Б.Ринчен: “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо”

1452824565569857f5d7f09Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь горьдлого тээн ЗХУ-руу эмчлүүлэхээр авч явж байсан бол, тэнгэрт халихынх нь өмнө дунд охин, гавьяат багш Р.Индра нь дэргэд нь байж асарч халамжлан, өргөж тээж байжээ.

Ринчений Индра
Аав Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж төрдөг байсан. Хувцас хунар муухан өлөн зөлмөгхөн л байдаг байсан. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын өмнө Хүүшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гүйнэ ээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогүй.

Аав цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч өгнө. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бахиал гутал тавьж өгдөг байж. Нэг удаа гоё бөмбөгөн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч өгөөч гэж шалгасанд олон хүүхэд өмсч байна уу? гэж асуулаа.Цөөхөөн гэсэнд тэгвэл хэрэггүй биз, жирийн олныхоо л жишиг яв гэсэн. Бид хөл нүцгэн гүйж, хөдөөгийн хүүхэдтэй л адил үхрийн баасанд хөлөө дүрж дулаацуулаад харайлгаж явлаа. Арван нас хүртэл минь миний үсийг авсдаг байсан. Нэг удаа үсний маань талыг аваад, талыг нь үлдээчихлээ. Бүтэн аваад аль гэж аавыг гуйгаад байдаг, аав авч өгдөггүй, бүүр орой болсон хойно хоёр өвдөгнийхөө завсар намайг хавчуулж суулгаж байгаад авч өгсөн. Биднээр тэгэж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд.

Биднийг хатуужилтай, зоригтой болгох гэж их хичээдэг байсан. Бидэнд одоогийн каратегийн маягийн юм заана. Гадаа турнюктэй.Тэнд үргэлж хичээллүүлнэ. Бид үлгэр яриулах дуртай. Гэтэл дандаа чөтгөртэй, аймаар үлгэр хэлнэ. Нэгээс нь хэлэхэд, нэг морьтой хүн даваа давж явж гэнээ. Тэгтэл нэг хүн дайралдаад, “ Сундлаад яваач” гэхэд түүнийг араараа сундлаад явж дээ. Нөгөө хүн цаашихнаа явж байснаа өврөөсөө ааруул гаргаад идтэл “ Ааруулаасаа” гээд л мөрөн дээгүүр нь ясан гар орж ирсэнд, эргээд харвал ард нь араг яс сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангүй айхыг хэлэх үү.
Аав хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад баригдсан юм даг. Аавыг шоронд байхад хэцүү байсан. Нямааг сургуулиас хөөчихсөн. Барс нялх. Нэг удаа хэвлэх үйлдвэрийн хашаанд очоод түлээ гуйдаг юм байна. Гэтэл манаач нь “Ринчений бэлтрэгнүүд явж байна. Нүдий нь хараач!” гээд л загнаж гарлаа. Тэгээд хоёр хэрчим түлээ авсан. Маргааш нь дахиад л очдог юм байна. Тэгтэл манаач “нөгөө буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж аашлахад нь “ Та бууд бууд!” гээд бас хоёр хэрчим түлээ аваад зугтсан.
Өвөл Барс, Шанз хоёр дундаа нэг гуталтай, орон дээрээ л сууж байна. Би гадаа гүйж, нүүрс хулгайлна. Галт тэргэн дээр гарч нүүрс унагана.Бас зомгол түүнэ. Зомгол дээр ч чавганц нартай үзэж гарна даа. “Нөгөө буржгар толгойт ирж, наадахыгаа хөө, бүү ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургүй гэж тэр.

Аав үхсэн амьд нь мэдэгдэхгүй. Нэг өдөр манайд дээлээ хөөргөсөн хүн орж ирээд “ Би Пэрлээ мөн шаа. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай аавыг амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа тэр байсан юмсанж. Аавыг нэг шөнө суллагдаад орж ирэхэд бидний нар гарсан даа.
Аав маань могой жилтэй юмсан. Нүхтийн аманд зусч байхад орон дор могой үргэлж байна. Аав дийзэнд сүү хийж өгөөд могойд дандаа тавьж өгнө.

Нүхтэд байхад Австрийн Бешофф гүн аавтай уулзана гэж манайд ирдэг юм байна. Гүн аавыг хоймортоо хөл нүцгэн сууж байгааг шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Нямаа бид хоёр гүнтэнг шоолоод үхтлээ хөхрөв өө. Бешофф аавтай алмас ярьж байснаа “ямархуу үстэй амьтан юм дээ?” гэж асуухад аав өөрийнх нь бугуйг заагаад “иймэрхүү л үстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр түс хийтэл инээд алдаж, ээжид “аальгүйтлээ” гэж загнуулсан.

Яагаад аавынхаа мэргэжлийг аваагүй юм бэ? гэж биднээс хүн их асуудаг. Үнэндээ гэхэд монгол хэл гэдэг чинь улс төр юм байна гэж ойлгосон. Аав шиг хүн энэ мэргэжлээс болж ингэж зовж байхад бид бол давахгүй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч үлдъе гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал монгол хэлний мэргэжилтэн болгох гэж зүтгээгүй. 53 онд Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байсан. Уншдаг гэвэл намд авахгүй байсан тул би мэдэхгүй лгэж хариулсан.

Аав биеэ оторлохыг ер боддоггүй. Нэг нимгэн ноосон хөнжилтэй, дандаа түүгээрээ хучиж унтана. Бие нь муудсан хойноо ч түүгээрээ л хучдаг байлаа. Аав аа, та даарчихна, өөр дулаан юмаар хучина уу гэхэд дулаан юманд дасчихна аа, хүүхээ гэж билээ. Хэдхэн хоногийн настай байж гэж бодохоос хөөрхий муу аавыгаа хичнээн өрөвдсөн гээ.
Аав минь нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.


URL:

Сэтгэгдэл бичих