Ялангуяа Монголд илэрч байгаа гажгуудыг сайн мэдэж байгаа. Тэр утгаараа сонгуулийн тогтолцоондоо пропорциональ элемент оруулах ёстой гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ ингэж аль алийг нь сонгож авахдаа хуучин дадаж ирсэн тогтолцоогоо давуу байдлаар сонгох хэрэгтэй. Цаашдаа пропорционалийн элемент нь давуу байж чадвал яваандаа өөрчлөөд явж байж болно.

-Пропорциональ элементийг оруулж ирэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж ярьдаг хүмүүс бий. Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэчихсэн байдаг. Пропорциональ бол шууд сонголт биш гээд л эсэргүүцэх үгс олон дуулдсан?

-Үндсэн хуулийн маргаан гэж ярьдаг зүйл бий. Гэхдээ Үндсэн хууль цэцэд очоогүй байгаа учраас үүнийг ярих хэрэггүй юм.

-Гол нь хоёр нам тохиролцож чадахгүй байна шүү дээ. Арай гэж 48:28 гэж тоонд нэгдсэн боловч Ардчилсан нам тойргийг жижиглэхгүй гэж байгаа. Гэтэл танай намынхан хүлээж авахгүй гэж байна. Аль нэг нь нөгөөдөө саналаа тулгадаг, түүнийг нь нөгөө нам хүлээж авна, авахгүй гэж маргадаг ийм байдлаар маш их цаг алдаж байна. Энэ янзаараа хуучин тогтолцоогоороо явах юм биш үү?
-Улс төрийн намууд нийгмийн хүлээлт, шаардлага гээд олон зүйлийг харгалзаж үзээд тогтолцооны шинэчлэлт хийнэ байх гэж найдаж байна. Намууд болон УИХ-ын гишүүдээс их хамаарна. Гэхдээ цаг хугацаа бага үлдсэнтэй санал нэг байна. Хоёр тогтолцоог зэрэгцүүлж авахдаа хамгийн сайнуудыг нь л авах хэрэгтэй. Мажоритар тогтолцооны хамгийн сайн нь нэг тойрог нэг мандатын зарчим. Энэ утгаараа нэг тойрог олон мандатын системийг авах нь бас л ухарч байгаагийн нэг хэлбэр. Тэгэхээр Ардчилсан намынхантай энэ тал дээр ойлголцох байх гэж найдаж байна. Санасныг бодоход хоёр намын байр суурь өдөр ирэх тусам ойртож байгаа.

-Хуулийн хугацаанаас нь өмнө амжиж батлах болов уу?
-Сүүлийн гурван удаагийн Сонгуулийн хуулийг харахад цагийг нь нэлээн дөхүүлж байж баталсан байдаг. Дандаа он гарахад дөхүүлж байгаад баталдаг зуршилтай. Тэгэхээр ямар нэг байдлаар болох байх гэж бодож байна.

-Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотголыг баталсан. Энэ үеэр гишүүд нэлээн шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал, нэг аймгийн хүүхдүүдийн тоглоомд 140 сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй…?
-Төсвийн тодотгол дээр өнгөрсөн онд төсөвт суучихаад хөрөнгө мөнгийг нь гүйцээж шийдээгүй байсан хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгье гэсэн зарчим барьсан. Өөрөөр хэлбэл, шинээр нэг ч асуудал оруулахгүй гэсэн. Харамсалтай нь, миний бодсон шиг байгаагүй. Цоо шинээр баахан зардал нэмэгдээд олж ирсэн. Хэн нэгэн хэлтэй амтай нь явж байгаад төсвийн тодотголд суулгуулчихдаг байдлаар хандаж болохгүй.

-Өмнө нь төлөвлөж байснаар орж ирсэнгүй гэлээ. Гол шалтгаан нь юу байдаг юм бол. Сангийн яамандаа байдаг юм уу, эсвэл үнэхээр дээгүүр доогуур, гүйгээд манай руу ийм юм оруулчихаач гэж явсан нь хожоод байдаг юм уу?
-Гол нь төсвийн байнгын хороон дээр янз янзын санал гардаг юм шиг байгаа юм. Байнгын хороон дээр ямар ч тооцоогүйгээр, сэтгэлийн хөдөлгөөнөөр зардал нэмдэг юм байна лээ. Гэнэтхэн байнгын хороон дээр нэг гишүүн, төчнөөн тэрбум төгрөгөөр энэ зураг төслийг нэмэгдүүлнэ гэж. яриад тэрийг нь баталчихдаг байж болохгүй. Жишээ нь, өмнө нь 600 сая төгрөгөөр хийнэ гэсэн цахилгаан эрчим хүчний зураг төсөл байхад гэнэтхэн тэрбум хоёр зуун сая төгрөг болгоно гэж нэг гишүүн санал гаргаад, түүнийг нь баталчихаж байх жишээтэй.

