Адуу гаргахыг хориглож болсон, Хужаа мотоцикль оруулахыг хориглооч. Шадар сайд аа!

1484706956587ed48c3279aӨнгөрөгч 2016 оны сүүлчээр Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол түмний үнэт зүйл болсон адууг амьдаар нь хил гаргахыг хориглож, дээрх шийдвэрийн хэрэгжилтэд аймгуудын засаг дарга нарыг хяналт тавихыг үүрэгдсэн. Монгол адууг амьдаар хил гаргахгүй гэх энэхүү шийдвэрт морио дээдэлдэг ард иргэд ихээхэн баярлаж, сайдыг нүдээ олсон шийвдэр гаргалаа хэмээн амандаа тултал магтсан цаг саяхан. Тэгвэл манай улсад зам тээврийн осол гэмтэл гамшгийн хэмжээнд хүрч, цаашлаад Ази тивдээ ослоор амь насаа алдагсдын тоогоороо дээгүүрт бичигдэх болсоор удаж байгааг сайдад уламжлах нь илүүц биз.

Зам тээврийн осол тэр дундаа хятад мотоцикль унаж яваад осолдож амь насаа алдагсдын тоо жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрөгч 2016 онд гэхэд зөвхөн мотоцикльтой холбоотой зам тээврийн ослоор 58 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн нуруу нугасны гэмтэл авсан гэх харамсалтай тоо бий.

Мотоциклийн осол аваар нэмэгдэх болсон шалтгааныг албаныхан тал бүрээс нь тайлбарлаж байна. Түүний нэг нь хайлшин дугуйтай хятад мотоциклүүд манай хөдөөний бартаат замд тохирдоггүй. Иймээс хятад мотоцикльтэй явсан иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг хэлж байна. Түүнчлэн аймгийн засаг дарга нар өвлийн улиралд мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон захирамж гаргадаг хэдий ч тэр бүр хэрэгждэггүйгээс өнөөдрийг хүртэл иргэд амь насаа алдсаар байна.

Тиймээс эрхэм Шадар сайд та монгол хүлгийг хилээр гаргахгүйгээр шийдвэрлэж чадсан шигээ эрдэнэт хүний алтан амь насыг авч одох энэ аюулт “хүлэг”-ийн жолоог хазаарлахад анхаарлаа хандуулахыг хүсье.

Манай Улсад хэрэглэгдэж байгаа мотоциклийн 90 орчим хувь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гэсэн албан ёсны судалгаа бий. Ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэж буй мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.

Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарч амь насаа алдахад нь шууд нөлөөлдөг аж. Учир нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай. Иймд иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байх шаардлагатай юм.

Түүнчлэн удахгүй болох сар шинийн баяраар хятад мотоциклийн хэрэглээ ихэсч, түүнийгээ дагаад осол гэмтэл нэмэгддэг. Мотоциклийн осолд нэг орсон л бол нуруу, нугас болон тархи, үе мөчний маш хүнд гэмтэл авах, эсвэл амь насаа алдах маш том эрсдэлтэй тулгарч байдаг тул аль болох Хятадын хайлшин обудтай мотоцикл сонгохгүй байх, өвлийн улиралд унахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

-ОСЛЫН 99 ХУВЬ НЬ ХЯТАД МОТОЦИКЛТОЙ ХОЛБООТОЙ-

Импортын мотоцикльтой холбоотой тоо баримтыг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн статистикаар үзүүлбэл, манай улс 2015 онд гаалиар 36.9 мянган ширхэг, 2016 оны нэгдүгээр улиралд 5.5 мянган ширхэг мотоцикль импортолсон байна. Эдгээр мотоцикль нь ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Япон зэрэг улсаас ирдэг ба борлуулалтын ихэнх хувийг БНХАУ-ынх эзэлдэг аж. Эдгээр нь олон улсын стандартын асфальтан замын мотоциклиуд байдаг. Манай улсад хот, хөдөө, хар зам, шороон зам гэх мэт газруудад зориулан үйлдвэрлэгдсэн иргэдийн нийтлэг хэрэглээний мотоциклийн стандарт байдаггүйгээс осол аваар буурахгүй байна.

Мотоцикльтой холбоотой зам тээврийн осол нь тухайн жолоочийн замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй, дүрмийн мэдлэг хомс, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддог, хэн дуртай хүн нь жолооддог, хамгаалах малгай өмсдөггүй, улирлын чанартай унааг жилийн дөрвөн улиралд хэрэглэж ихэвчлэн уул хад, бартаа ихтэй замуудад согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн давхиснаас шалтгаалж байгаа юм. Үүний хажуугаар манай улсад оруулж ирдэг БНХАУ-ын мотоциклиуд нь манай нөхцөлд тохирохгүй гэдгийг Замын цагдаагийн газраас хэлж байна. Үүнд:

1. Хайлшин обудтай учир хурдтай явж буй үед чулуунд цохиж бутрах аюул өндөр байдаг.

2. Мотоциклийн хүндийн төв доороо байх байтал дээрээ байрладаг нь мөн адил осол гарах том аюул болж байна.

Мотоциклийн жолооч нартай холбоотой зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 110 орчим хүн нас барж, мөн төдий тооны хүн бэртэж гэмтэн хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Энэ оны эхний улиралд 17 хүн амиа алджээ. Замын цагдаагийн газар болон эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо хоорондоо зөрүүтэй байгааг албаныхан онцолж байлаа. Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр:

-Ослын 99 хувийг хятад мотоцикль эзэлж байна.

-Өвөрхангай, Булган, Завхан, Ховд аймагт нас баралт өндөр байна.

-Ослын 42.2 хувь нь малаа бэлчээх, эргүүлэх үед гарчээ.

-Нийт ослын 71.2 хувь нь шороон зам дээр гарчээ.

-Судалгаанд хамрагдсан осолд өртөгсдийн 93.4 хувь нь хамгаалалтын малгай хэрэглээгүй бөгөөд 46.9 хувь нь толгойдоо гэмтэл авчээ.

-Цаг агаарын ердийн нөхцөлд нийт ослын 59 хувь нь гарсан байна.

-МХГ-ААС МОТОЦИКЛЬ ЭЗЭМШИГЧТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЭЭГҮЙ-

Гамшгийн хэмжээнд хүрсэн гэж болохуйц дээрх асуудалтай холбогдуулж Мэргэжлийн хяналтын байгууллага тандалт судалгаа хийж байжээ. Судалгааны дүгнэлтээр иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд хагарч цуураад осолддог болох нь тогтоогджээ. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас гарсан байдаг аж.

Осолд орж буй хүмүүсийн 251 нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэнэ. Түүнчлэн осолдсон мотоцикльтой эздийн 72 хувь нь мотоциклио улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар аваагүй зөрчил ч гарсан байна.

Аймгуудад мотоциклиор хүн тээвэрлэх зориулалтаар ашиглах нь элбэг. Тухайлбал Дорнод, Баян-Өлгий, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн төвд 258 ширхэг мотоцикль үйлчилгээнд явж байгаа. Өнгөрсөн онд хүн тээвэрлэж явсан мотоцикльтэй иргэд осол гаргасны улмаас 10 хүн амь насаа алджээ.

Манай хуульд мотоцикль эзэмшигч, ашиглагч, тэдгээрт хяналт тавих харилцааг зохицуулсан тодорхой заалт, холбогдох эрх бүхий байгууллагаас хэрхэн ашиглах талаар зөвлөмж, зааварчилгаа байдаггүй учир Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломжгүй байдаг гэнэ.

Эх сурвалж: Medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.