АН-ын даргаар нам дамжсан бүлэглэлийн төлөөлөгч сонгогдох ёсгүй

7149

Энэ үгийг АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж буй Ж.Батзандан хэлсэн. Тэрбээр “Монголын төр бүлэглэлийн гарт орсон. Алтанхуяг даргыг хэлмэгдүүлээд  байгаа, ах дүүсийг нь барьж хориод байгаа нэг том бүлэглэл бий. Нам дамжсан тэр бүлэглэлийн гарт Монголын төр тарчлан зовж байна. Энэ бүлэглэлийн төлөөлөгч АН-ын даргаар сонгогдох ёсгүй” хэмээн өөрийн бодлоо илэн далангүй илэрхийллээ. Түүнийг үгээ хэлсний дараа АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж буй таван эрхмийн дунд тэрхүү нам дамжсан, Н.Алтанхуяг болон Монголын төрийг тарчлааж буй бүлэглэлийн бие төлөөлөгч байгаа юм байна гэсэн ойлголт цугласан олны дунд бий болсон бөгөөд С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нарыг хардах янз цухалзах болов. Н.Алтанхуягийн “Монголын баялгийг сорчилж өмчлөөд байгаа, нийгмийг ялзруулаад байгаа нам дамнасан бүлэглэлийн толгойлогч нь манай Ерөнхийлөгч болчихжээ” хэмээн хэлсэн, орон даяар шуугиан тарьсан алдарт мэдэгдэл бий.

Сайн, муугаа ил тод ярилцан, нууж явсан үгээ, шивнэж хэлдэг санаагаа чангаар ярилцах таатай уур амьсгал сунгааны явцад бий болжээ

Эндээс харахад уг бүлгийн толгойлогч нь Ц.Элбэгдорж юм бол түүний олон жилийн алба, амины анд С.Эрдэнийг хардаж буй АН-ын гишүүд дэмжигчдийг буруутгах аргагүй. Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Ганбаатар, М.Батчимэг нарын дэмжлэгийг авч буй Лу.Гантөмөрийг уг бүлэглэлийн хүн байж болзошгүй гэж хардаж байгаа хүмүүсийг ч бас буруутгах аргагүй. Гол ололт нь гэвэл АН-ын даргын сунгаа энэ намын гишүүдэд үнэнийг таниулж, ойртон нягтрах, ойлголцох боломж авчирч байгаагаараа сайн талтай. Ийнхүү сайн, муугаа ил тод ярилцан, нууж явсан үгээ, шивнэж хэлдэг санаагаа чангаар ярилцах таатай уур амьсгал сунгааны явцад бий болжээ. АН-ын даргын сунгаанд оролцож буй таван эрхэм тус намын эгэл гишүүдэд өмнө нь ойлгомжгүй байсан олон нөхцөл байдлыг  таван талаас нь задлан тавьснаар сүүлийн жилүүдэд энэ намд юу болоод байгааг, яагаад томчууд нь хоорондоо таарахаа байсныг ойлгож мэдэх бололцоо олгож буй юм.

Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг ахлан ажиллаж байх үед нь тэрхүү нам дамжсан бүлэглэлийн зүгээс удаа дараа ирж байсан дарамт шахалт, шоронд хорино гэж хүртэл сүрдүүлэх болсон талаар яриандаа тодорхой дурдахаас энэ удаа ч айсангүй. Энэ мэтийн дарамт, сүрдүүлгээс улбаалан Монголын ардчилал үндсээрээ аюулд ороод байгааг тодорхой баримттайгаар гарган тавьж, үүсээд байгаа хүндрэлээс хэрхэн гарах боломжтойг өгүүлсэн. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Монгол хүн 2020″ хөтөлбөрт хайртай байдгаа хэлээд, энэ хөтөлбөрийг бодлогын төвшинд боловсруулахын тулд эх орноо тойрч, ард түмнээсээ санал авч байж хийсэн гэдгээ онцолсон. Тэрээр энэ үгээрээ АН өнөөг хүртэл бодлогогүй явж ирсэн мэтээр ярьж буй Ж.Батзандан, Лу. Гантөмөр нарт хариу өгөх гэсэн ч байж болох. “Монгол хүн 2020″ хөтөлбөрийг хөгжлийн чиг баримжаа бүхий баримт бичиг болгон батлах үед Н.Алтанхуягийн хэлсэн “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах юмсан” хэмээсэн үгийг ишилж сонсогдоно билээ. Мөн Д.Эрдэнэбат ялсан үед ялаа шиг шавж байдаг замын хань АН-д байсан, цаашдаа ч байх болно. Гэхдээ бид хууртагдах ёсгүй. Ирээдүйн АН-ын төлөө, уруудаж гацсан ардчиллыг сэргээн авч явахын төлөө хамтдаа урагшилж, зөв сонголтыг зүрх сэтгэлээ сонсож хийхийг гишүүддээ уриаллаа.

УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдал АН-ыг төдийгүй, Монголын ардчиллыг эргэлзээнд оруулсан талаар таван нэр дэвшигч дуу нэгтэй онцолж, ардчиллыг аврахын тулд намаа шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг очсон газар бүртээ сануулж байлаа. Нэр дэвшигч С.Эрдэнийн амнаас Баянгол дүүрэг хэмээх үг олонтаа гарч байсан нь түүнийг дүүргийн хэмжээний хүн гэх шүүмж дагуулж, “Монгол Улс, АН хоёрыг нэг дүүрэг шиг бодоод байж таарахгүй” гэх хатуухан сануулга авчирсан. С.Эрдэнэ Баянгол дүүрэгт АН 100 хувь ялсныг дуулгаад, 2020 он ялалтын жил байх болно хэмээсэн цөс хөөргөсөн үгсийг ихэвчлэн хэлж байсан бол Ж.Батзандан “Миний анд нар аа, журмын найз нар аа, Батзандан чинь ирлээ…” хэмээн үг өгүүлбэрээ эхэлж буй нь хоосон сүржигнэл мэт сонсогдож байсныг нуух юун. Лу.Гантөмөрийн хувьд намын анхан шатны байгууллагыг шинэчилж, бүх шатанд гишүүдээ сонсдог нам байх нь чухлыг онцолж байлаа. БСШУ-ны сайд асан тэрээр 1000 инженерийг Японд суралцуулах тухай ярихаа мартсангүй. УИХ-ын сонгуулийн үеэр энэ талаар хангалттай сонссон гишүүдэд уг амлалт  шинэ мэдээ биш байсныг хэлэх хэрэгтэй. Нэр дэвшигчдийн дундаас аргагүй л намын ажлын туршлага, улс төрийн туулсан замналаараа Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар илүүрхэж байсан бөгөөд үүнийхээ хэрээр бодитой, тулхтай асуудал хөндөж буй нь олон хүний талархлыг хүлээж, цугларсан олон үе үе алга ташилтаар мялааж байлаа.

Монголд анх удаа намын даргын сонгуулиа ил тод, орон даяар, ардчилсан зарчмаар явуулж буй АН-ын энэ шинэлэг алхам ардчилагчдыг ойртон нягтруулж, тэдний унтарсан итгэл найдварын галыг асаасан нь энэхүү сунгааны ололт

Таван нэр дэвшигч АН алдаагаа засч, эв нэгдлээ сэргээн, ард түмний ардчилалд, төрд итгэх итгэлийг эргүүлэн авчрахын төлөө ажиллах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа нь тэдний илтгэлээс харагдаж байсан агаад өнөөгийн Монголын тулгамдсан асуудал бол дүр үзүүлсэн ардчилал гэдгийг онцолсон. Тэдний хэн хэн нь нам дамжсан бүлэглэл төрд бий болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, тэрхүү бүлэглэлийн нэг гар хөл нь АН байж таарахгүй гэдгийг хэлсэн үгэндээ дурдсан нь Монголын улс төрийн мухардал, өнөөдрийн бодит байдлыг илэрхийлсэн том дүгнэлт болсон гэж хэлж болно. Тэрхүү бүлэглэлд багтаагүй хүн хохирдог, АН-ын гишүүн л бол хэлмэгддэг байдал давтагдах ёсгүйг Д.Эрдэнэбат онцгойлон дурдсан бол Н.Алтанхуяг “Үгэнд ороогүй хэн нэгнийгээ шоронд барьж хорьдог ардчиллын төлөө бид яваагүй. Өнөөдөр Гансүх маань 200 мянга байсан нүүрсийг 80 мянган төгрөг хүртэл өуулгаж, ард түмэнд хямдхан хүргэснийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулан шоронд хоригдож байна. Ийм хэлмэгдэл дахин давтагдах ёсгүй” хэмээн бухимдуухан өгүүлж байлаа.

Зөвхөн өнгөрсөн алдаа дутагдлаас гадна сунгаанд өрсөлдөгчид АН-ын бий болгож чадсан ололт, амжилтын талаар ярьсан нь олон хүний урам зоригийг сэргээж, итгэл төрүүлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Чингис бондоор 1110 үйлдвэр байгуулж, аймаг, сумын төвүүдэд их бүтээн байгуулалт өрнүүлэн, хавтгайрсан халамжийг халсан зэрэг шинэчлэлийг эргэн сануулж, нийслэлийг бүрэн өөрчилж чадсан Э.Бат-Үүлийн ололт, айлаас гуйхаар авдраа уудлан зүтгэсэн өдөр хоногууд, түүний өгөөжийн талаар хийсэн дүгнэлтээ дуулгасан нь уулзалтын уур амьсгалыг таатай болгосон юм. Энэ талаар Н.Алтанхуяг “АН монголчуудад итгэл найдвар авчирсан нь хамгийн том өгөөж байлаа. Гэтэл АН ялагдмагц тэр итгэл найдвар бөхсөн. Монголчууд алдагдсан итгэл найдвараа эргүүлэн авч, АН-тай хамт хөгжих ёстой” гэдгийг урам зориг дүүрэн хэлсэн.

Нээрэн л айдсаас өөр чиг баримжаагүй, тодорхойгүй, бүүдгэр нийгэмд АН л хөгжлийн гал асааж, улс шиг хөнжиж, хүн шиг амьдрах итгэл авчирч чадсан билээ. Одоо ч АН-ын мянга мянган гишүүд намаа засаад төрөө эмхэлж, дахин энэ бүхнийг эхлүүлж чадна гэдгийг эх орноо нар зөв тойрон аялсан АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид  очсон газар бүртээ нотолсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Юутай ч Монголд анх удаа намын даргын сонгуулиа ил тод, орон даяар, ардчилсан зарчмаар явуулж буй АН-ын энэ шинэлэг алхам ардчилагчдыг ойртон нягтруулж, тэдний унтарсан итгэл найдварын галыг асаасан нь энэхүү сунгааны ололт ажээ.

Г.Гэрэлмаа


URL:

Сэтгэгдэл бичих