Үнэхээр тэгж өсөх ёстой юм уу, үгүй юм уу гэдэг бодитой тооцоо байх хэрэгтэй. Бүхнийг кнопоор шийдэж болохгүй. Бусад улс орон төсөв хэлэлцэхдээ барьдаг зарчим их өндөр юм билээ. Жишээ нь, Японд тухайн жилийн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих юм бол тэрийг нь 50-иас доошгүй гишүүн нийлж байж өргөн барьсан байх ёстой. Хоёрдугаарт, тэр саналыг нь Засгийн газар буюу Ерөнхий сайд судалж үзээд болно, болохгүй гэсэн зөвшөөрөл олгосны дараа ергөн барих ёстой байдаг. Гэтэл манайд тийм биш. Нэг гишүүн санасан тоогоо бичээд батлуулчих боломж байна.

-Ирэх оны төсвийг удахгүй хэлэлцэж эхэлнэ. Ирэх оны төсвийг сонгууль үнэртсэн төсөв байна, сонгуулийн санхүүжилтэд зориулсан гэж дүгнээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Ирэх оны төсвийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Аль ч улс оронд сонгуулийн сүүлчийн жилийн Төсөв төрийн гэсэн онцлогтой байдаг. Эрх барьж байгаа хүчин, Ерөнхий сайдын хувьд амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бололцоог нэлээн дайчилсан төсөв байдаг нь аль ч улсад байдаг. Тэр утгаар нь зардал нэлээд нэмэгдсэн гэдгийг зөвтгөж болно. Нөгөө талаар улс орны өмнө санхүүгийн болоод эдийн засгийн хувьд том боломж гарч ирж байгаа учраас нэг их шүүмжлэхийг хүсэхгүй байна.

-Тэгвэл Засгийн газрын амлалтыг та хэр биелсэн гэж хардаг вэ. Энэ цөөхөн сард үлдсэн амлалтуудыг гүйцээж чадах болов уу. Ардчилсан намын гишүүд хаврын чуулганы үеэр муу дүн тавьснаа зарласан. МАН байр сууриа хэлээгүй…?

-Хамтарч Засгийн газар байгуулаад алдсан зүйл ч бий, оносон нь ч байгаа. Гэхдээ том утгаар нь аваад үзэхэд оносон нь их байх гэж найдаж байна. улс орны эрх ашгийн өмнөөс харахад томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан. Гол тавьсан зорилт нь стратегийн ордуудыг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх байсан.

Гэхдээ Засгийн газар Оюутолгой, Тавантолгой гэх мэт хэтэрхий том асуудалд анхаараад бусад шийдвэрлэх, хурдацтай ахиулах олон асуудал удаан байна. Бүх сайдынх нь амнаас зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэдэг үгс гарах юм. Гэтэл цаана нь шийдэх ёстой өчнөөн асуудал байна. Товчхондоо бол Засгийн газрыг хурд муутай ажиллаж байгаа гэж дүгнэж байна. Хамтарсан Засгийн газар улс төрийн хамгийн таатай нөхцөлд ажиллаж байгаа. Өмнөх Засгийн газруудын хувьд парламентад асуудал нь байнга унадаг, нэг асуудал шийдэх гэж маш их хугацаа алддаг, иргэний нийгмийн шахалт, иргэдийн шаардлага гээд олон дарамттай байдаг байсан.

Энэ Засгийн газар хамгийн таатай нөхцөлтэй ажиллаж байгаа. Парламентын 100 хувийн дэмжлэгтэй байгаа боломжийг үр дүнтэй ашиглаж, шуурхай байж чадахгүй байна. Засгийн газрыг шүүмжлэх хүн алга байна гэсэн байдлаар өдөр хоногийг ердийн хурдаар өнгөрөөж болохгүй. Одоогийнх шиг өдөр тутмын жижиг сажиг асуудалд хэтэрхий их цаг зарцуулж боломгүй байна.

