Монголын эдийн засгийг хөмөрсөн Хөгжлийн банкны хариуцлагыг хэнтэй тооцох вэ?

10b2e30_reporters-media_x974-768x431Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг  хэлэлцсэн юм. УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой  Хөгжлийн банк хууль зөрчжээ. Засгийн газар өөрийн дураар, УИХ-аар батлуулалгүй 160 тогтоол гаргасан байх юм. Түүнчлэн тогтоолд гүйцэтгэгч болон зээл авагчийн нэр зааж олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан нь шалгалтаар илэрчээ.  Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчигдсөн гэж шалгалт хийсэн эрхмүүд дүгнэжээ. Гол нь Засгийн газар Хөгжлийн банкийг шууд удирдаж, УИХ-ын бүрэн эрхэнд халдсан гэх дүгнэлт гараад байгааг хэлцгээж байна.

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр хэлэхдээ  “Монгол Улс хөрөнгө мөнгө санхүүгийн мухардалд орсон нь Хөгжлийн банктай холбоотой. Манай улсын эдийн засгийн өсөлт жилдээ 17 хувь хүртэл өсч, дундаж хөгжилтэй орон болж Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжраад байсан. Түүний үр дүнд манай улс анх удаа олон улсын зах зээл дээр үнэт цаас гарган арилжиж, эх үүсвэрүүдийг нь татан авч Хөгжлийн банкаа байгуулсан. Өнөөдөр та бүхэнд Хөгжлийн банкнаас олгосон зургаан их наяд төгрөгийн зарцуулалтыг тайлагнах гэж байна. Нийт 2000 аж ахуйн нэгж, иргэн энэ зээлийн хөтөлбөрт хамрагдаж үйл ажиллагаа явуулсан байна. Үүнийг Монголын ард түмэн бүгд мэдэж, дор бүрнээ хяналт тавих эрхтэй. Анх Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтайгаас нийт зургаан их наяд төгрөгийг зээлээр олгосон. Өнөөдрийн байдлаар 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Нийт зээлийн 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл нь 13.8 хувийг эзэлж байна. Ойрын гурван жилийн хугацаанд гаднаас авсан зээлийн эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлнө” гэсэн юм.

За харин Д.Хаянхярваа гишүүн  “Хөгжлийн банкны асуудлаар одоо эзэн биегүй ярихгүй. Гол баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргаж авсан. Гол анхаарал татаж буй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэнэ. Үүнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон 3.3 их наяд буюу нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 54 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ямар гэрээ хэлэлцээрээр захиран зарцуулсан гэдгийг баримтын хамт олон түмэнд хүргэх юм. Хоёрдугаарт, зээлийг аль нэг нам, эвсэл авсан гэж салгахгүй. Үнэхээр Хөгжлийн банкнаас хуулийн дагуу зээл аваад төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байвал мөн л олон нийтэд ил тод болгоно. Учир нь, АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ зурагтаар 580 сая ам.долларын евро бондыг бүгдийг нь сонгуулийн үеийн амлалт 1.5 сая төгрөг, 21 мянган төгрөгөд зарцуулаад дууссан гэж удаа дараа мэдэгдэл хийж байна. Энэ талаар бид маш тодорхой баримттай хэлсээр байгаа. Хөгжлийн банкинд босгосон 580 сая ам.доллараас тухайн үед эрх барьж байсан Засгийн газар буюу МАН-аас нэг цент ч зарцуулалгүйгээр дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээгээ наймдугаар сарын 27-нд хийж эхэлсэн гэдэг баримт нь байна. Тэгэхээр ийм барин тавин ард түмнийг хуурдаг, улстөрждөг, бие биенээ хардсан, гүжирдсэн энэ байдлыг зогсоох цаг нь болсон” гэж байв.

Ж.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн ойрын гурван жилийн хугацаанд гаднаас авсан зээлийн эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлөхийн тулд зээл олгосон аж ахуйн нэгжүүдээс 2.2 их наядыг татан авах ёстой юм байна. Үүний зөрүүнд зээлийн эргэн төлөлтөөс 1.5 их наядын дутагдал үүсэх аж.  Гэтэл улсын төсвөөс буюу төсвийн орлогоос эргэн төлөгдөх ёстой зээлийн хуваариуд 1-4 удаа хойшилсон байна. Тухайн зээлийн 54.3 хувь нь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 371 төсөлд зарцуулжээ. Нийт зээлийн 28.3 хувь болох 1.7 их наядыг Хөгжлийн банк 16 төсөлд зарцуулахдаа улсын үйлдвэрийн найм, хувийн найман төсөлд зарцуулсан байна. Мөн арилжааны банкуудаар дамжуулан нийт зээлийн 17.3 хувь буюу нэг их наяд төгрөгийг 1619 төсөлд олгожээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр есөн чиглэлээр зээл олгожээ. Тухайлбал, автозам, дэд бүтэц, төмөр зам гэх мэт 371 төсөлд 3.2 их наяд төгрөг зарцуулсан. Улсын үйлдвэрийн газарт Шинэ төмөр зам, дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх “Амгалан” дулааны станц, “Эрдэнэс Тавантолгой”, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Геологийн төв лабораторийн хүчин чадлыг нэмэх, ТОСК-ийн санхүүжилт, “Бойнг 767” онгоц худалдан авахад зориулсан найман төрлийн улсын үйлдвэрийн газрын төсөлд олгожээ. Үүний зэрэгцээ зээлийн хугацаа 1-4 удаа хойшилсон төслүүдэд дээрх улсын үйлдвэрийн төслүүд багтаж байгаа аж. Зээлийн зарцуулалтын зөрчлийн байдлыг авч үзвэл хууль эрхзүйн байдлыг зөрчсөн, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн, хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоожээ.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан буюу төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

Эрдэнэс Тавантолгой ХК-д хуульд заасан шаардлагыг зөрчиж нийт 3 удаа гэрээ байгуулан 250 сая ам.долларын зээл олгосон.

Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

“Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй.

Мөн хугацаа нь хэтэрсэн зээл, улсын төсөвт суугаагүй хууль зөрчиж олгосон зээл, өртөг нэмэгдсэн асуудалтай зээл гэхчлэн мэдээллүүдийг ил болгоод байна.

Ямартай ч Хөгжлийн банкны зөрчилтэй холбоотой мэдээллүүд ийн ил болсоор байна. Гол нь хариуцлага хэрхэн тооцох вэ гэдэг асуудалд анхаарах ёстой. Тэгэхгүй бол хууль зөрчсөн асуудлууд ил болдог ч, удахгүй мартацгаадаг. Үл тоодог жишгээр явсаар байгаад улс орны байдал тартагтаа тулж байна. УИХ-ын бүрэн эрхэнд халдсан нөхдүүдээр Н.Алтанхуяг бас түүний багийн нөхдүүд нэрлэгдэж таарах юм. Чухам харин хариуцлагыг хэрхэн тооцох вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: зочин Огноо: 10 January 2017

Мэдээж бөө гэгдэх Фортунаг улсын мөнгө идэж ашиглах боломж олгосон Алтанхуяг гол хариуцлага хүлээх ёстой. Тэр сайд байхын тулд төрийн мөнгийг фракцуудад хувааж өгч илүү эх олгосон. Тэр ингэж албан тушаалын төлөө төрийн мөнгийг хуваасан нь гол буруу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.