“Утаатай” улс төрийн эсрэг сэлэм далайх уу, эсвэл хамтдаа пуужин далайх уу?

1484621105587d85315f78cБидний монголчуудын хэзээ дуусах нь эргэлзээтэй “утаатай” улс төрийн хэрүүл, маргаан явагдаж байх хооронд Америкт Марс руу аялах бэлтгэл ажлын гарааг хийгээд эхэллээ. Хэдийгээр энэ удаа Иридиумийн шинэ эрин үеийг эхлүүлж, 70 хиймэл дагуулийн 10-ийг нь байршуулахад чиглэж буй боловч холхи газарт хүрэх бэлтгэл ажил бололтой.

2017 оны 1 дүгээр сар 14-ны өдөр.

Энэ өдөр сансарыг эзэмших үйл хэрэгт нэгэн тэмдэглэлт үйл явдал болов. Калифорни мужид байрлах Ванденберг сансарын хөөрөх талбайгаас Falcon 9 Full Trust пуужинг хөөргөлөө. Үүнийг гардан гүйцэтгэж буй SpaceX компани нь NASA тай 1.2 тэрбум ам.долларын гэрээгээр Iridium 1 төслийн хүрээнд 396 сая ам.долларын өртөг бүхий тээгч пуужин, дэвшилтэт хиймэл дагуулуудыг сансарын тойрог замын наана далайн төвшингээс дээш 622 кмт тараан байршлуулах юм.

Хоёр шатлалт хөдөлгүүрт пуужингийн их сууриас тасрах шингэн хүчилтөрөгчөөр ажиллах автомат удирдлага бүхий толгойн хэсэг нь 8 км/сек хурдтай дэлхийг тойрон аялана. Энэхүү пуужингийн материалд химийн 77 дахь атомын дугаарт Ir Ириди, 66 дахь атомын дугаарт Dy Диспрози элементүүдийг ашигласан бөгөөд хэсэгчлэн дахин ашиглах зориулалттай тээгч пуужингийн технологийг хүн төрлөхтний хэтийн зорилгод ашиглахад бэлтгэж чадлаа.

Энэ үйл явдал зөвхөн тус компаний эрсдэлд дуртай 4 мянган ажилчдынх нь амжилт биш, дэлхий нийтийн сансар огторгуйд аялахад нэг шат ахиж байгаа хэрэг юм. Хүн төрлөхтөн ирэх 10 жилийн дотор Марс гариг руу ачаа тээш илгээж, аялалаар зорчин тэнд арилжаа наймаа үсэргэнэ гэж ярьж байна.

Ийм сүр дуулиантай үйл явдлын дараа мэдээж хөрөнгийн захад чичиргээ үүсэх нь жам ёс. Өнгөрсөн 1 сарын дотор NYSE хөрөнгийн захад TESLA Motors компанийн хувьцааны ханш огцом 33% ($180-$240)-аар өссөн бол цаашид амжилт дагуулсан энэхүү пуужингийн сургаар компаний хувьцааны үнийг пуужингийн зам шиг нь босоо дээш аваачих болно. 

Учир нь энэхүү үйл явдлыг санаачлагч, бизнесийн магнат гэгдэх Элон Маск гэх залуу SpaceX–ийг үндэслэгч, TESLA Motors компаний хөрөнгө оруулагч, дэлхийгээс аливаа зүйлсийг холхи газарт бага зардлаар илгээхийг санаачлагч, “төмөр хүн” хочит тэрээр Марс гараг дээр арилжаа хийж, хүмүүсийг аялуулж, мөн тэндээ ясаа тавьна гэж хүртэл ярих дуртай гайхалтай инженер, бизнесмэн бөгөөд дэлхийд хөрөнгө чинээгээрээ 11 тэрбум буюу 21-д жагсдаг. Түүний урт хугацааны төлөвлөгөө нь хүн төрлөхтөн Марс гарагт шилжихэд чиглэдэг.

Тэгвэл манайхан “утаатай” улс төрөөсөө салж чадахгүй удаж байна. Бид тэдэн шиг юм хийж чадахгүй юм аа гэхэд наад зах нь улсынхаа нийслэлийг утаагүй болгох, өрийн дарамтаасаа салах гэж чин сэтгэлээсээ хүсэх юм бол бидэн дунд мөнгө, хүн нь байна.

Яагаад Монголын толгой 100 эрхэм үүн шиг сэтгэл гаргаад юм хийчих хүсэл эрмэлзэл төрөхгүй гэж. Энэ 100 эрхмүүдийн хөрөнгийг саяхны онлайнд гаргасан мэдээгээр тооцвол асар их буюу 24 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Тэдний хөрөнгө нь манай өнөөгийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг гурав дахин нуглах хэмжээтэй байна.

Гэтэл асар их хүсэл эрмэлзэл, бахархал, амжилтыг өвөртөлсөн хамтын хүчинд 300 орчим сая доллар хангалттай байв. Бид эд нараас хэдэн зуунаар хоцорч явнаа, одоо?

Бидэнд бас гэгээтэй зүйлс бий. Бидний соён гэгээрүүлэгч, сансрын нарийн мэдрэхүйтэй, их Д.Нацагдорж нэгэн удаа эрхэс гаригт хандаж:

“Од”

Холхи газраас гялалзан харагдагч өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо

Манай хүн төрлөхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв.

Алтан сайхан бие дээр чинь ямар хүн, эрдэнэ оршином.

Уул, ус, цэцэг навч чинь юугаар бүтсэн бэ?

Манай ертөнц шиг янз янзын юм холин байна уу?

Нийгэм журамт байдал чам дээр тогтсон уу, үгүй юу.

Од чиний тэндээс энэ дэлхий ямар өнгөтэй үзэгдэнэ вэ.

Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү, үгүй юу.

Янаглал, амраглалын дөл аль хир хурц вэ?

Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ вэ?

Эрдэмт Марс од оо, Чи нэгд нэггүй харж байна уу.

Энэ дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи?

Огторгуйн оргилын олон эрдэмтэд чамайг хэдийнээс сонирхов.

Урьдаар нийгэм журам байгуулж, дараагаар

Чамтай ураг болоё гэнэ. (1931 он. Берлин)

Их зохиолч маань энэхүү шүлгээрээ эерэг, өөдрөг санаа, хүний чадал, авьяас билгийг ингэж уран сайхны шинэ сэтгэлгээгээр угтан харж чадсан монгол хүн билээ. Хүсэл эрмэлзлэлийн гал дөл бадарсан эдгээр мөрүүдээрээ улс эх орон, ард түмнийхээ өмнө тулгарсан зорилтыг, хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нягт холбон дэвшүүлсэн үзэл санаа нь өнөөдөр ч бидний зүг чиг байх ёстой.

Монголчуудаа, бид нэгэн зорилго дор агуу зүйлсийг хамтдаа бүтээхийн тулд “утаатай” улс төрөөс нэн яаралтай салж, ухаант хүмүүний замаар хөгжил өөд тэмүүлэх цаг иржээ.

Санхүүгийн судлаач: Боржигон овогт Сандагдоржийн Эрдэнэбилэг

2017 оны 1 дүгээр сар 14.


URL:

Сэтгэгдэл бичих