-Та энэ Засгийн газарт саад алга гэлээ. Та өмнө нь Засгийн газрын гишүүн, бүр гол ачааг нуруундаа үүрдэг Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тэр үеийн Засгийн газрыг одоогийнхтой харьцуулахад ямар байна?

-Намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад бид маш олон асуудлыг зэрэг амжуулж байсан. Өдөр болгон гудамжинд жагсаалтай, парламентад маш том сөрөг хүчинтэй байсан. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой гээд бүхэл бүтэн түүхэн ойг зохион байгуулах ажил байсан. Гэхдээ хүнд ачаалал их байх тусам анхаарлаа хаядуулдаг юм билээ. Бид өдөр тутамд гал унтраах ажил хийж, сөрөг хүчнийг зохицуулах шаардлагатай байсан. Манай Засгийн газар таван улс төрийн намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан гурван улс төрчтэй өвөрмөц бүтэцтэй байсан.

Тэр утгаараа улстөрчийн хувийн тоглолт ихтэй байлаа. Гадна талд байгаа иргэний хөдөлгөөнүүдтэй өдөр болгон хэлэлцээ хийнэ. Тэр үетэй одоог харьцуулахад ажил хийх бололцоо бүрэн дүүрэн харагдаад байгаа юм. Хоёрдугаарт, засаг захиргааны шинэчлэл Монголын хувьд нэлээн чухал асуудал. Өнөөгийн ийм тайван, боломжтой байгаа нөхцөлд орон нутгийн шинэчлэлийг ч нэг мөр шийдээсэй гэж хүсэж байна. Одоо гаргаж тавьдаггүй юм гэхэд судалгаануудыг нь хийгээд, иргэдэд ойлгуулах ажлаа эхэлмээр байгаа юм. Ялангуяа би Тавантолгойн гэрээг маш удааширч байна гэж харж байгаа.

Тавантолгойн гэрээнээс хамтарсны гол үр дүнг олж харах учиртай, уг нь. Тиймээс Тавантолгойг оны өмнө ямар нэг байдлаар баталж, галт тэргийг хөдөлгөх хэрэгтэй. Томоохон бүтээн байгуулалт, төмөр зам, авто замын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дэлхийн болоод бусад улс орны хөгжлийг харахад бид маш алгуур, удаан, дороо хий эргээд байгаа юм. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Үүлэн чөлөөний нар шиг боломж гарч ирснийг маш хурдан ашиглаж өндийж авах ёстой.

-Та УИХ-д гурав дахиа сонгогдоод байгаа. Өмнөх хоёр парламентын хугацаанд дуугарах үедээ дуугарчихдаг, бас ч шүүмжилчихдэг байсан. Гэтэл энэ парламентад та дуу цөөтэй гишүүдийн нэг болж?

-Дөнгөж шинэ сонгогдчихсон, танигдах гэж байгаа хүн биш, дуугарах үедээ л дуугаръя. Бүх юман дээр хэлээд, бүгдийг шүүмжлээд яах юм бэ. Нөгөөтэйгүүр би өөрөө Засгийн газарт ажиллаж зовлон үзсэн хүний хувьд хүмүүст ажиллах бололцоо олгоё гэж бодож байгаа. Тэгээд ч одоо Их хурлын гишүүдэд ачаа их үүрүүлдэг болж. Тэгэхээр заримдаа хуулийн төсөл дээр сууж, хийх ажил их байна. Төрийн ажлынхаа хажуугаар эрдмийн ажил хийж байгаа.

-УИХ-ын гишүүд одоогоос яг 10 сарын өмнө өөрсдийнхөө бүрэн эрхийг дархалсан, “Газар дээрээ баригдаагүй бол УИХ-ын гишүүнд хэрэг үүсгэж, шалгах боломжгүй” гэсэн заалтыг хуульд оруулсан. Үндсэн хуулийн цэц энэ заалтыг түдгэлзүүлчихлээ. Та хуульд ийм заалт орсныг анх мэдэж байсан уу. Та нар баярын өмнөх өдөр нууцаар баталчихсан шүү дээ?

-Би тэр үед байсан. Ганцхан Монгол ч биш дэлхийн бүх улс орон парламентын гишүүнийг аливаа улс төрийн бодон бусад хэлмэгдүүлэлт, улс төрийн өшөө авалтаас хамгаалсан заалтыг хуульд оруулсан байдаг.

