Тэд үнэний төлөө дуугарч байна уу эсвэл үрээ, ханиа гэсэн сэтгэлээр тэмцэж байна уу

Олны анхаарлын төвд, хүлээлт үүсгээд байсан С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнгөрсөн сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид таван өдрийн турш хаалттай үргэлжилсэн шүүх хуралдааны дараа шүүх бүрэлдэхүүн Орхон аймгийн харьяат гурван иргэнийг гэм буруутайд тооцож ялын дээд хэмжээг оноосон юм.

66kcotg2qlidanmll52hoft76v

Харин  дээрх хэрэгтнүүдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа шүүх хурлын дараа мэдэгдэж, давж заалдахаа хэлсэн юм. Тэд нэгдүгээр сарын 7-ны өдрийн бямба гарагт Эрдэнэт хотын Соёлын төвийн урд талбайд тайван жагсаал хийсэн билээ. Харин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд дахин хандахаар болсон байна. Тэдний энэхүү үйлдлийг олон нийт үнэн мөнийн төлөөх шантрахгүй тэмцэл гэж харж байгаа бол зарим хүмүүс үнэн мөний төлөө бус үрээ, ханиа гэсэн сэтгэлийн тэмцэл хэмээн харж байгаа юм. Тэгвэл С.Зориг агсны хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийн өмнө нь юу өгүүлж байсныг “Багц 24″ буландаа онцолж байна.

Л.Жавзмаа: Би хөлөө хүрэх газраа явж үнэн мөнийг олно

С.Зоригийн хэргийн шүүх хурал 5 өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Харин шүүгдэгч нарын ар гэрийн шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Шүүх шударга байж чадсангүй. Миний хүү энэ хэрэгт буруугүй. С.Зоригийг алаагүй байхад яагаад ингэж хандаж байгаа юм бэ /уйлав/. Би хөлөө хүрэх газраа явж үнэн мөнийг олно. Ц.Амгаланбаатараас болж улс төрийн хэргийг энгийн номхон иргэнд тохож байна. Хэрэг хийгээгүй хүүгээ 25 жилийн ял авч байгааг хараад зогсох хэцүү байна. Ард түмэн минь надад туслаач ээ, намайг яаж тамлах гэсэн юм бэ. Би эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээсэн.

С.Бямбасүрэн: Захиалгаар үйлдсэн гэж шүүсэн хэргийн захиалагч нь хэн юм бэ

Харин Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн ”Шүүхийн шийдвэрт маш гомдолтой байна. Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Тэгвэл захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана” гэв.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн үүнээс өөр шинэ баримт дэлгэх үү 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болсон. Эл хэрэгт ял сонсоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн шүүх Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр гэмгүй хүмүүс ял оноож байна хэмээн удаа дараа мэдээлсэн. Харин энэ удаа тэд С.Зоригийн хэргийн талаар шинэ баримт дэлгэх болов уу. Тэгвэл тэд Ц.Амгаланбаатарын талаар өмнө нь юу өгүүлж байв.

Б.Содномдаржаагийн төрсөн ах Б. Даваадаржаа: Багадаа тоглоод гүйж байсан хүүхэд дүүг маань хилс хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна

Бид хамар хашааны хүүхдүүд. Багадаа тоглож наадаад л явж байдаг байсан. Харамсалтай нь манай ахыг энэ хэрэгт хэлмэгдүүлж байна. Хүчээр хэлмэгдүүлж байна гэж бодож байна. Маш их гомдолтой байна.  Ц.Амгаланбаатарын хувьд мал маллаад явж байдаг л хүүхэд байсан. Ямар учраас ахыг маань хилс хэрэгт гүтгээд байгааг ойлгохгүй байна.

Б.Содномдаржаагийн хүргэн дүү Д.Үйлсдэлгэрэх: Ц.Амгаланбаатар бол таксины жолооч мөчилж алж байсан гэмт хэрэгтэн шүү дээ

Ц.Амгаланбаатарыг хүүхэд байхаас нь мэднэ. Манай хадмын хажуу айл байсан. Ер нь Ц.Амгаланбаатар хүүхэд байхаасаа болж бүтэхгүй нөхөр байсан. Сургууль төгсөөгүй. Мөн түүний хувьд 1998 онд буюу С.Зоригийн хөнөөсөн гэх хэрэг гарч байхад юун Улаанбаатар явах, нутаг сумандаа л байж байсан хүн. Аав нь том машины жолооч, аавдаа туслаад явж байсан залуу. Миний хувьд түүнийг Улаанбаатарт ирээд хүн амины хэрэг үйлдээд явж байсан гэхээр итгэхгүй байгаа юм.

Мөн тэрээр 2007 онд Эрдэнэтэд таксины жолоочийг мөчилж алсан хүнд ноцтой хэрэгтэн. Судлаад, сонсоод байх нь ээ төрсөн ах дүүс байдаггүй юм билээ. Ер нь энэ бүгдээс дүгнэхэд өөрөө шийдчихсэн хүн юм шиг байна. Бидний зүгээс бол хаалттай шүүх хуралдааныг нээлттэй болгохыг л хүсч байна. Ар гэрийнхнийх нь бодол санааг сонсож болохгүй гэж үү.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Ц.Амгаланбаатар хүн гүтгэж амьдралаа зугаатай болгож байна

Ц.Амгаланбаатар бол хүн амины хэргээр шоронд орчихсон нөхөр. Манай ерөнхийлөгч цаазгүй болгоод энэ хүн 25 жилийн ялтай. Тэгэхээр 25 жилийн ялтай хүн юу ч хийж мэднэ. Хүн гүтгэж, амьдралаа зугаатай болгож байна. Ийм хүний үгийг улс төржүүлж, хэргийг ингэс гээд хаах сонирхолтой байна. Энэ хүн бол улстөрчдөд хэрэгтэй. Төр үнэний эсрэг төрийн машины ажиллуулчихаж байна. Тагнуул, прокуроруудыг ажлуулж байгаа хүнд хандаж хэлэхэд та Монгол Улсыг, Монголын төрийг муухай харагдуулж байна гэж хэлмээр байна.

Б.Энхжин

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих