Хөшигийн хөндийд “ХӨШИГ” татав уу?

ehjppanpgh863n9mfqa4stkqЗөвлөлтийн тусламжаар 61 жилийн өмнө баригдсан  “Чингис хаан” хэмээх нэр нь томдсон, чадал нь багадсан өвгөн нисэх буудал насныхаа тэтгэвэрт гарч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтанд халаагаа шилжүүлэх гэж байна.

Хорь шахам жилийн туршид үе үеийн Засгийн газрууд олон улсын шинэ нисэх буудалтай болох хүсэлтэй байсан нь энэ онд ийнхүү нэг биеллээ оллоо. Ерөнхий сайд М.Энхболд 2006 оны 3 дугаар сарын айлчлалын аяны богцны гангараа болсон ганзагалаа нь олон улсын шинэ нисэх буудал барихыг дэмжих Японы Засгийн газрын нааштай хариу байв. Хэлсэн бол хийдэг нь япончуудын соёл. ЖАЙКА тэр ондоо багтаан ТЭЗҮ-ийг судалж шинжлээд эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк 28,7 тэрбум иенийн MON P8 зээлийн гэрээнд 2008 оны 5 дугаар сарын 1-нд гарын үсэг зурж УИХ соёрхон баталсанаар шинэ нисэхтэй болох шижгэр ажил шуударчээ. 2015 оны 4 дүгээр сард 36,8 тэрбум иенийн нэмэлт зээлийн гэрээ байгуулсан.

Анхны алхам хийснээс хойш 11 жилийн дараа тэр үеийн Ерөнхий сайд, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд олон улсын шинэ нисэх буудлаа хүлээж авах үе тохиож байна. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн жил Хөшигийн хөндийн нисэх буудал, УИХ-ын даргын айлчлалаар эхэлж буй. М.Энхболдын ирэх 2 дугаар сард Японд хийх айлчлал хоёр улсын Стратегийн иж бүрэн түншлэлийг Дунд шатанд гаргах, өнгөрсөн оны 11 дүгээр сард Засгийн газрын хүссэн мөнгө санхүүгийн дэмжлэгийг бодитой болгоход чиглэнэ. Ерээд оноос хойш Монголд хандивлагч орнуудыг тэргүүлсэн, хамгийн ойр гуравдагч хөрш нь Япон. Эдийн засгийн хувьд урд хөршөөсөө улам бүр хамааралтай болсоор байгаа Монголын хувьд Японтой тогтоосон түншлэл, харилцаа онцгой чухалд тооцогддог.

Жилд Монголын хүн амтай тэнцэхүйц 3 сая зорчигч хүлээн авах чадалтай, олон улсын шинэ нисэх буудлыг хүлээн авах тов хойшилж, 1 дүгээр сарын 20-ны өдөр болгон сунгасан. Японы Засгийн газрын 40 жилийн хугацаатай, жилийн 0,2 хувийн хүүтэй албан ёсны туслалцааны ангиллын хөнгөлөлттэй зээлээр, Японы “Мицубиши Чиёда” түншлэл Ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаж барьж босгосон Улаанбаатарын олон улсын шинэ нисэх буудлыг хүлээж авах хугацааг сунгасан хугацаа тов нь  1 дүгээр сарын 20-нд дуусгавар болж байна. Нисэх буудал барих ажил эхэлснээс хойш 1290 хоногийн дараа буюу 1 дүгээр сарын 10-нд хүлээлцэхээр гэрээндээ заасан байсан боловч 10 өдрөөр сунгасан юм. Улсын комисс нэгдсэн дүнгээ Засгийн газар танилцуулна гэж мэдэгдсэн. Нэгдсэн дүн нь гарахаас өмнө нэлэнхүй их зөрчил дутагдал олсоноо түрүүлж баахан зарлаж хөөрөлхөн орхисон. Улсын комиссын өмнөх шатанд үзлэг шалгалт хийсэн Техникийн комиссынхон  Ерөнхий гүйцэтгэгч “Мицубиши”, туслан гүйцэтгэгч “Самсунг”-ийн ажлаас 1164 зөрчил илрүүлсэн, түүнээс 240 гаруйг нь арилгуулсан гэж мэдээлсэн нь шинэ нисэх буудлыг хүлээж авах ажил ихээхэн ээдрээтэй болсоныг илтгэсэн билээ. Техникийн комисс дэлхийн эхний 50-д ордог хоёр том компанийн ажлаас ийм их “гологдол” илрүүлсэн гэсэн үг.

Тэр бүх зөрчил гэж үзсэн, хөвөрсөн урт жагсаалт нь онгоц буух, хөөрөхөд саад тотгор болохуйц, эсвэл нисэх буудлын үндсэн үйл ажиллагаанд нь ноцтой нөлөөлөхүйц асуудал мөн эсэх нь одоогоор тодорхойгүй. Зөрчил гэж олон улсын барилгын ажлын FIDIC  загварын гэрээгээр бол ноцтой хийцийн алдааг хэлдэг. Траншейны нүхний таган дээрх бичвэрийг монгол болгох зэрэг бол баталгаат хугацаанд нь сольчих эд. Зээл олгосон Японы Олон улсын хамтын ажиллагааны банк ч, чиг үүргийг нь хожим нь шилжүүлэн авч хариуцах болсон ЖАЙКА байгууллага ч, сонгогдож шалгарсан япон зөвлөх компани, гүйцэтгэгчид бүгд чанд нарийн дүрэм журам, чанга хатуу нөхцөл шаардлага, нэр хүндээ энэ удаад Хөшигийн хөндийд бүр мартчихсан ч юм болов уу гэмээр мянга гаруй их “зөрчил”-ийн эзэд болж таарах гээд байна. Чингис бондтой харьцуулахад төлөх хугацаа нь 4 дахин урт, хүү нь 20 гаруй дахин бага ч гэлээ зээл л бол зээл учраас ёстой л долоо хэмжиж, нэг огтолж байж хүлээж авах нь зүй ёсны хэрэг. Сөөм бүрээр нь нарийн нягт шалгасны дараа сая нэг хүлээж авах нь Монголын эрх ашиг.

Гагцхүү Засгийн газар   гарын үсэг зурж байгуулан, УИХ-ын соёрхон баталсан зээлийн гэрээний дагуу явагдаж буй том бүтээн байгуулалтынг хүлээж авах эсэх нэгдсэн шийдвэр нь эцэслэн гараагүй байхад баахан зөрчил олсон гэж түрүүлж зарлах, урьдчилаад “муу” дүн тавьчихсан мэт аашлах зэрэг нь тавьтир муутай, бодлого багатай, эрсдэлтэй үг үйлдэл. Бага ангийн багш хүртэл сурагчийн бодсон тоог шалгаж дуусаагүй байхдаа нэр усаар нь дуудаж муулж зарлаад байдаггүй. Олон улсын түвшний ажилд үг хэл, үйл ажиллагаа ч олон улсын хэмжээнд байх ёстой. Мэдээллийн тэнцвэрт байдал ч энэ удаа хангалтгүй. “ЖАЙКА”, “Мицубиши”, “Самсунг”-аас “Танайх ийм их зөрчил доголдолтой ажил хийсэн юм уу? гэж асуулт тавьсан хэвлэл алга. Нөгөөдүүл нь ч хамар дор хагархай гэгчээр хамаагүй дуугараагүй л байна. Том компаниудад нэр алдаж, хоч зүүхийг огт хүсдэггүй. Хугацаандаа ажлаа хийдэггүй, хар мянган гологдол зөрчил гаргадаг гэж хэлүүлэх гээд байж байдаг дутагдалтайгаа эвлэрсэн нөхөд лав биш гэдэг нь тодорхой.

Нисэх буудлын барилгын захиалагч нь ИНЕГ, гүйцэтгэгч нь гадаадын нэг аж ахуйн нэгж хэдий боловч  Монголын Засгийн газар, Японы JBIC банкны хооронд байгуулж, УИХ соёрхон баталсан мөнгө зээлээр босч буй бүтээн байгуулалт. Зээл авсан, өгсөн гэрээ нь олон улсынх ч гэлээ барилгын ажлын гэрээ нь зөвхөн Монголынх гэж зүтгэх боломж хомсхон. Ямар мөнгөөр боссон барилга билээ? Японы мөнгөөр гэнэ шүү дээ. “Өвсний үндэс” хөтөлбөр гэдэг шиг  үргүй үндэс, үндэсгүй мөчир гэх арга чарга багатай. Үндсэн зээлийн гэрээнээс нь барилгын ажлын хавсралтыг тусгаарлах, толгой, биеийг нь салгахад хэцүү. Олон улсын гэрээ хэлцэлд маргаан үүсвэл Олон улсын арбитрын шүүхээр шийдүүлдэг. FIDIC  хэмээх олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишгээр барилгын ажил явагддаг. Улс бүрийн дотоод стандарт өөр учраас ийм жишгээр зохицуулдаг дэлхийн тоглоомын дүрэмтэй, тэрийг нь ч зөвшөөрөөд байгуулчихсан гэрээ. Олон улсын гэрээ хэлцэл, олон улсын стандартын ажилд олон улсын хэмжээнд ажиллах ёстой.

Хазах шахам үзэж барилж, хэмжиж шалгаж хүлээж авахыг зорьж буй нь зөв ч олон улсын арбитрт дуудагдчихгүй, очлоо гэхэд уначихгүй, улс орноо торгууль төлбөрт нэмж унагачихгүйг хичээж, “Богд эзний хүүд бодол бий” гэдэгчлэн хандах ёстой. Дотроо бодолтой, дороо суурьтай ажиллахгүй бол дотоодын улс төр шигээ хөнгөн гоомой хандах эрх байхгүй, нарийн чимхлүүр эд. Зуны байшин, зуслангийн хашаа хүлээж авах гээгүй учраас тэр. Хөшигийн хөндийн хөшиг татав уу? Нуухыг нь авах гээд нүдийг сохлохгүй биз? Арбитрын шүүхэд арын хаалга, өврийн цонх гэдэг Монгол ойлголт байхгүй.

Б.Дамдин

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.