Т.Бумчин: Бүжиг бол гайхамшиг

        Цацсан будаа шиг дэлхийгээр таран гадаад улс орны соёл урлагаас суралцан ажиллаж амьдарч байгаа монголчуудын зарим нь авьяас чадвараараа олноос онцгойрч явна. Тэдний нэг нь Тэгшжаргалын Бумчин юм. АНУ-ын латин бүжгийн аварга болсон тэрбээр 17 настай. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж яваа түүнтэй онлайнаар холбогдож ярилцсанаа хүргэе.

-Латин бүжгийн хосын төрөлд АНУ-ын бүжгийн аварга болсонд баяр хүргэе. Бүжгийн спортоор хэзээнээс хичээллэсэн бэ?

-Есөн настайдаа эмээгийнхээ гараас хөтлөөд Монголын хүүхдийн ордны морин хуурын дугуйланд орох гэж очиж байсан ч тэр үед гавьяат багш Ч.Жаргалсайхантай хувь тохиолоор таарч шалгалт өгч байлаа. Тэр үеэс миний бүжигчин болох эхлэл тавигдсан гэж хэлж болно. Одоо хамтран бүжиглэж байгаа охиныг Мишель Клец гэдэг. Би Маша гэж дууддаг, 18 настай орос охин байгаа юм. Маша анх миний хүчтэй өрсөлдөгчдийн нэг байсан. Олон тэмцээнд оролцож өрсөлддөг байлаа. Эцэст нь багш нар бүжгийн сургуулилтын үеэр ярилцаж биднийг хамтран бүжиглэхийг санал болгосон. Түүнээс хойш бид хоёр жил гаруй хамт бүжиглэж байна. Маша бид хоёр одоо бие биенээ маш сайн ойлгож, хүндэлж бас хайрладаг. Хамтдаа дасгал сургуулилтаа уйгагүй хийж өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөж бие биенээ үргэлж дэмжиж байдаг. Бидний харилцаа ийм нягт болсон нь Монгол Орос хүмүүсийн зан чанар ойролцоо, гэр бүлийн хүмүүжил төстэй байдагтай холбоотой гэж бодож байна.

-Хамтран бүжиглэгчид нэг хүн шиг сэтгэвэл амжилтад хүрдэг. Үүн дээр мэргэжлийн багшаас зөвлөгөө авах шаардлагатай байдаг байх. Одоо та хоёрыг ямар туршлагатай, хэн гэдэг хүн дасгалжуулж байна вэ?

-Бид хоёр латин америк бүжгийн төрөлд Америкийн аварга болж байсан Даниель Гоцци, Сесилия Жиовачини нараар бүжгээ заалгадаг. Долоо хоногийн зургаан өдөр бүжгийн студидээ очиж багш нараараа шинэ хөдөлгөөн заалгаж, бэлтгэл хийдэг. Багш нарын маань туршлага биднийг тэмцээнд амжилттай оролцоход маш их дэм болдог юм.

-Латин бүжгийн төрөлд дэлхийн аварга болох та хоёрын зорилго гэсэн. Зорилгоо биелүүлэхэд хэр ойрхон юм шиг санагдаж байна?

-Дэлхийн аваргад оролцохын тулд 3-4 томоохон тэмцээнд оролцож, урьд нь дэлхийн аварга болж байсан багш нараас давтлага авах хэрэгтэй байдаг. Энэ нь биднийг дэлхийн аваргад хөтлөх том хөтөч болдог. Олон улсын тэмцээнд орохын өмнө дэлхийн аварга Аллан Торнсберг, Рибека Тофт, Бүжгийн холбооны тэргүүн Донни Бурнс багш нараас давтлага авч бэлтгэдэг. Тиймээс бид илүү сайн бэлтгэлээ хийж чадвал дэлхийн аварга болоход ойрхон гэж бодож байна.

-Бүжгээр хичээллэхийн зэрэгцээ сурдаг байх. Цаашид энэ чиглэлээр явах уу, эсвэл өөр мэргэжил эзэмших үү?

-Одоо би арванхоёрдугаар ангид сурдаг. Ахлах сургуулиа төгсөөд би коллежид элсч мэдээлэл технологийн чиглэлээр сурах бодолтой байгаа. Бүжиг бол гайхамшиг, миний амьдралын салшгүй нэг хэсэг учраас цааш үргэлжлүүлэн амжилт гаргахын төлөө хичээх болно. Бүжгийн спортоор хичээллэхэд өртөг өндөртэй байдаг. Учир нь, туршлагатай багш нараас нэг цагийн хичээл авахад америк ажилтны өдрийн цалинтай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг юм. Дээр нь бид Америкийн хотуудаас гадна Англи, Франц, Канад зэрэг улсад зохион байгуулдаг олон улсын тэмцээнд оролцдог. Тэмцээнд оролцох болгонд бидний гэр бүлийнхэн ярилцаж олон асуудлыг шийддэг. Тэгэхээр Маша бид хоёрын амжилт гэр бүлийнхэнтэй маань шууд холбоотой. Тэд л биднийг бүх бололцоогоороо дэмждэг учраас өнөөдөр бид амжилттай бүжиглэж байна.

