Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын араас 1.9 тэрбумын ажил авсан Б.Гарамгайбаатарыг шалгах уу

333333333Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар төрийн мөнгөөр тоглочихжээ гэдэг хөдлөшгүй баримтыг Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийнхэн гаргаад тавьчихлаа. Ер нь бол энэ хоёрыг Чингис бонд, Самуурай бондын санхүүжилтээс мөнгө туусан гэдэг итгэл үнэмшил олон хүнд байсан. Түүнийг нь ч ажлын хэсгийнхэн батлах баримт дэлгэв.

Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ. Энэхүү зургаан их наяд төгрөгийн зээлийн тал хувь буюу 3,2 их наяд төгрөгөөр нь улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй 371 төслийг санхүүжүүлжээ. Хөгжлийн банк өөрөө 1,7 их наяд төгрөгийн зээлийг 16 аж ахуй нэгжид олгосон. Үлдэгдэл нэг их наяд төгрөгийн зээлээр 1619 төслийг санхүүжүүлжээ. Нийтдээ зургаан их наяд төгрөгөөр 2000 төсөл санхүүжүүлсэн ажээ. .

Гэвч УИХ-аар баталсан төсөл хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлэх ёстой ч дуртай компаниа санхүүжүүлсэн нь хамгийн том зөрчил, хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Хуульд заасанчлан УИХ-аас жил бүрийн хаврын чуулганаар санхүүжүүлэх компаниудыг батлах ёстой ч энэ заалтыг хэрэгжүүлэлгүйгээр Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд дур мэдэн шийджээ.  Мөн Засгийн газар, УИХ-аар батлуулалгүй 160 тогтоол гаргасан зөрчил илэрсэн байна. Эдгээр тогтоолд гүйцэтгэгч болон зээл авагчийн нэр зааж олгохыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан нь УИХ-ын эрхэнд халдсан гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргаад байна.

Ингэж хууль зөрчсөн шийдвэр гаргахын хажуугаар санхүүжилт олгож буй төслүүдийн өртөг их хэмжээгээр үндэслэлгүйгээр өссөн нь хөрөнгө мөнгө, шамшигдуулсан байх магадлалтай гэнэ. Тухайлбал улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн Атар Өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртлэх 1 км зам барих ажлыг “Монроуд” компани авчээ. Анх 440 сая төгрөгөөр гэрээ хийсэн тус замын ажил явцдаа нэмэгдэж 1 тэрбум 895 сая 550 мянган төгрөг болсон байна. Анхны үнээсээ 4 дахин өртөг нь нэмэгдсэн хэрэг. Ямар нь ингэж хийх ажлынхаа хөлсийг үндэслэлгүйгээр дөрөв дахин нэмээд авчихав гээд харахаар “Монроуд” хэний компани билээ. Тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани гэдгийг хэн бүхэн мэднэ.

Эдийн засгийн байнгын хороонд үйл ажиллагааныхаа тайланг тавьж, төлөвлөгөө юмаа батлуулах үүрэг нь Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкинд бий. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж шийддэг. Дарга нь Б.Гарамгайбаатар. Тэгэхээр “Фортуна” Н.Батбаяр, Н.Мөнхбат нар даргадаа тал засаад хийх ажлынх нь өртөгийг дөрөв дахин нэмээд өгчихсөн юм биш биз дээ. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн байнгын хороо ч өөрөө Чингис, Самурай бондын зарцуулалтын асуудал, болон Хөгжлийн банкны төслүүдэд чиг гаргаж ирсэний хувьд дээрх улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийгдсэн дэд бүтцийн ажилд ч нөлөөлөх боломж өндөр.

Энэ мэт төсөл болгон дээр л нэмэгдэл зардал гарч ирсэн байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нь улсын төсөвт суугдаагүй мөнгийг хууль зөрчин зам болон гудамж төслүүдэд 933.6 сая төгрөгийг олгосон гэж ажлын хэсэг үзжээ. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнд нэлээд зөрчил илэрсэн тул шат дараатай арга хэмжээ авах шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг гаргалаа.

Хөгжлийн банкинд явуулсан шалтгалтаар ийнхүү төсөл хөтөлбөрүүдийг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр олгосон, ажлын анхны үнийг хэд дахин нэмэгдүүлж улсад хохирол учруулсан гэдгээр эхний ээлжинд гүйцэтгэх захирал Б.Мөнхбатыг шалгаж таарна. Эхнээсээ ч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Түүний дараагаар УИХ-ын чуулганы хуралдаанаар төсөл хөтөлбөрүүдийг батлуулалгүй, Засгийн газраас тогтоол (160 тогтоол) гаргаж Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөл олгосон гэдгээрээ Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр шүүхэд дуудагдах болоод байна. Түүний араас хувийн компанидаа төсөл хөтөлбөр авсан, ашиг сонирхлын зөрчилтэй харагдах экс гишүүн Б.Гарамгайбаатарыг шалгах үндэслэл харагдаж буй юм. Хуулийн байгууллага гэм буруутай этгүүдийг шалгаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт найдлага тавья.

Т.Амараа

ZINDAA.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.