Парламентын гишүүн байх үед нь тухайн гишүүн хэрэг төвөгт орооцолдвол эрхийг нь эхлээд парламент нь түдгэлзүүлж байж дараа нь асуудлыг шийддэг зохицуулалт олон улсад бий. Улс орнууд парламентын гишүүний бүрэн эрх ба дархлаа гэж хоёр ялгаж ойлгодог. Бүрэн эрх гэдэг бол сонгогчдоос олж авдаг, үг хэлэх, хууль батлалцах үндсэн эрх нь. Дархлаа гэдэг нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааны асуудал юм.

Их хурлын гишүүн гэдэг өөрөө эрх мэдэлтэй хүн. Тиймээс парламентын гишүүдийг үндэслэлтэй болон үндэслэлгүй зүйлээр гүтгэх, хэлмэгдүүлдэг явдал олон шүү дээ. Тэгэхээр ганц Монгол Улс парламентан гишүүдээ дархалчихсан асуудал биш л дээ.

-Та тэгэхээр энэ заалтыг одоо ч хамгаалсаар байгаа гэсэн үг үү?

-Хамгийн гол нь энэ олон үндэслэлтэй болон үндэслэлгүй хардлага мэдээллүүдээс хамгаалах зорилготой гэж хэлсэн. Тэгэхийн тулд тухайн гишүүний бүрэн эрхийг баталгаажуулж байгаа парламент нь өөрөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж дараа нь асуудлыг шийддэг байх гэсэн зорилгоор энэ хуулийн заалтыг оруулсан юм. Саяхан би Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд очиж тайлбар тавьсан. Цэцийн гишүүд энэ заалтыг хэтэрсэн хамгаалалт болсон байна гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан бүгд тэгш эрхтэй байх заалттай зөрчилдөж байгаа гэсэн үг. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч, шүүхийн Ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн зэрэг бусад хүнээс илүү өндөр хамгаалалтыг Их хурлын гишүүдэд хийсэн байна гэж дүгнэсэн. Энэ асуудлыг УИХ дахин хэлэлцэнэ биз.

-Үүнтэй холбон асуухад сүүлийн үед Их хурал, Засгийн газрын гишүүд бид хуулиар хамгаалагдсан гэсэн шиг юу дуртайгаа ярьж, хэрүүл хийдэг, бүр сүүлдээ бие биенээ “эрүүгийн элемент”, “гөлөг, нохой” гэж хүртэл дуудалцах болж. Их хурал, Засгийн газрын гишүүд ёс зүй гэдэг зүйлийг умартчихаад байна уу гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их байна?

-Аль ч улсын Их хурлын гишүүд үг хэлэх эрх чөлөөгөөр хангагддаг. Парламент гэдэг үгний үндэс нь ч маргаан, мэтгэлцээн гэдгээс эхтэй. Бусад орны парламентад ч хэрүүл, зодоон гардаг шүү дээ. Манайд арай зодолдохгүй байна.

-Гэхдээ бусад улс оронд байдаг гээд хэрэлдээд байж болох юм уу?

-Үүнийг нь ёс зүйн кодексоор хязгаарладаг. 2004 онд би Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа УИХ-ын гишүүний ёс зүйн кодексийг анх боловсруулж, АНУ-ын Бүгд найрамдах хүрээлэнгийнхэнтэй хэд хэдэн хурал зохион байгуулж байсан. Дараа нь Ёс зүйн дэд хороо байгуулагдаад, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлагдсан. Энэ ёс зүйн дүрмээр л асуудлыг зохицуулдаг.

Хэн нэгнийг доромжлохгүй байх, элдэв хараал хэлэхгүй байх, бие биенээ хүндэтгэх зэргийг энэ дүрмээр зохицуулдаг. Шаардлагатай бол ёс зүйн хороогоор хариуцлага тооцно. Тухайлбал өндөр ес суртахуунтай улс орнуудад чуулганы хуралдаанд тодорхой хугацаанд оролцуулахгүй байх, үг хэлэх эрхийг нь хасах, хүч хэрэглэн чуулганы танхимаас гаргах зэрэг заалт байдаг. Манайд ч ийм заалтууд байдаг. Гишүүд үүнийгээ баримтлах ёстой.

-Гишүүд энэ дүрмээ баримтлахгүй байгаа юм биш үү?
-Улс төрийн үзэл бодол маргааны үеэр эвгүй үг хэлэх зүйл байдаг. Үүнийг ёс зүйн кодексоор л зохицуулах ёстой. Ёс зүйн дэд хороо сайн ажиллах хэрэгтэй.

Б.Нямсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих