Засгийн газрын хагас жилийн ой: Үр дүн “Нойл”

zasaggggg-810x522

Өнгөрсөн оны долдугаар сарын 08-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гүйцэтгэх засаглалын тэргүүний тамгыг гардан авсан, түүнээс хойш танхим нь тийм ч удалгүй бүрдсэн гэж үзвэл “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын хагас жилийн ой энэ өдрүүдэд таарч байна.

Харамсалтай нь хагас жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлогын үр дүн нойл. МАН сонгуульд ялахад намын дарга нь авах ёстой хамгийн том шагнал авсандаа хэт бялуурчихсан уу, манай Ерөнхий сайдын ажил нэг л урагшгүй.

Аль 2014 онд нийтлэлч Баабар “Мэргэжлийн засгийн газар байгуулъя” гэж нийтлэл бичээд л түүнээс нь Ардын намынхан сонгуулиар будаа идчихсэн л юм байна лээ. Чингээд “Мэргэжлийн” гэж Азид ч байхгүй сүрхий том дуугараад арьс өнгөний эмч, яруу найрагч, уяач, барилгачин сайд нарын томилгоо бүхий Засгийн газар бүрдүүлсэн нь өнөөдөр сахил хүртээд шал дордов гэгчийг л харуулж байна.

Өр, зээлийн хэмжээг нэмэхгүй, багасгана гэж амлаж сонгуульд орсон бол одоо хаанаас яаж зээл авах вэ гэж дэлхийгээр нэг тэнэцгээж байна. Эрх баригч намын дарга нь аргаа бараад Засгийн газрынхаа урдуур орж нэр нүүрээ баран Хятад, ОХУ, Арабын орнуудаар явлаа. Удахгүй Япон руу алгаа тосон гүйх сурагтай. Хариуд нь май гээд ганц доллар өгсөн улс алга л байна.

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт ч хамрагдаж чадсангүй. Урд хөрштэйгөө хэл амаа ололцож чадсангүй, аргаа бараад ная гарсан өвгөн рүү хамаг бурууг чихэж ч үзэв.

Эдийн засгийн хямрал бахь байдгаараа, өдөр ирэх бүр дордсоор, шийдэмгий арга хэмжээ, гялайх гялтайх юм Засгийн газраас цухалзах ч үгүй, харин аар саархан уул усны нэр ус солих, зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах, төрийн байгууллагуудыг хооронд нь нэгтгэж, салгах хууль, тогтоолын төслүүдийг л өргөн барьж өдөр хоногийг аргацаах жишээтэй.

Өмнөх Засгийн үед долларын ханш галзуурлаа гэж цээжээ дэлдэн хамгаас илүү бархирдаг байсан Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд өнөөдөр нэг нь парламент дахь намын бүлгийнхээ дарга, нөгөөх нь Төсвийн байнгын хорооны дарга сэтэртэй болсон ч гүйцэтгэх засаглалд зайдалсан “мэргэжилтнүүд”-ийнхээ толгойг илээстэй.

Засгийн газар байгуулагдсанаасаа эхлээд л намын бүлгээсээ ухамсрын шанаа авч эхэлсэн нь үнэн л дээ. Харин дээр дурдсан хоёр эрхмийг долларын ханш алгуур өссөөр 2500 төгрөг давчихаад байхад Засгийн газрын гишүүдийн чихэн дээр хонх уяж хашгичиж байгааг өдий болтол харсангүй.

Харин Засгийн газрын хагас жилийн хугацаанд ганц сайн хийж чадсан нь өмнөх эрх баригчдынхаа хийсэн ажил, Ардчилсан намыг гутааж, шившиглэх л байх шив дээ.

politik.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.