-Долоо хоногийн зургаан өдөр бүжгийн бэлтгэлээ хийдэг гэсэн. Чөлөөт цаг гарвал юу хийж өнгөрөөдөг бол?

-Чөлөөт цаг, зав бараг гардаггүй. Өглөө 7.00 цагт босч хичээлдээ явна. Тараад шууд л бүжгээ давтахаар заал руугаа яардаг. Орой нь гэрийн даалгавраа хийнэ. Ингэж л миний нэг өдөр өнгөрдөг. Заримдаа гэрийн даалгавраа хийх цаг гардаггүй. Тиймээс өдрийн цайны цаг, автомашин дотор эсвэл бүжгийн студи гээд боломж олдсон үедээ хичээлээ хийдэг. Тэгээд зав гарвал дэлхийн алдартай бүжигчдийн бүжиглэхийг үзэх дуртай.

-Одоо Сан Францискод хэн, хэнтэйгээ амьдардаг вэ?

-Аав ээж, хоёр эмэгтэй дүүтэйгээ амьдардаг.

-Таныг 2011 онд АНУ руу явсан гэж сонссон. Түүнээс хойш Монголдоо ирсэн үү. Эх орноо үгүйлсэн үедээ хамгийн түрүүнд юуны талаар боддог вэ?

-Монголд энэ зун очих бодолтой байгаа. Эх орноо их санаж байна. Би Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн болохоор нутаг, морио санаж байна. Мэдээж Монголдоо очвол юу сурснаа үзүүлнэ гэж бодож байгаа. Монголын хүүхдийн ордны найзуудтайгаа холбоотой байдаг. Тэдэнтэй сурсан мэдсэнээсээ хуваалцмаар байна. Бумчин, Маша хоёр U-21 буюу 21-ээс доош насны ангилалд латин бүжгээр АНУ-ын шилдэг хосууд болж чаджээ. АНУ-ын 2016 оны үндэсний бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тэд зөвхөн АНУ төдийгүй Европын олон улсаар аялж, олон арван тэмцээнд амжилттай оролцсон байна. Латин бүжигт ча-ча, самба, румба, пасодобль болон жайв гэсэн таван үндсэн төрөл багтдаг. Тэд бүжгийн үзүүлбэрээ эрч хүчтэй жайв бүжгээр төгсгөдөг. Энэ нь тэднийг эрч хүчээр дүүрэн, гайхалтай харагдуулдаг аж.

Т.БУМЧИН БОЛОН МАШАГИЙН ГАРГАСАН АМЖИЛТ:

  • АНУ-ын 2015, 2016 оны үндэсний латин бүжгийн аварга-“International Grand Ball” тэмцээнд латин бүжгийн төрөлд 21-ээс доош насны ангилалд I байр, 19-ээс доош насны ангилалд I байр
  • “Classique du Quebec” латин бүжгийн сонирхогчийн өсч буй од, залуучуудын нээлттэй ангилалд тус бүр I байр, 21-ээс доош насны ангилалд II байр
  • Англи улсад болсон “Killick Royale Championship” 19-ээс доош насны ангилалд I байр
  • “California Open Championship” 19-ooс доош насны ангилалд I байр
  • “Hollywood Dancesport Championships” залуучуудын нээлттэй ангилалд тус бүр II байр
  • “Empire Dance” тэмцээнд 21-ээс доош насны ангилалд II байр
  • “Emerald Ball Dance Championships” 21-ээс доош насны ангилалд I байр
  • “Vegas Open Dance Championships” 21-ээс доош насны ангилалд I байр эзэлж – “City Lights Ball” 19-ээс доош насны ангилалд I байр
  • “Embassy Ball Championships” 19-ээс доош насны ангилалд I байр
  • “Royal Ball Championships” 21-ээс доош насны ангилалд I байр
  • “Paris World Championships” 19-ээс доош насны ангилалд X байр
  • “Holidy Dance Classic Championships” 19-ээс доош насны ангилалд II байрыг хамтрагчийнхаа хамт тус тус эзэлж байжээ.

Б.Сэлэнгэ

- See more at: http://www.unen.mn/content/70388.shtml?alias=entertainment#sthash.smBI2g2K.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих