Тараа таниулсан 30 хоног

6390

Сунгаа шувтрах шатандаа орж, АН-ын даргад нэр дэвшигчид тараа ч таниуллаа. 30 хоног харвасан сум шиг жирэлзээд өнгөрсөн ч нэр дэвшигчдийг таниулахад багадахгүй хугацаа аж. Хэрэв Их хурлаас намын даргыг нийт гишүүдээрээ сонгох шийдвэр гаргаагүй бол хэн нь энэ намын ачааг үүрээд явах лидер бэ гэдэг сонголт хийхэд гишүүдийнх нь хувьд бэрх л байсан болов уу. Одоо бол эргэлзэж, тээнэгэлзэх асуудал гарах нь юу л бол… Хэн нь бодлого ярьж, зарчим барьж явсныг, хэн нь попдож зогссоныг, хэн нь эрх мэдлийн төлөө бусдынхаа нуруу руу хутга зоохоос ч сийхгүй аашилсныг намын гишүүд нь харсан. Нүд үнэнч, чих худалч гэж үг бий. Өнгөрсөн 30 хоног нэр дэвшигчдийн багийг хуулсан, мөн чанарыг нь таниулсан өдрүүд байлаа.

 

 

Шинэчлэлийг зөвхөн Л.Гантөмөр хийх үү?

 

 

 

Нэр дэвшигч Л.Гантөмөр инженер мэргэжилтэй, Японд боловсрол эзэмшсэн нэгэн. Сунгаанд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг гурвыгаа өвөөгөөр нь дуудаж, худраггүй загнав. Мөнхийн залуугаараа явах юм болов уу даа. Гэхдээ намын шинэчлэлийг зөвхөн залуучууд хийдэг юм гэх үгийг хэн хэлээд байгаа юм бэ. Үнэндээ хөгжилд хүрсэн дэлхийн том гүрнүүдийн удирдагч, намын лидерүүд нь бүгд л 50-иас дээш насныхан байдаг. Энэ бол залуу гэхээс илүүтэй, туршлага улс орныг жолоодоход хамгийн чухал үнэлэмж болж буйг харуулж байгаа болов уу.

 

БНХАУ-ын удирдагч Си Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Японы ерөнхий сайд Ш.Абэ, энэ долоо хоногт тангараг өргөх АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп нар хэдэн настай билээ. Нэр дэвшигч попдмоор санагдсан юм уу, өөрийгөө залуу болгох гээд бусдыгаа доош хийсэн нь нэмэх оноо авчирах бус хасах оноо дагуулав. Хоёр дахь алдаа нь бодлого ярих ёстой атал нэр дэвшигч Н.Алтанхуягийн өнгөрсөн жил нээлтийг нь хийсэн чацарганы үйлдвэр ашигтай ажиллаж чадахгүй тухай ярьж, хадуурав. Намын даргад өрсөлдөж байгаа хүн бусдын бизнес ярих ямар хэрэгтэй юм бэ. Үйлдвэрийн ашигтай ажиллах, ашиггүй ажиллах нь Л.Гантөмөрт үнэндээ падлийгүй. АН-ыг шинэчлэх бодлого байна уу, зарчим байна уу гэдэг л чухал. Харамсалтай нь зарчмаа ч барьсангүй, бодлогоо ч ойлгуулж чадахгүй явсаар сунгаагаа шувтлах боллоо. Одоо түүнд алдсан оноогоо цуглуулж амжих хугацаа бий гэж үү. Дээр нь нам удирдах нь битгий хэл дүүргээ УИХ, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ялагдуулсан дарга.

 

 

Ж.Батзандан явахгүй

 


 

 

Сунгаанд эрх зүйч мэргэжилтэй хоёр хүн өрсөлдөж байгаагийн нэг нь Ж.Батзандан. Түүнийхээр бол энэ намыг төмсөгтэй, аймхай хүмүүс удирдаж чадахгүй гэнэ. Мэдээж аймхай хүн нам байтугай юуг ч удирдаж чадахгүй нь ойлгомжтой. Харин төмсөгтэй юу, төмсөггүй юу гэдэг хэнд хамаатай юм бэ. Намын даргын сунгаа бол төмсөгний уралдаан биш. Эцсийн эцэст намыг бодлоготой, зарчимтай хүн л удирдана. Ийм байтал хэл нь халтирсан уу эс бөгөөс марзан юм ярихаар бусдаас оноо татна гэж бодсон уу, ийм нэг ойлгохын аргагүй сонин зүйл ярьж, гишүүдийнхээ элэг доог болов.

 

Ийм хүн АН-ыг удирдах уу. Дээр нь Ж.Батзандан хэн билээ дээ, албан тушаалд очихын тулд намаа зарахдаа ч сийхгүй гэдгийг нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хэзээний зарлачихсан. Хууль зүйн сайд байсан хүний амнаас хариуцлагагүй үг унах ёсгүй.

 

Н.Алтанхуягт дахин итгэл үзүүлэхийг хүсэхгүй байна

 

 

Сунгаа эхэлсэн эхний өдрүүдээс Л.Гантөмөр, Ж.Батзандан нарт балбуулж яваа нэр дэвшигч бол Н.Алтанхуяг. Гэсэн ч цухалдсангүй, “Ингээд л байгаа хүндээ” гэж инээд алдсаар сурталчилгаагаа үргэлжлүүлж явна. Гудамжинд явсан намыг Засаг барих хэмжээнд аваачсан гавьяа бий ч Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа намынхаа нэр хүндийг шороотой хутгасан нь эргээд өнөөдөр хариуцлага болж бууж байна. Мөн намын их хурлыг хуралдуулалгүй найман жил болсон, Үндэсний зөвлөлдөх хороог “Алтан гадас” фракцаар хайрцагласан зэрэг алдаанууд нь дахин итгэл үзүүлэх аргагүй болгосон гэдгийг гишүүд нь сануулж байна.

 

Нуруу зааж яваа нь Д.Эрдэнэбат

 

 

Бодлого ярьж, зарчим барьж, нуруу зааж яваа нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат юм. Инженер мэргэжилтэй. Ширүүн, шазруун гэдэг ч АН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялалт байгуулах гол ажлыг нугалсан хүн гэж үнэлэгддэг. Тэрбээр 2008-2012 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Анх ажил авахад нь намын хороод нь хоёр даргатай, хоёр тамгатай болсноос эхлээд хөл, толгой нь олдохгүй болтлоо бужигнасан намыг нэг зүгт харуулж багцалж чадсанаараа Ардчилсан намыг ялалтад хүргэж чадсан. Нам асуудалд ороход түүнд л ачаа даах үүрэг ногддог. 2016 оны УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс түүнийг орон нутгийн сонгуулийг удирдан орох даалгавар өгсөн нь ийм учиртай.

 

Хугацаа богино байсан ч намын гишүүдээ хурцлаад сонгуульд орсон, гурван дүүрэг, 100 гаруй суманд ялалт байгуулж, танагтай л суудал авсан. Харин сүүлийн өдрүүдэд түүнийг Хятадын эрлийз гэж цоллох болсноос харахад нэр дэвшигчид дотроос нь нисгэж буй бор шувуу юм болов уу даа. Сонгууль болгоноор л биенээ ингэж муухай харагдуулахыг оролддог. Гэхдээ намынх нь гишүүд түүнийг гал тогоог барьж явсан учраас суралцах гэж цаг алдахгүй, туршлагаараа залуурдаад өнөөгийн хүндрэлээс нь гаргачихна, мөн намд шинэчлэлийг ч хийж чадах лидерийн нэг гэж харж байна.

 

Дайчин С.Эрдэнэ

 

 

Бодлогоо ч ярьж, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарт хүнээрээ байхыг сануулж яваа ганц дайчин бол С.Эрдэнэ. Эрх зүйч мэргэжилтэй. УИХ-ын сонгуульд ч, орон нутгийн сонгуульд ч дүүргээ авч гарсан дайчин. Гол нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад “Шонхор”-ынхон гол рольтой оролцсон, 2016 оны УИХ-ын сонгуульд АН есхөн суудал авах хүртлээ арчуулсны хариуцлагыг үүрэх ёстой гэж гишүүд нь сануулж байгаа. Гэхдээ “Шонхор”-ынхон энэ тулаанд орсны гол шугам нь байр сууриа алдахгүй байх.

 

З.Болормаа

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих